Ажилд ороход бөглөдөг анкетед байдаг гайхалтай асуултууд

И-мэйл Хэвлэх PDF
За тэгээд Монголдоо ирээд нэлээд хэдэн газар аппликэйшн бөглөж үзлээ. Эндээс харахад тэр анкет дээр хөгжилтэй асуултууд их байх юм аа.
1, Монголын нэг томоохон санхүүгийн байгууллагын анкет дээр "Таны биеийн байдал зүгээр үү? та эрүүл үү? таны юу чинь илүү их өвддөг эсвэл өвдөх магадлалтай вэ?" гэсэн асуулт байлаа. Нэлээд инээлээ. Уучлаарай тэр байгууллагаа, хүний эрүүл мэндийн асуудал зөвхөн миний л асуудал шүү. Энэ тухай ч "Хувь хүний нууцын тухай хууль"-д заасан байдаг юм. Яахав, тодорхой эрүүл мэнд бие бялдар шаардсан ажил бий л дээ. Тэхдээ миний хандсан ажил бол тэр биш байсан юм.  

2, Ер нь ихэнхи ажлын анкет дээр яс, үндэс гэсэн асуулт заавал байх юм. Миний санахад энэ асуулт хүнийг яс, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн Үндсэн хуулийн заалттай мөн ч сайхан харшилж байгаа юм шиг ээ. Жишээ нь энэ талаар анкет цуглуулсан хүний нөөцийн ажилтан ингэх л юм байна л даа. За энэ нөхөр чинь торгууд юм байна тэнцэхгүй ээ, за энэ буриад дураак чинь энд үхсэнээ хийж яваа юм болоо хасна аа гэх мэт. Энэ асуулт зүгээр ямар үндэстэн бэ гэж байхад л болох шиг ээ. Би л лав Монгол гээд л бөглөөд явуулчдаг байсан.

3, Нэг хувийн компанийн анкет дээр таны болон танай гэр бүлийн хүний ураг төрлийн байдал гээд бүүр задлаад юу бичих вэ гэдэг дээр эцэг, эх, өвөг эцэг, өвөг эх, аав, ээжийн дүү нар, төрсөн ах дүү нарын мэдээлэл гэсэн байсан. Уучлаарай л гэж хэлсэн дээ.

Шог шог асуултуудыг дурдаад байвал барагдахгүйн. Эцэст нь нэг жишээ хэлэхэд манай нэг том номын сангийн ном авах захиалгын хуудас дээр мөн л Яс үндэс гэсэн хэсэг байж л байх юм. Ном авахад үхсэн элэнцэгийн нь яс үндэс хэрэгтэй юм болоо. Гайхалтай.    

Б.Батжаргал /Австралиа/

Сэтгэгдэл нэмэх