Tue05212013

Last updateTue, 21 May 2013 1am

 
 
Back Та энд байна: Home Мэдээ мэдээлэл Гадаад Мэдээ Ч.Баттуулын хэрэг прокурорт шилжжээ

Мэдээ мэдээлэл

Ч.Баттуулын хэрэг прокурорт шилжжээ

 

АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг шунахайн сэдлээр зургаан удаа буудан хөнөөсөн 24 настай Ч.Баттуулд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн байна.

Ч.Баттуул нь Америкийн иргэнийг бизнес хийе хэмээн Монголд аваачсан бөгөөд 10 мянган долларыг нь авах зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд  Төв аймгийн Цонжин болдгийн ойролцоо аваачиж зургаан удаа буудан амийг нь хөнөөж, цогцсыг нь нуусан байсныг хоёр сарын дараа манай хууль хяналтынхан уг хэргийг илрүүлж, сэжигтэн этгээд болон Ч.Баттуулыг цагдан хорьж байсан билээ.

 

Хоригдох хугацаандаа тэрбээр хэргээ хүлээж эхэлсэн бөгөөд талийгаачийн мөнгийг авахын тулд шунахайн сэдэлтээр уг хэргийг үйлдсэн болохыг нь тогтоосон. Мөн хэрэгт холбогдуулан түүний нөхөр, ахыг нь хамт хорьсон ч холбогдолгүй хэмээн сулласан. Харин өнгөрсөн сард түүний дотны хоёр найзыг саатуулсан юм. Тэд “Найз маань хүн алчихлаа. Туслаач гээд гуйгаад байхаар нь цогцсыг зөөлцсөн” хэмээн мэдүүлж байсан билээ.

 

Хэргийн талаар манай сонинуудад гарч байсан материалуудаас:

 

Ч.Баттуул америк эрийг ганцаараа хөнөөсөн хэмээн мэдүүлжээ

 

-ТҮҮНИЙ АХ БОЛОН НАЙЗ ЗАЛУУГ СААТУУЛЖЭЭ-

АНУ-ын иргэн 45 нас­тай Жон Мартин Кийнийг онц хэрцгийгээр хөнөө­сөн байж болзошгүй хэ­мээн Дархан-Уул айм­гийн харьяат 24 настай Чулуунбаатарын Баттуул гэх эмэгтэйг цагдан хо­риод байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэ­дээл­лээр хэрэгт сэжиглэг­дээд байгаа Ч.Баттуул нь "Би энэ хэргийг үйлдсэн. Зургаан удаа буудаж хө­нөөсөн. Бас цогцсыг нь шатаасан. Хэдэн яс үлдэ­хээр нь цасанд булчихсан байгаа" гэх утга бүхий мэдүүлгийг цагдаа нарт өгчээ. Бүр Жон Мартин Кийний цогцсыг шатаа­гаад үлдсэн яс болон бусад эд эрхтэнг нь нуу­сан гэх газраа зааж өгчээ. Цагдаа нар хэрэгт сэжиг­лэгдээд буй Ч.Баттуулын хамт Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Цон­жинболдог цогцолборын ойролцоох газар руу энэ сарын 7-нд явж цогцсыг  олжээ. Гэхдээ цасан доо­роос гаргаж авсан цогцос хэн болох нь танигдахгүй болтлоо шатсан байсан учир шинжилгээнд өгсөн байна. Удахгүй шинжил­гээний хариу гарах гэнэ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Ч.Бат­туул ганцаараа хэргийг үйлдсэн гээд байгаа бо­ловч цаана нь бүлэг этгээд байж болзошгүй хэмээн цагдаагийнхан үзэж, түү­ний  ах нь болох Ч.Бат­сай­хан, найз залуу Ням­дорж нарыг өнгөрсөн бям­ба гаригт саатуулжээ. Мөн Жон Мартин Кий­нийг буудаж хөнөөсөн гэх   "Сайга" маркийн ангийн бууг шинжилгээнд өгчээ. Ч.Баттуул нь хэргийг ган­цаараа үйлдсэн гээд бай­гаа боловч болсон явд­лын талаар тодорхой мэ­дээлэл огт ярихгүй байгаа юм билээ.

Ч.БАТТУУЛ ГЭГЧ ХЭН БЭ

Баттуул нь сэхээтэн гаралтай айлын отгон охин юм байна. Аав нь физикийн багш, ээж нь орос хэлний багш мэр­гэжилт­тэй аж. Дархан-Уул айм­гийн харьяат бө­гөөд тэнд төрж өсчээ.

