Thu07242014

Last updateThu, 24 Jul 2014 2pm

 
 
Back Та энд байна: Home Уранзул.Д “САЙН БАЙНА УУ?- Хоёр

“САЙН БАЙНА УУ?- Хоёр

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан Үд хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Mонголчуудын 4 дүгээр чуулганд зориулан гаргасан сэтгүүлд нийтлэгдсэн Д.Уранзулын  ярилцлагын цувралаас...

Индианагийн Их Сургуулийн номын санд эрхгүй татагдаж, ном гарчиглаж суудаг боллоо.  “Сайн байна уу” гэх дуунаар гайхан харвал нэгэн монгол гэр бүл инээмсэглэн зогсож байв. Хариу мэнд мэдэн хаанаас хаа хүрч явааг нь сонирхвол Влүүмингтонд ахлах сургууль төгсөж буй охин Г.Халиуныхаа төгсөлтийн баярт оролцохоор Монголоос зорьж ирсэн залуус аж. Монгол жоохон гэдэг худлаа байх нь дэлхий бас жоохон ажээ.

Хаа байсан хэдэн тив алгасаад Америкийн Индиана мужийн бэсрэгхэн Влүүмингтонд бүр тодруулбал Индианагийн Их Сургуулийн номын санд монгол хүнтэйгээ гар барин уулзана гэдэг гайхмаар  ч юм шиг. Залуусын нэр Содномын Гансүх, Болдын Шүр. С.Гансүх 15 жил гаруй Монголын түүх соёлын үнэт бүтээлийг сурвалжлан цуглуулж, сэргээн засварлаж улмаар “Мөнхийн урлаг” эртний эдлэлийн галарей байгуулж, “Нүүдэлч Монголын сод бүтээлүүдийн дээжээс” бүрдсэн хувийн цуглуулгаасаа 102 бүтээлийг тайлбарлан толилуулсан цомогоо тус сургуулийн номын санд өргөн барихаар ирсэн нь түүний бас нэг зорилго ажээ. Төр засгийн аливаа оролцоогүйгээр төрсөн нутаг, эх орноо гэх сэтгэлийн дуудлагаар түүний хийж бүтээж буй үйл ирээдүй хойчид өвөг дээдсийн минь агуу их соёл, нандин өвийг хадгалан өвлүүлж өөр хаанахын ч биш зөвхөн бурханч лам Г.Пүрэвбатын томьёолсончлон “монгол түмний бусдаас ялгагдах  соёлын үнэт дархлаа бий болгох” их үйлсэд ханцуй шамлан зүтгэж яваа  хувь хишиг, гүйлгээ ухаан, хөдөлмөрч чанарыг нь үнэлэхгүй байхын арга алгаа. Өөрийн эрхгүй сэтгэл бадарч  бахархах гэдэг үг ч багадмаар их үйлсийн эхний даваагаа амжилттай давчихаад дараагийн даваагаа хэрхэн давахаа төлөвлөж яваа С.Гансүхийг Монголын хөх тэнгэр, өвөг дээдсийн минь сүр их сүлд ивээх болтугай!

-:Өөрийн тань удам угсаанд уран дархан ч юм уу, угсаатны зүйн мэдлэгтэй хүн байсан уу? Хуучны эд зүйл цуглуулах сонирхол, эд таних мэдлэг тань юунаас эхтэй вэ?

-:Манай өвөө наймааны ухаантай хүн байсан. Намайг дунд сургуульд байхад хаш соруулаа хурдан удамтай унагатай гүүгээр сольж байсан нь санаанаас гардаггүй юм. Багадаа эмээлийн тоног, ёншгойт цуглуулдаг байсан  маань хуучны эд зүйл цуглуулах эхлэл байсан юм болов уу. 1991 оноос Манзашурын хийдэд нэг жижигхэн бэлэг дурсгалын мухлаг  ажиллуулснаас  эхэлж эртний эд зүйл цуглуулах хобби маань сүүлдээ бараг л мэргэжил болсон. Дараа нь 1994 онд Төв музей дотор ажиллуулж байсан бэлэг дурсгалын дэлгүүрээ  ахиулан “Халиунтрэвэл” компани  болон өргөжөөд байна. Эртний эд зүйлийг олж цуглуулж, наймаа солио хийж, заримын нь  засан сэлбэсээр өөрийн гэсэн галарей байгуулах хэмжээний цуглуулгатай, олон жилийн дадлага туршлага, ажиглалт зэрэгтээ дөрөөлж эртний эдлэлийн талаар чамламгүй хэмжээний мэдлэг хуримтлуулсан.

