Монголын төрийн албан хаагчдын ёс зүй ба захиалгат ярилцлага.

И-мэйл Хэвлэх PDF
П. Батжаргал. Австрали улс.
Саяхан БГД ийн Засаг Дарга Л. Амгалан нь хуучин БГД-ийн Засаг Даргаар ажиллаж байсан Цогтбаатарыг хүнээр зодуулжээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээлэл дээр гарчээ. Уг мэдээлэлийг Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. / 1 /  
Үүний хариуд Л. Амгалан нь Би ухрахгүй, бас няцахгүй гэсэн гарчигтайгаар ярилцлага өгчээ. Ярилцлагыг нэрт сэтгүүлч Б. Ганчимэг хийжээ. /2/. Энэ ярилцлага эхнээсээ л захиалгатай ярилцлага болох нь мэдэгдэж байна.  Уг нь их зөв асуултаар эхэлж. Таныг Цогтбаатарыг захилгаар зодуулсан гэж хэвлэлд гарсан байна. Энэ талаар ярина уу...

-  Амгалан дарга. Би ярилцлагаа ийм бэлэг дэмбэрэлгүй хариултаар эхэлмээргүй байна гээд хариулсангүй явж. Энэ асуултыг асуух ёстой байсан. Хамгийн гол асуулт бол Хөрөнгө,орлогын мэдүүлгээ ямар учраас худлаа бөглөсөн юм бэ, түүнд нь ямар хариуцлага оногдохыг мэдэж байна уу гэж асуух байсан юм. Уг нь сурвалжлагч нь ч, мөн олон нийт ч энэ асуудалд хариулт авахыг хүсэж байгаа билээ. Даанч сурвалжлагч энэ асуултыг асуугаагүй байлаа.

Жирийн уншигч би ярилцлагыг дуустал уншсан боловч өөрийн хүссэн асуултандаа хариулт авч чадсангүй ээ.

Л. Амгалан дарга төрд өндөр алба хашиж байгаа цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм байна. Төрд 27 жил ажиллаж байгаа туршлагатай хүн юм. Сүүлийн жилүүдэд албан тушаалын шатаар өгссөн, одоо нуруундаа даашгүй хүнд ачаа үүрч яваа, өдөр шөнөгүй л ажлаа хийдэг хүн юм байна. Волейболын спортын мастер, энэ нь багаар төрд ажиллахад их хэрэг болж байгаа. Эмэгтэй хүн болохоор нь эрчүүд хэл амаар дайрч байгаа юм байна. Эмэгтэйчүүдээ ингэж ядарсан, доройгоор нь далимдуулж хэвлэлээр дайрдаг нь Монгол байдаг л зүйл болсон юм байна. Ингэж дайрч байгаа нь ч тэр Цогтбаатарын зөв гэж ярьсан байх юм. Энийг би даанч ойлгож чадсангүй. Сонин байгаа биз. Төрд өндөр алба хашиж байгаа хүмүүс ингэж номхон хүлцэнгүй хэвлэл  мэдээллээр доромжлуулж байгаагаа байх л зүйл, ийм юм өмнө ч байсан, хойшид ч байх болно гэж хэлж байх юм.

Өөр лүү хэвлэл мэдээллээр дайрч байгааг хүлээн зөвшөөрч байна гэдэг өөрөө буруутай хүний шинж болов уу. Харин ч төрд ажиллаж байгаа хүмүүс нэр төрөө дор дор нь элдэв хэл амнаас цэвэрлэж байх үүрэгтэй.  Хүнийг үндэслэлгүй доромжилсон, нэр төрд нь халдсан хүмүүсийг шүүх, цагдаад өгч зохих хариуцлага тооцож байх хэрэгтэй.

Хэвлэл мэдээллээр  сэвтсэн нэрээ энэ мэтчилэн нэр хүндтэй сэтгүүлчидтэй захиалгат ярилцлага хийж сэргээнэ гэж бодвол эндүүрэл бизээ.

Өнгөрсөн жилээс эхлэн Баянгол Дүүргийн Засаг Дарга Л. Амгалан  хөрөнгө, орлогын мэдээллээ худалаа мэдүүлсэн, тэрийг нь АТГ-аас  илрүүлж, хуулинд заасны дагуу арга хэмжээ  авахыг холбогдох дээд шатны байгууллагад буюу Нийслэлийн Засаг дарга Г. Мөнхбаярт олон удаа мэдэгдсэн боловч арга хэмжээ авсангүй. Харин ч АТГ нь алдаа гаргасан, тэгээд ч БГД-ийн Засаг Дарга  Л. Амгалан нь төрийн ажлын туршлагатай манай шилдэг төрийн ажилтан, удирдах ажилтны нэг, ийм хүмүүсээ ажлаас нь халаад байвал хэн төрийн ажлыг хийх вэ гэж мэдэгдэж байх юм.

Хууль биелүүлээгүй хүмүүсийн буруу биш харин ч дарга хүмүүст хууль үйчилдэггүй болохыг Нийслэлийн ЗД Г. Мөнхбаяр мэдэгдэж байх юм. Уг нь  Г. Мөнхбаяр  дарга тэдний ажилд хяналт тавьж, ажлаа хийж чадаж байгаа эсэх, мөн төрийн ажлыг нэр цэвэр, шударгаар хийж байгаа эсэхийг олон түмэнд ил тод мэдэгдэж байх үүрэгтэй байх ёстой баймаар. Гэтэл алдаа дутагдал гаргасан байсан ч өмгөөлөн хамгаалж байгаа нь даанч тоогүй. Ингэж өөгшүүлдэг эрх мэдэлтэнгүүд байгаа болохоор Л. Амгалан мэтийн хүмүүс дураараа  дургих нь түмэн зөв юм./ 3, 4 /

Ардчилсан, хууль ёсоо даган биелүүлдэг оронд бол хуулийг хүн бүхэн дагаж мөрддөг, төрд өндөр алба хашиж байгаа хүмүүс, энэ тал дээр өөрсдөө үлгэрлэн манлайлдаг. Тэд өөрсдийн хашиж буй ажил алба, нэр хүндэд сэв суулгах  мэдээлэл гарсан даруйд өөрсдийн зөв, эсвэл  буруутай эсэхээ олон нийтэд зарладаг. Буруутай бол буруугаа хүлээж, ажил албан тушаалаа өгдөг, буруугүй бол өөрийн буруугүй болохоо баримтаар нотлон илэрхийлж, нэр хүндээ цэвэрээр нь хамгаалан үлдэж, олон нийтэд тархсан  эргэлзээг тайлдаг. Тиймдээ ч төр, засаг нь цэвэр тунгалаг байж, хүн ард нь төр засгаа хүндэтгэж байдаг. Монголд маань даанч энэ байдал урвуугаар эргээд удаж байгааг төрд алба хашиж байгаа албан тушаалтнууд болох Г. Мөнхбаяр, Л. Амгалан нар харуулж байна.

Төрд алба хашиж байгаа хүмүүс нэр цэвэр, ёс зүйтэй байх хэрэгтэй. Ингэж байж төр маань цэвэр тунгалаг байна. Түмэн олон маань төрөө хүндэтгэнэ.

Ашигдсан материалууд.
 1. http://www.news.mn/news/section=home/page=index#0.8789375106415216
 2.  http://publish.news.mn/show/id=951
 3.     http://www.news.mn/news/section=home/page=index#0.29997378226428084
4.    http://www.news.mn/news/section=home/page=index#0.8271122203121671

Сэтгэгдэл нэмэх