Харин тавдугаар ангиасаа хо­тод ах, эгчийн хамт сурдаг болжээ. Ингээд сургуулиа төгсөөд Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн хүнсний ан­гид орон суралцаж байжээ. Энэ хавар сургуулиа төгсөх байсан гэнэ. Дархан-Уул аймгийн ШУТИС-ийн захиргаа БНХАУ-ын Тай­ва­нийн хүнсний сургуультай гэрээ бай­гуулж 2010 оны наймдугаар сард арван оюутныг нэг жилийн хуга­цаатай суралцуулжээ. Тэдгээр арван оюутны нэг нь Ч.Баттуул байсан юм байх. БНХАУ-ын Тай­ва­нийн хүнсний сургуульд сурал­цаж байхдаа талийгаач Жон Мар­тин Кийнтэй танил болсон юм байх. Ингээд нэг жилийн дараа эргэж ирээд сургуулийнхаа хажуу­гаар ажил хийдэг байсан гэнэ. Мөн багш нараасаа даалгавар авчи­хаад хотод ажиллаж байжээ. Түү­ний талаар найз нөхдийнх нь  хэлж буйгаар нэлээд царайлаг, өндөр нуруутай, хичээлдээ сайн нэгэн гэнэ. Дуу дуулах сонирхолтой аж.

МИНИЙ ОХИНД ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ  ХЭРЦГИЙ ЗАН БАЙХГҮЙ

Ч.Баттуулын ар гэрийнхэн охиноо онц хэрцгийгээр хүний  амь хөнөөсөн гэж  итгэхгүй байгаагаа хэлж байна лээ. Мөн охиныг маань хэн нэгэн дарамтлаад байгаа юм биш биз гэх хардлага төрөөд байгаа аж. Энэ талаар түүний аав Чулуунбаатараас  цөөн асуултад хариулт авлаа.

-Охины чинь талаар асуух гэсэн юм аа. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Аав, ээжийнхээ халуун өврөөс гараагүй шахуу нялх хүүхдээ тийм аймшигт хэрэг үйлдсэн гэж бодох­гүй байна.  Мөн нас биед хүрсэн эр хүн 24 настай турь муутай охинд алуулна гэж баймааргүй юм. Охин маань хэн нэгний өмнөөс хэргийг үүрээд байгаа юм биш байгаа гэж бодогдоод байх юм. Охинтойгоо хамгийн сүүлд цагаан сарын өмнө хоёрдугаар сарын 4-нд уулзсан. Ажил дээр инээгээд л ирсэн. "Дип­лом хамгаалах багштайгаа уул­заад явж байна. Өнөө орой буцна. Тэгэхгүй бол ажил хэцүүднэ. Охин нь удахгүй ирнэ. Та ажлаа сайн хийж байгаарай" гээд л явсан. Тэр үед ямар ч гэмт хэрэг хийсэн шинж­гүй инээгээд л явж байсан. Аавдаа эрх­лээд л.

-Танай хүүг цагдан хориод байгаа гэсэн үү?

-Харин тийм. Хоёр хүүхэд маань хэрэгт сэжиглэгдээд хоригдож байна. Ёстой л дээшээ тэнгэр хол,  доошоо газар хатуу гэгчээр л юм болж байна даа. Гэхдээ хэрэг бүрэн шийдэгдээгүй байна шүү дээ. Тэр болтол харна. Би хувьдаа охиноо тийм хэрэг үйлдэх хүн биш гэж бодож байгаа. Миний охинд тийм хэрцгий зан байхгүй. Гэрийн хүмүү­жил ч сайн. Хичээлдээ "А" сураад л явдаг хүүхэд.

-Танай охиныг найзууд нь  их шударга зантай гэж байна лээ?

-Миний охин дэндүү шударга зантай. Болж бүтэхгүй байгаа юмыг шууд л нүүрэн дээр нь хэлнэ шүү дээ. Харин дараа нь хар буруу зүйл санаагүй их цагаахан сэтгэл­тэй. Юм болгоныг болгох гээд хичээгээд явж байдаг.

-Жон Мартин Кийн гэгчийг та таних уу?

-Огт харж байгаагүй ээ. Сонин дээрээс л зургийг нь харлаа. Охин нэг удаа л Тайваньд сурч байхдаа хятад эхнэртэй америк хүнтэй танил болсон талаараа хэлж бай­сан. Мөн тэдний гэр бүл надад их сайн байдаг гэж л ярьж байсан. Мөн "Монголд ирмээр байна" гээд байх юм гэж ярихаар нь "Зуны дэлгэр цагт ир гэхгүй юу, өвөл болж бай­хад юу үзэх гэж ирэх юм бэ" гэж хэлж байсан. Хоригдсоноос нь хойш огт уулзаагүй.

Жон Мартин Кийн нь Агаарын цэргийн хүчинд алба хаасан гэнэ. Тайваньд эхнэр хүүхдийн хамт амьдарч байжээ. Жон Мартин Кийн Монголд энэ оны нэгдүгээр сарын 5-нд хилээр орж ирсэн тухай бүрт­гэл Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт байна. Тэрбээр БНСУ-ын "Кореан айр" компанийн онгоцоор тухайн өд­рийн үдэд манай оронд иржээ.  Талийгаач Жон Мартин Кийний сайн найз гэх Остандар Амери­кийн томоохон сайтуудад "Кийн Тай­ваньд байхдаа нэгэн монгол бүс­гүй­тэй сайн найз болсон. Бүс­гүй Кийнд Монголын нийслэл Улаан­баатар хотод "Шүрэн гүүр" /Coral Bridge/ нэртэй зочид буудал, рес­то­ран барья гэсэн санал та­виад зочид буудлыг ажиллуулах төлөв­лө­гөө болон зураг төслийн ажлыг танилцуулж байсан гэсэн" хэмээн ярилцлага өгчээ. Хэрэгт сэжиг­лэг­дээд байгаа Ч.Баттуул нь талий­гаачийн ээж рүү нь "Кийн ээж­тэй­гээ холбогдож чадахгүй байгаа­даа уучлал гуйж байна лээ" хэмээн талийгаачийн өмнөөс хол­бог­дож  байсан гэх мэдээлэл бай­на. Та­лийгч Жон Мартин Кийн Тай­ваньд амьдарч байхдаа Тайванийн техно­ло­гийн их сургуульд англи хэл заа­даг байжээ. Тэнд эхнэр Хуэй Йенг­тэйгээ гэрлэж охинтой болжээ.

 

 

Жон Мартин Кийны эхнэр Нэнси Ли: Сэжигтэн Ч.Баттуул нөхрийн маань хайртай шавь байсан

 

Монголд ирсэн өдрийнхөө маргааш алуулсан АНУ-ын иргэн Жон Мартин Кийны эхнэр Нэнси Литэй манай сайтын сэтгүүлч фэйсбүүкээр холбогдон ярилцлаа. Нэнси Ли одоо Тайваний Тайнан хотод амьдардаг, 50 настай эмэгтэй ажээ. Тэрбээр нөхрийнхөө үхэл, хэргийн сэжигтний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Нэнси Ли манай сайтад сэжигтний зургийг өгсөн хэдий ч бид хэрэг шалгагдаж дуустал олон нийтэд дэлгэхгүй хүлээхээр шийдлээ. Тэрбээр гэр бүлийнхээ зургийг өгөхөөс татгалзсан ч хэргийн талаар өөрийн мэдэх бүхнээ бидэнтэй хуваалцлаа.

 

-Сайн байна уу? Би Монголын 24tsag.mn сайтаас холбогдож байна. Юуны өмнө таны нөхөр хүний нутагт амиа алдсанд эмгэнэл илэрхийлье. Нөхрийн тань үхлийн талаар танд ямар нэгэн мэдээлэл ирсэн үү?

-Баярлалаа. 2012 оны гуравдугаар сарын 13-ны өдөр АНУ-ын элчин сайдын яамнаас над руу залгаж нөхрийн маань цогцос олдсоныг мэдэгдсэн. Хэрэг илрээд бараг долоо хонох гэж байхад надад дахиж мэдээлэл ирүүлээгүй байна. Нөхрийн маань цогцсын задлан шинжилгээний тайланг ч явуулаагүй байна.