-:Хүмүүс эртний эд зүйлсээ өөрт тань үзүүлж зөвлөгөө авдаг гэсэн. Таны хоббиг хөндсөн эд зүйл юу байна?

-: Эд зүйлсийнхээ талаар хүмүүс  нэлээд асууж ирдэг. Өөрийнхөө чадлын хэмжээгээр тусалж хэлж ярьж өгдөгдөө. Ер нь цаг хугацаа өнгөрөх тусам эртний эд зүйл улам  л үнэ цэнэтэй болж, эд бүхэн өөрийн, хэрэглэж байсан эзнийхээ түүхийг өгүүлж байдаг учир эртний гэсэн бүхэн сайхан. Миний хобби, сонирхлыг хөндсөн түүх соёлын эртний эд зүйлс нэлээд байдаг. Жишээлбэл манай улсын эрдэнэсийн санд хадгалагдаж байдаг  наймдугаар Богдын “чуна мана” хөөрөг бол ёстой гайхалтай.

-:Цуглуулгад тань орж ирсэн хамгийн эхний үнэ цэнэтэй түүх дурсгалын зүйл юу байв? Амитаба буюу Авид бурхныг би урьд нь үзээгүй юм. Таны цуглуулгаас улсын өмчид байхгүй ховор нандин эд зүйлсийг үзэж нүд, сэтгэл  баяслаа. Мөн Марзан Шаравын зурсан Богд гэгээний хөрөг их сонирхол татлаа, цуглуулгадаа байгаа зарим нэг сонин содон зүйлсээ танилцуулна уу?

-:Анхны үнэт зүйл бол Бурхан багшийн цутгамал. Дараа нь найзаасаа дөрвөн мутарт Жанрайсаг бурхан худалдаж авч байлаа.  Авид бурхан, Өндөр Гэгээн Занабазарын урласан хэд хэдэн Ногоон, Цагаан дар эхийн цутгамал, шашины эд зүйлүүд нэлээд байгаа. Аз гэхүү хувь тавилан гэх юм уу их ховор шашины чиглэлийн зээгт наамал, танка, шороон зураг болон ахуйн эд хэрэглэлүүд олж авсан. Мөн найзаасаа эртний уран дархцуулын хийсэн зургаан мөнгөн аяга дээшээ харсан сав хэмээн билэгшээж худалдаж авснаас эхэлж аяганы цуглуулга маань 70 гаруй  давтагдашгүй хийцээр баяжигдаад байна. Цаашид ч эрлээ үргэлжүүлнэ гэж боддог. Шарав зураачийн шороон будган зургийн эх хувь, жаазыг нь хоёр өөр хүнээс, мөн хичээнгүй сайд Балингийн Цэрэндоржид насны ойгоор нь бэлэглэсэн мөнгөн завьяаг олж авсан. Алтадмал суурьтай цагаан лавай байгаа. Ихэнх лавай нар зөв эргэсэн эргүүлэгтэй байдаг бол буруу эргүүлэгтэй, за даа малаар бол гурван эвэртэй ч гэх юм уу тийм сонин тогтоцтой ховор лавай бий. Миний цуглуулгад ирээд 10-аад жил болж байгаа нууц таринийн ёсны  сахиус гүргүүлийн хосгүй дэлгэмэл алт, шороон будаг, мөнгө шүрэн мартан зураг үнэхээр гайхалтай. Ер нь монголчууд  гайхамшигтай уран гоё, билэгдлийн хийцтэй малгай, гутал, хувцас хунараасаа өгсүүлээд олон чамин эд зүйл хэрэглэж байсан тансаг хэрэглээний арвин баялаг өвтэй, их хувь заяатай ард түмэн гэж бодож явдаг. Эрэгтэй хүний эд хэрэглэлийг аваад үзье л дээ. Хөөрөг, гаанс, хэт, бэл цахиур, эмээлийн гоёо гээд. Чулуу, алт, мөнгө, зэс гээд есөн эрдэнийг гарынхаа ураар хосгүй амилуулж, аливаад ёс төртэй хандаж ирсэн том соёл өнөөг хүртэл бидэнд өвлөгдөж иржээ. Үүнийгээ дагаад Тожил, Ерөнтэй, Чавганц,  Чоймбол, Шарав, Түвдэн,  Гэндэнсамба, Базар гээд цуутай  дархцуул тодрон гарч ирсэн. Сүүлийн үеийн манай залуучуудаас  өмнөх үеийнхээ шийрийг хатаасан уран дархцуул төрөн гарч байгаад бахархаж явдаг.

-:Зураг танка бусад эд зүйлсийг хадгалахад хэр бэрхшээлтэй байдаг вэ? Стандартын дагуу хадгалж хамгаалж чадаж байна уу?

-: Энэ тал дээр нэлээд асуудалтай байгаа. Усан тахил өргөх замаар чийгшүүлж, гуу жааз хийж ёстой л хөрвийн аргаар арчилдаг. Хэд хэдэн газар дэлхийн алдартай музей үзэж явахад бүхэл бүтэн лаборатори ажилдаг юм билээ. Магадгүй цаашид хоёр гурван зуун жил наслах бүтээлийг буруу хадгалснаас насын нь богиносгох бий гэдэг дээр сэтгэл зовж явдаг.

-:Эртний эд зүйлс олж авах сонирхол сүүлийн үед нэлээд элбэг болсон шиг байна. Манай хосгүй үнэт зүйлс гадаадад ч их гарах болж. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-: Би өөрийгөө учиргүй их огшиж хөөрдөггүй ч эх оронч гэж бодож явдаг. Өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн хосгүй сайхан үнэт өв хууль бусаар гадагшаа гарч, эсвэл эвдэж сүйтгэгдэж байгаад үнэхээр сэтгэл хямарч явдаг. Бидний хэдэн залуус сэтгэл зориг нэгдэн үнэт өвийг гадагш нь алдахгүй өөрийн орондоо, төрхөмд нь байршуулж, хадгалах хамгаалах зорилгоор 2003 онд Монголын эртний эд цуглуулагчидын холбоо байгуулж, ерөнхийлөгчөөр  Үндсэн хуулийн цэцийн Н.Жанцан гуай ажилладаг. Өнөөдрийн байдлаар  бидний санаж бодож зорьж явсан зорилго маань эхнээсээ биелж анхны хувийн музей бий болж тэр хэмжээгээр үнэт их өв сан нутагтаа хадгалагдах боломж бүрдэж байна. Хойч үедээ хүргэх гэсэн бидний санаа зөв учир заяа бас түших байхаа.    Хүмүүс миний цуглуулгыг үзэхээрээ худалдаж авах санал тавьдаг. Би ховор гар урлалаа хүнд өгдөггүй ээ. Тархац элбэгтэй эд зүйлсийг ямар нэг цуглуулгаар дагнаж буй, сонирхсон хүмүүст нэмэр болох үүднээс мөн бизнесийн шаардлагаар худалдаж сольдог.

-:Хувийн цуглуулагчидын санал санаачлагыг төр засгаас дэмжиж байна уу?

-:За даа энэ тал дээр үнэндээ ямар ч дэмжлэг байдаггүй. Уул уурхай ч гэх юмуу  ашигтай бизнес рүү хөл алдаад гүйгээд байдаг, яг үндэсний өв соёлоо хамгаалах тал дээр санал санаачлага гаргадгүй. Хэд хэдэн удаа улсаа төлөөлж гадаадад үзэсгэлэн гаргаж байсан. Тодорхой санал холбогдох хүмүүст тавьж байсан боловч эргээд холбогдодгүй, хариу өгдөггүй, шийдвэр гаргадгүй. Манай төрийн албан хаагчидын тухайлбал гаальчидын мэдлэг дутуугаас үнэт өвийг гадагш нь алдах, авилгад өртөх, эртний бус өнөөгийн гар урлалыг ялгаж салгаж чаддаггүйгээс  хилийн чанадад гаргах гэхээр маш их хүнд суртал, чөдөр тушаа болдог гээд шүүмжлээд байвал нэлээд зүйл байна. Төрийн бодлого үнэндээ алга. Төр мөнгөгүй дээ биш, сэтгэл хэрэгтэй байна. Би хятадаас өөрийн орны эртний он тооллын хэд хэдэн бурхан, дарьганга хийцийн мөнгөн аяга олж авч байлаа. Ер нь энд тэнд явж байхад манай улсын харъяалалтай эд зүйлтэй нэлээд таарч байсан. Боломж л байвал авахыг хичээдэг. Сайхан сайхан ховор нандин цуглуулгаар дагнасан хүмүүс байна. Хэдийгээр хувийн өмч боловч энэ бол монголын оюун, соёлын их өв шүү дээ. Хадгалах хамгаалах дээр тусалдаггүй юмаа гэхэд олны хүртээл болгох, гадаадад монголоо сурталчилахад ашиглаасай гэж боддог. Биднийг эртний эд зүйл худалдаж өндөр ашиг олдог гэж буруугаар ойлгох тохиолдол байдаг. Эд эзнээ олдог гэдэг гарт орж ирсэн ховор эдийг хадгалахыг л хичээнэ шүү дээ. Миний сонирхлыг гэр бүлийн хүн маань бүрэн дүүрэн дэмждэг учир их түшиг болж хоюулаа л ижил хоббитой болоод байна.

-:Танай гэр бүлийн цуглуулгаар гаргасан  цомог тань монголдоо хувийн хоёрдахь цомог болж байна. Цаашдын зорилго тань юу вэ?

-: Хувийн анхны цуглуулгын цомогийг таван жилийн өмнө манай холбоог үүсгэн байгуулагчидын нэг А.Алтангэрэл гаргасан. Хоёрдахь нь биднийх. Энэ цомогоо гаргах гэж 2 сар гаруй нойр хоолгүй зүтгэсэн. Фото зургийг Л.Элбэгзаяа мэргэжлийн түвшинд авч, судлаач, орчуулагч,найз нөхөд туслалцаа үзүүлсэнд их баярлаж байна. Бидний цаашдын зорилго  хувийн музей байгуулах. Өөрийн гэсэн жуулчны бааз байгуулсан, түүнийгээ түшиглэн сүм музей байгуулахаар төлөвлөж түүндээ Азийн Моно Лиза гэгддэг 4 метр өндөртэй, Өндөр гэгээн Занбазарын тэгээр Ногоон дар эх бүтээж залах санаа төрөөд байгаа.

Энэ ажилд минь нэлээд хөрөнгө мөнгө шаардагдана.

Санаж явбал бүтнэ гэдэг дээ гэх даруухан яриатай, энэ залуу гэр бүлийн хийж бүтээж буйг мянга сонсохоор нэг үз.  Ойрынх нь очоод, холынх нь www.mongolianantique.mn, WWW.KHALIUNTRAVEL.COM  сайтаар ороод үзээрэй. Нүд баясаж, сэтгэл хөглөгдөнө шүү. 


Comments   

 
0 #5 Guest 2012-01-09 04:41
harin ch Mongolinhaa unet zuiliig hairlaj, deedelj hadgalj yavj bga hun yum bish uu? Mundag baina tsashdaa ushuu iim mundag Mongolinhaa urlag soyoliig oilgodog humuus ih bolosoi! :-)
Quote
 
 
0 #4 Guest 2011-03-09 09:45
Yamar baharhaltai yum be. Mongolun hosgui unet hovor zuilsiig tsugluulj hoich uedee uldeej bgaa undesnii tsugluulagch mash olon boltugai. www.mongolianantique.mn bainga orj uzeerei humuusee.
Quote
 
 
0 #3 Guest 2010-12-04 20:03
ern ene huuchnii yum tsugluulagchid hulgaich nariig davruuldag baih shuu shalgah heregtei,,ern tuvd manj hyatadiin garaltai shuu ene burhan urlana gedeg n
Quote
 
 
0 #2 Guest 2010-08-12 18:02
khereb tiim baisan bol udiid barigdsan bailgui. Kharin TUB muzein darga ni khamag umaa khjdaduudad zarsnaa khuleen zubshoorson gene lee
Quote
 
 
0 #1 Guest 2010-08-11 06:12
Tuv muzei, Bogd haany muzei zergees aldagdsan uzmeruud iimerhuu nuhduudiin garaar l ordog baihdaa. 8) Shalgah heregtei shuu!
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио