Мэдээ мэдээлэл
Вашингтон ДС орчмын оюутан залуусын КЛУБ
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Wednesday, 25 July 2012 12:21
- Үзсэн: 509
Америкт суралцаж байгаа монгол оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд илт ихэсчээ. Энд ажиллаж амьдарч байгаа монголчуудын адилаар суралцаж байгаа оюутнууд ч янз бүр. Зарим нь ажил хийж, визээ хадгалахын тулд "сурч" байгаа бол зарим нь төрийн сангийн зээл болон боломжтой эцэг эхийн буянгаар, ихэнх нь өөрийн боломж чадлаа шавхаж дайчлан суралцаж байна. Магистр болон докторантурын сургалтад хамрагдаж байгаа залуусын тоо ч нилээд нэмэгдэж буй. Ямартай ч энэ олон залуус өндөр хөгжилтэй оронд суралцаж байгаа нь олзуурхууштай.
Сүүлийн жилүүдэд АНУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын нэгдэл болон бие биенээ дэмжих хандлага нилээд идэвхижлээ. Одоогийн байдлаар Сан-Франиско, Лос-Анжелос, Бостон, Денвер, Чикаго, Вашингтон ДС хотуудад оюутан залуусын байгууллагууд байгуулагдан зохих хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байна. Нийтийг хамарсан байдлаар Лос-Анжелос, Сан-Франциско хотуудад сүүлийн 2 жил дараалан зохион байгуулагдсан "Надад хэлэх үг байна" нэртэй монгол оюутнуудын илтгэлийн уралдаан өргөжиж, бага боловч үр дүнгээ өгч эхэлж байгаа. Энэ арга хэмжээ ирэх жил Чикаго хотод зохион байгуулагдах юм.Энэ жилийн наадмын өмнөхөн АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотноо монгол оюутан залуусын хэд хэдэн удаагийн уулзалт, санал солилцох ярилцлагууд болж тэд өөрсдийн нэгдэл болон хамтын ажиллагааны эхлэл болгон "ДС орчмын оюутан залуусын КЛУБ"-ыг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа. Энэ уулзалт ярилцлагуудаас анзаарч байхад:
1. Оюутан залуус АНУ-д янз бүрийн шугамаар ирж суралцаж байгаа болохоор энэ явцад өөрт хуримтлагдсан туршлага болон ажиглалт, дүгнэлтээ бусадтайгаа хуваалцахыг хүсч байна.
2. Цаашдаа өөрсдөө зөв сайнаар хөгжихийн тулд хувь хүний төлөвшил болон үзэл бодол, санаа зорилгоо бусадтайгаа хуваалцахыг хүсч байна.
3. Олдож байгаа амралтын бага хугацаандаа бие биетэйгээ найзлан нөхөрлөж, бие биенээ таньж мэдэн хамтдаа хөгжихийг хүсэцгээж байна.
4. Өөрсдөө хөгжиж ухаарахын хэрээр, боломжоо нэгтгэн бусаддаа тусалж, аль болох сайнаар нөлөөлж, үр дүнтэй хамтран ажиллахыг хүсэцгээж байна.
5. Тэд арай алсыг харж, энэ нэгдлээрээ дамжуулан Монгол орны хөгжил, монгол залуусын сэтгэлгээний өөрчлөлтөд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Тэд энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд:
- 7 хоног бүр нэг өдөрт тодорхой чиглэл, сэдвээр уулзалт ярилцлага зохион байгуулж байхаар боллоо, Энэ санаачлагыг дэмжиж тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг САКУРА компани байраа ашиглуулж байхаар болсон юм. Хаяг нь: 2420 Wilson Blvd \Lowel Level\
Arlington VA 22201
-Mөн фейсбуук дээр "DC орчмын МОНГОЛ ЗАЛУУСЫН КЛУБ" нэрээр групп үүсгэн гишүүнчлэлээр бүртгэж, байнгын мэдээлэл солилцож байгаа.
-Сар бүр олон нийтэд зориулсан бодит ажил зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Мөн бусад хотуудад үйл ажиллагаа явуулж буй оюутан залуусын нэгдэл болон байгууллагуудтай мэдээлэл солилцон, бие биенээ дэмжин хамтран ажиллахаар зорьж буй.
Үйл ажиллагаагаа багаас эхлэн аажим аажмаар өргөжүүлэн далайцтай хүрээнд ажиллахыг зорилгоо болгон тавьжээ. Мэдээж заавал гишүүнчлэл гэхгүйгээр аль болох олон залуусыг энд хүрэлцэн ирж, бие биетэйгээ танилцан найзалж нөхөрлөн, зөв сайн хөгжлийн төлөө хамтдаа зүтгээсэй гэж хүсч байна. Ийм хүсэл сонирхолтой хэн боловч одоогоор энэ үйл ажиллагааг зохицуулж байгаа доорхи залуустай холбогдож болно.
Хишгээ Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 703 371 1756
Нямсүрэн Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 703 639 8131
Мөнхцолмон Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. 571 265 7306
Монголчууд бидний эв нэгдэл, хөгжилд энэ залуусын ийм нэгдэл заавал нэмэр болноо.
Г.Галбадрах