 

-Тэгэхээр та нөхрийнхөө цогцсыг ямархуу байдалтай олдсоныг мэдэхгүй байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Энэ талаар АНУ-ын элчин сайдын яамаас асуухаар хэргийг шалгаж байгаа учраас тодорхой хариу өгөх боломжгүй байна гэсэн. Миний хадам ээж Маргарет Кийн Жоны цогцсыг Монголоос авчрах ёстой. Гэхдээ би түүнтэй энэ сарын 16-аас хойш холбогдож чадахгүй байгаа.

 

-Талийгчийн ээж Маргарет Кийн Монголд ирсэн юм болов уу?

-Сайн мэдэхгүй байна. Миний и-мэйлд 16-ны өдрөөс хойш хариу өгөөгүй. Хэрвээ ээжтэй холбогдвол танай сайтад даруй мэдээлэх болно.

 

-Та Жон Мартин Кийныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйн талаар мэдэх үү?

-Мэднэ ээ. Нөхөр маань Тайваний технологийн их сургуульд англи хэл заадаг байлаа. Сэжигтнээр татагдсан эмэгтэй түүний шавь байсан. Сэжигтэнг /эхнэр нь алуурчин гэж ярьж байв/ Ч.Баттуул гэдэг. Ч.Баттуул түүний хайртай шавь нь байсан учраас нөхөр маань түүнд их сайн хандаж туслахыг хичээдэг байсан.

 

-Та ер нь сэжигтэнтэй уулзаж байв уу?

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард бид Ч.Баттуулыг гэртээ урьсан. Жон тэр үед өөрийн гараар пицца хийн түүнийг дайлж, Монгол руу буцах онгоцны билет авахад нь хүртэл тусалсан. Билет авсан ёсоор бол Ч.Баттуул өнгөрсөн оны долдугаар сард Монголд очсон байх учиртай. Ч.Баттуул манай нөхөрт өөрийнх нь гэр бүл Монголд алтны бизнес эрхэлдэг гэж ярьж байсан. Тэгээд ресторан, зочид буудал нээх санал тавьж нөхөр маань итгээд Монгол руу явсан юм.

 

-Та нар талийгчийг алга болсноос хойш сар гаруйн дараа хайж эхэлсэн гэсэн. Эхэндээ мэдээгүй юм уу?

-Хадам ээж Жоныг нэгдүгээр сарын тавны өдөр Монголд очихоос нь өмнө Ч.Баттуулд 10 000 америк доллар явуулсан. Түүнд Монголд хэрэгжүүлэх бизнесээ эхлэхэд ийм хэмжээний мөнгө хэрэгтэй байсан. Нөхөр маань над руу болон ээж рүүгээ нэгдүгээр сарын зургааны өдөр залгасан. Үүнээс хойш и-мэйл болон утсаар огт холбогдоогүй. Харин дараахан нь Баттуул бидэн рүү и-мэйл явуулж эхэлсэн. Жоныг завгүй байгаа бөгөөд и-мэйл явуулж чадахгүй байгаад уучлаарай гэж байна гэдэг байв. Эхэндээ бид итгэж байсан. Олон удаа энэ үйлдэл давтагдаж, хоёрдугаар сарын сүүлээр биднийг хуурч байна гэж сэжиглэсэн. Тэгээд АНУ-ын элчин сайдын яам болон Төрийн департментад мэдэгдсэнээр түүнийг хайж эхэлсэн юм.

 

-Та хоёрыг охинтой гэдгийг мэдсэн. Охин тань аавынхаа алагдсан талаар мэдсэн үү?

-Охин маань 12 настай. Каролин Мария Кийн гэдэг. Аавынхаа үхлийн талаар мэдсэн. Сэтгэл санааны хувьд маш хэцүү байгаа ч Тайваньд амьдардаг хамаатнууд маань биднийг дэмжиж байна. Хэрвээ нөхөр маань амьд байсан бол ирэх зургадугаар сард болох охиныхоо бага сургуулийн төгсөлтийн баяр дээр ирэх байсан.

 

-Та нөхрийнхөө хэргээр Монголд ирэх үү?

-Үгүй ээ. Бидэнд тийм санхүүгийн боломж тааруу. Энд санхүү тааруу болохоор л нөхөр маань илүү сайхан амьдрал мөрөөдөж, сайхан бизнес эрхлэхээр Монголд очсон.

 

-Дахин эмгэнэл илэрхийлье. Бидэнтэй холбоотой байгаарай.

 

Comments   

 
0 #1 Guest 2012-06-22 16:47
Ийм юм болсон юм уу? Аймаарын...
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио