You are here: Нийтлэл тэмдэглэл Түүх Бодичаръяавадара-ын Монгол орчуулгууд болон тайлбаруудын тухай товч тойм

Бодичаръяавадара-ын Монгол орчуулгууд болон тайлбаруудын тухай товч тойм

И-мэйл Хэвлэх PDF

2010 оны 6 сарын 26-ны өдөр АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам болон Монгол Соёлын Төвөөс Вашингтон хотноо "Монгол судлалын 4-р бага хурал"-ыг зохион байгуулсан билээ. Энэхүү хурал дээр хэлэлцэгдсэн "Бодичаръяавадара-ын Монгол орчуулгууд болон тайлбаруудын тухай товч тойм" илтгэлийг та бүхэнд толилуулж байна. Илтгэгч нь Сонинбаярын Хүслэн (Вашингтон Ди Си)

Бодичаръяавадара-ын Монгол орчуулгууд болон тайлбаруудын тухай товч тойм

Бодичаръяавадара-г Энэтхэгийн мэргэн бандида Шантидэва манай эриний VII-р зууны сүүлчээр зохиосон бөгөөд энэ алдарт зохиол нь IX-р зууны эхээр Төвд хэлэнд, X-р зуунд Хятад хэлэнд, XIV-р зууны эхэнд Монгол хэлэнд тус тус орчуулагджээ. Энэхүү шастир нь Буддхын их  хөлгөний шашинтны гарын авлага болсон ном бөгөөд хэдэн зууны турш их хөлгөний шашинтнуудын эрэлт хэрэгцээг хангасаар иржээ.

Бандида Чойжи-Одсэр Бодичаръяавадара-г анх Монгол хэлэнд 1305 онд орчуулжээ. Анхны тэр орчуулга нь бидний үед хараахан олдоогүй боловч түүний хожим засварлагдсан гурван өөр хувилбар нь одоогоор олдоод байгаа юм. Энэ гурван хувилбарууд  бол 1957 онд Локэш Чандраад Гандан хийдийн гэсгүй Гомбодоогийн бэлэглэсэн  гар бичмэл судар бөгөөд 1976 онд Шата Питака Цувралд хэвлэгдсэн; О.Ковалевскийн Бээжингээс олж Б.Я.Владимирцовын 1929 онд Ленинград хотод хэвлүүлсэн Урад Гүүш Билигийн Далайн шинэчилэн засварласан “Bodisaduv-a-yin Yabudal-dur Oroqui Neretú”; болон 17481 онд Жанжаа Хутагт Ролбий-Доржийн удирдлаган дoор Урад Гүүш Билигийн Далай бэлтгэж Данжуурын 114-р ботид оруулж хэвлүүлсэн Бодичаръяавадара юм.

Эдгээр гурван эх судар бүр  Чойжи-Одсэрийн анх орчуулсан эх бичгийн төгсгөлийн үгсийг хадгалж байгаа тул бид Бодичаръяавадара-г хэзээ, хэн, ямар хэлнээс орчуулсныг мэдэж байгаа билээ. O.Ковалевскийн олсон сударт буй Чойжи-Одсэрийн төгсгөлийн үгсийг энд сийрүүлье: “Ene metú orusiġuluġsan Tóbed-ún kelen-ece Mongġol-un kelen-dúr urida úgei-yin tulada, Edúi tedúi nayiraġul-un  jokiyaġci bi Cosgi-Odser ayaġ-qa tekimlig Mongġol ulus-un ayalġu-bar busud-tur tusa bolqu-yin tula dabtan dabtan sonuscu belge-tei-e, Edúi tedúi onuju uqaġsan-u siltaġ-a-bar, Esergú temeceldún asaġuġsan-i ayul úgei qariġu ógúlekúi bilig oluġsan-dur-iyan dulduyidcu Moġai (1305 он) 2 jil-dúr orusiġulju daġusba.”3 Үүний дараа Урад Гүүш Билигийн Далайн нэмэж бичсэн төгсгөлийн үгс залган үргэлжилж байна: “Cari-a Avatar-a nere-tú śastir egún-i erten-ú mergen Cosgi-Odser masi sayitur Mongġolcilan orciġuluġsan-i inú, Edúge kúrtele olan-ta salġaju bicikúi-dúr ócúgúken úlegú dutaġu boluġsan-i inú, Jing-Jú-Se súm-e-yin Da bLam-a Urad Gúúsi Bilig-ún Dalai, Qaġucin ġurban Mongġol śastir-i, ġurban Tóbed darumal śastir kiged, ġurban yeke tayilburi luġ-a tokiyalduġul-un ócúgúken ese neyileldúgsen-i inú lCang-sgya Qutuġ-tu ekilen olan merged-ece asaġcu ariġudqan jasaġad, Arban ġutaġar Brbau-a-yin doturan Bibau-a kemekú (1748 он) jil-ún.”4

Монгол Данжуур дахь БЧА5-ын Чойжи-Одсэрийн төгсгөлийн үгс нь О.Ковалевскийн олсон БЧА-ын Чойжи-Одсэрийн төгсгөлийн үгсээс бага зэрэг ялгаатай юм. Түүнийг энд галиглан бичье: “Ene metú orusiġuluġsan, Tóbed-ún kelen-ece Mongġol-un keleber urida nom úgei-yin tula edúi tedúi ayalġu-bar Enetkeg-ece bi Cos-gi Odser ayaġ-qa tekimlig ene ba nom-i busud-bar sudur śastir nom-un tayilburi dabtan sonuscu belgetei-e tedúi onuju uqaġsan-u siltaġ-a-bar esergú temeceldún asaġuġsan (-a) ayul-úgei qariġu ógúlekúi bilig oluġsan-dur-iyan dulduyidcu, Moġai (1305 он) jil-dúr orusiġulba.” Энэхүү хувилбарын зохиогчийн үгсэд “Энэтхэгээс” гэсэн үг “би Чойжи-Одсэр” гэсэн үгсийн өмнө байснаас зарим эрдэмтэд үүнийг Чойжи-Одсэр БЧА-ааг Энэтхэг буюу Санскрит хэлнээс орчуулсан гэх санаа гарчээ. Гэвч энэ  “Төвдийн хэлнээс Монгол хэлээр урьд ном үгүйн тул” хэмээсэн нь гэсэн санаа бус уу? Эрдэмтэн Д.Төмөртогоо “Миний бодоход, Bodhičaryāvatāra-г Төвд хэлнээс орчуулсан гэдэг нь маргаангүй мэт. Чойжи-Одсэрийн орчуулгын төгсгөлд : ‘Ene metü orusiγuluγsan Töbed-ün kele-eče Mongγol-un kelen-dür urida ügei-yin tulada’... гэсэн нь ’Төвд хэлнээс Монгол хэлэнд урьд орчуулаагүй тул... ‘ гэсэн утга даруй мөн.“6 гэж бичжээ.

Ихэнх Монгол БЧА-ааг судлаачид Бандида Чойжи-Одсэр БЧА-ааг Монгол хэлэнд Төвд хэлнээс орчуулсан гэдэг санааг баримталдаг байна. Хэдий тийм боловч одоо ч гэсэн Чойжи-Одсэр БЧА-ааг Санскрит хэлнээс Монгол хэлэнд орчуулсан гэсэн санааг дагадаг хүмүүс байх бөгөөд саяхан 2002 онд Өвөр Монголд хэвлэгдсэн “Монгол Ганжуур Данжуурын Гарчиг”-т Чойжи-Одсэр БЧА-ааг Санскрит хэлнээс орчуулсан гэж бичигджээ. Гэхдээ дээр дурдсан гурван БЧА хувилбаруудын төгсгөлийн үгсийг сайтар шинжлэн үзвэл О.Ковалевскийн БЧА-ын төгсгөлийн үгс дөрвөн хэсгээс, нөгөө хоёр эх бичгийн төгсгөлийн үгс нь гурван хэсгээс бүтсэнийг хялбархан үзэж болно. Товчлон хэлэх юм бол эдгээр гурван Монгол БЧА хувилбарууд нь Санскрит БЧА болон Төвд БЧА-ын төгсгөлийн үгсийг агуулж байгаа юм. Гурван хэсэгт төгсгөлийн үгс нь Санскрит БЧА болон Төвд БЧА-ын төгсгөлийн үгс болон Чойжи-Одсэр-ийн бичсэн үгс юм. Дөрөв дэх хэсэг нь О.Ковалевскийн БЧА-аад буй Урад Гүүш Билигийн Далайн бичсэн үгс юм. Бандида Чойжи-Одсэр БЧА-ааг Төвд хэлнээс орчуулсан тул Төвд БЧА-гийн төгсгөлийн үгс нь Чойжи-Одсэрийн бичсэн үгсийн өмнө байгаа буй за.

Бас эдгээр гурван Монгол БЧА хувилбаруудын зөвхөн эхлэлийг нь харьцуулж үзэхэд л  ялимгүй үг үсгийн ялгаатай нь мэдэгдэх юм. Гэсгүй Гомбодоогийн гар бичмэл Монгол БЧА-ын эхлэлийг энд галиглан сийрүүлье.

“Enetkeg-ún keleber, Bodistva Cariy-a Avatara,
Tóbed-ún keleber, Byan-chub Sems-dpa’i sPyod-pa-la ‘Jug-pa,
Mongġoljin kelen dúr orciġulbasu, Bodistva narun yabudal dur oroqui neretú śastir.
Qamuġ burqan bodistva nar tur sógúdúmú bi.” 7

Хэрэв Чойжи-Одсэр БЧА-ааг Санскрит хэлнээс орчуулсан гэвээс Чойжи-Одсэр юуны тулд БЧА-ын Төвд нэрийг  БЧА-ын Монгол орчуулгынхаа эхэнд бичих билээ? Ингэж БЧА-ын Төвд нэрийг бичсэн нь уг орчуулга нь Төвд хэлнээс орчуулагдсаны гэрч бус уу? Бас хэрэв Чойжи-Одсэр БЧА-ааг Санскрит хэлнээс орчуулсан бол Чойжи-Одсэр Төвд БЧА-ын төгсгөлийн үгсийг өөрийнхөө орчуулгынхаа дараа оруулах албагүй. Академич Ц.Дамдинсүрэн болон Америкийн нэрт Монголч эрдэмтэн Ф.Клийвэз нар өөрсдийн судалгаандаа үндэслэн Чойжи-Одсэр БЧА-ааг Төвд хэлнээс орчуулсан байх гэж үзжээ.

1902-1904 онуудад Германы эрдэмтдийн Турфанд хийсэн экспедицийн үеэр хоёр тал бүхий нийт 24 тал буюу 12 хуудас барлан хэвлэсэн Монгол номын хэсэг бусад олон Монгол номын хэсэг бусаг тасархайн хамт олджээ. Эдгээр 12 хуудас нь Чойжи-Одсэрийн Бодичаръяаватара-д Монгол хэлэн дээр хийсэн тайлбар бөгөөд жинхэнэ XIV зуунд хамаарах бөгөөд Чойжи-Одсэрийн орчуулсан БЧА-ын 30  бадаг шүлгийг агуулжээ.

1938-1939 онд Даанийн эрдэмтэн Каарэ Грөнбeк  (1901-1957) Өвөр Монголоор аялахдаа БЧА-ын тайлбар Монгол хэл дээр “Bodisaduva cary-a avatar-a-yin teyin bóged nomlaqui tayilburi bodi setkil-i geyigúlún úyiledúgci saran-u gérél” нэртийг олсон бөгөөд энэ ном одоо Копэнхагений Ордны Номын Санд Mong. 480 гэсэн тэмдэгттэйгээр хадгалагдаж байна.

Бас Проф.Эгами Намио 1935, 1939, 1941 онуудад Өвөр Монгол дахь Олон Сүмийн туурийг нягтлан үзэж, сүүлчийн хоёр экспедицийн үеэр 130 ширхэг  Монгол номын хэсэг тасархайг олжээ. Үүнд  БЧА-ын хэсэг болон БЧА-ын тайлбарын тасархай хэдэн хуудас  олдсон нь одоо Токиогийн Тоёо Бунко-д хадгалагдаж байна. Эдгээр БЧА-ын тасархай хуудсууд 15-16-р зуунд, магадгүй түүнээс ч өмнөх үед хамаарч магадгүй гэжээ.

Монголч эрдэмтэн Вaлтeр Хэйссйг бичсэн нь:
“Чойжи-Одсэрийн 1305 оны БЧА-ын орчуулгын тасархайгаас бидэнд мэдэгдэж буй нь:
1. Турфанаас олдсон БЧА-ын хэвлэгдсэн тайлбарын тасархай хуудсанд буй 10-р Бүлэг, 28-58-р бадгууд.
2. Өвөр Монголын Олон Сүмээс олдсон 15-16-р зуунд хамаарах хуудсууд: 9-р Бүлэг, 56-60-р бадгууд.
3.1-р Бүлэг, 15-22-р бадгууд.
5-р Бүлэг, 20-23, бас 48-51-р бадгууд.
8-р Бүлэг, 149-151-р бадгууд.8

Дээр дурдсан гурван хувилбарын БЧА-нууд, Турфан болон Олон Сүмээс олдсон тасархай хуудсууд өвөр хоорондоо харилцан ялгаатай бөгөөд Чойжи-Одсэрийн XIV-р зуунд орчуулсан БЧА-ын орчуулгын түүхэн уламжлалд судалгааны маш чухал ашигтай материалууд юм. Яруу найрагч Чойжи-Одсэр БЧА-г маш тансаг сайхнаар харгалзах утга тодорхой, үг хурцаар Монгол шүлгийн хэмнэл зүйд тааруулан яруу сайхан орчуулжээ.

1952 оны зун академич Ц.Дамдинсүрэн гуай Германы Жинжлэх Ухааны Академийн номын санд байгаа Турфанаас олдсон олон Монгол номын хэсэг тасархайг нягтлан үзэж тэнд Бандида Чойжи-Одсэрийн зохиосон БЧА-ын Монгол тайлбарын хэсэг байгааг анх таньж илрүүлжээ. Тэрбээр үүнийг тун удалгүй Монголын ШУА-д мэдээлжээ. Яг энэ үед Монголч эрдэмтэд Ф.В.Клийвэз болон А.Мостаэрт нар Турфаны олдвор БЧА-ын тайлбар дээр ажиллаж байв. Ийнхүү БЧА-ын Монгол тайлбарын 12 хуудас олон улсын монголч эрдэмтдийн анхааралд өртөлгүй дээрх номын санд хагас зууныг элээжээ. Дээрх мэдээ тархсаны дараа олон орны Монголч эрдэмтэд уг 12 хуудас номын олдворыг өргөн хүрээтэйгээр судлаж судалгааны өгүүлэл, ном олныг бичжээ. Монгол Төвдийн зохиолчдын дотор Чойжи-Одсэрийн БЧА-ын тайлбар нь Сажа Содномзэмо-гийн болон Лхоба Гүнчэн Ринчэн Балын зохиосон БЧА-ын тайлбаруудын дараа  орох гурав дахь тайлбар байх.

9 гэж Ц.Дамдинсүрэн гуай өгүүлэлдээ бичжээ.

Академич Д.Цэрэнсодном гуай  Чойжи-Одсэрийн тайлбар бичсэн байдлыг үзээд Чойжи-Одсэр илэрхийгээр БЧА-ын утгыг тайлбарласан бөгөөд бэрх утга болон хатуу үгсийн тайлбарыг хамтатган бичсэн болов уу гэж дүгнэн бичжээ.

Турфанаас олдсон Чойжи-Одсэрийн зохиолын хэсэг тасархай нь бас Монголын анхны хэвлэмэл номын олдвор болох тул эртний Монголын хэл шинжлэл, уран зохиол, түүх болон шашин  судлаачдын анхаарлыг нэн ихэд татсаар иржээ. Академич Ц. Дамдинсүрэн, Б.Ринчен, Д. Цэрэнсодном, Д. Төмөртогоо, Т.Пагба,  Ж.Надмид, Ч.Жүгдэр, проф.Чой.Лувсанжав, Л.Хүрэлбаатар, Ж.Лувсандорж, лам Т.Булган зэрэг Монголын эрдэмтэд, бас Ф. В. Клийвэз, Н.Поппэ, П. Аалто, В. Хэйссиг, А. Мостаэрт,Л.Лигэти, Ф.Вэллэр, Э.Хэйниш, Игор.дэ.Рачэвилтз, Н.Г.Рэрих, О. Ковалевский, П.Л. Минаев, Б.Я. Владимирцов, Ш. Хаттори зэрэг гадаадын эрдэмтэт Чойжи-Одсэрийн БЧА-ын орчуулга тайлбартай холбогдолтой судалгааны өгүүлэл номнууд бичжээ.

Чойжи-Одсэр (1250?-1321?)

Одоогоор Чойжи-Одсэрийн намтар гарал үүслийн талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээ баримт олдоогүй боловч Монгол түүхэнд холбоотой зарим Монгол, Төвд, Хятад номд түүний тухай товчхон  дурдаж тэмдэглэсэн зүйлс олдсон ажээ. “Тэндээс уламжлан Уйгарын Чойжи-Одсэр бандида тэргүүтэн хоёр хэлийг өгүүлэгчдийн эрхтнүүдээр судар дандрасын хамаг номуудыг Монголын хэлэнд орчуулаад” гэж Монгол Ганжуурын гарчгийн 20-р талд, Юань улсын судрын 24-р дэвтэрт : “Баруун газрын хувраг Чойжи-Одсэрт цаасан пиу (мөнгө) түмэн хэсэг хүртээв” гэж,  “Өлзийт Хааны үед Сажаас Чойжи-Одсэр нэрт ламыг залж ирснээр хааны ордонд морилж, тахилын оронд залрав” гэж Алтан Дэвтэрт, бас “Их Монгол” гэж эртний Хятад номд тус тус тэмдэглэжээ. Эдгээр өгүүлбэрүүдээс зөвхөн түүний нэр болон алдар цол ба оршин байсан газартай холбогдох үгсийг түүж бичье: “Уйгарын Чойжи-Одсэр бандида”, “Баруун газрын хувраг Чойжи-Одсэр”, “Сажаас Чойжи-Одсэр”, бас “Их Монгол”10. Түүний нэртэй холбогдсон эдгээр үгс нь хоорондоо харилцан адилгүй тул Чойжи-Одсэрийг Төвд хүн, Монгол хүн, эсвэл Уйгар хүн гэж бодоход хүргэж болох юм. Өөрсдийн судалгаандаа үндэслээд акад.Ц.Дамдинсүрэн гуай Чойжи-Одсэр  Уйгар Монгол хүн байсан боловуу гээд Төвдийн Гүнчэн Чойгү-Одсэрээс өөр хүн байсан гэж дүгнэсэн ба Д.Цэрэнсодном гуай Чойжи-Одсэр 1250-аад оны үед төрж 1320-оод оны эхэн хүртэл амьдарч байсан гэж судалгаандаа үндэслэн бичжээ. 20-р зууны эхэн үед Өрнөдийн зарим эрдэмтэд Чойжи-Одсэр болон Төвдийн Гүнчэн Чойгү-Одсэр хоёрыг нэгэн хүн мэт үзэж байсан боловч энэ хоёр хүн харилцан адилгүй цагт ба ойролцоо цаг үед амьдарч байсан болох нь одоо нэгэнт тодорхой болжээ.

Чойжи-Одсэр Уйгар, Монгол, Төвд, Санскрит хэлийг маш сайн мэддэг, тухайн цаг үеийн шилдэг эрдэмтэн, бандида, аяга тэхимлиг лам, Буддхын гүн ухаантан, хэл шинжлэлч, яруу найрагч, гүүш, лозва байсан бөгөөд Төвд болон Санскрит хэлнээс ном судар Монгол хэлэнд орчуулдгаараа ихэд алдаршжээ. Тэрбээр “БЧА”, “Зөөлөн Эгшигтийн Нэрийг Үнэхээр Өгүүлэхүй” ( ‘Jam-dpal mTshan-brjod), “Таван Сахъяа” (Pañcaraksa), “Анагаах Ухааны Дөрвөн Үндэс” зэргийг Монгол хэлэнд орчуулсан ба “БЧА-ын тайлбар”, Монгол хэлний дүрмийн ном “Зүрхэн Тольт” (Zirúkhen-ú Tolta), “Махагалын Магтаал” зэргийг Монголоор бичиж “Бурханы Арван Хоёр Зохионгуй”-г Төвдөөр зохиожээ.

Юань улсын Өлзийт (1294-1307), Хайсан Хүлэг (1308-1311), Буянт (1311-1320)  хаадын үед Чойжи-Одсэр амьдарч байсан байна. “Юань улсын дараа гарсан Монголын түүхийн тулгуур бичгүүдэд Чойжи-Одсэрийн нэр олонтаа  үзэгдэж байна. Гэхдээ түүний намтар зохиолын үйлст шууд зориулан бичсэн нь үгүй гагцхүү дээр дурдсан Өлзийт, Хайсан Хүлэг зэрэг хаадын үйл явдалтай холбон өгүүлэх буюу үсэг бичгийн түүх, ном судар орчуулсан уламжлалыг гаргаж ирэх далимд цухас төдий тэмдэглэсэн байх юм.” хэмээн Д.Цэрэнсодном гуай бичжээ. Тэрбээр “Улсын Багш” болон “Дархан Лам” зэрэг өндөр цолоор шагнагдаж байв. Чойжи-Одсэрийн талаар дурдсан түүхийн номнуудыг жагсааваас Гүүш Лувсанданзаны “Лу Алтан Товч”, түүхч Боржигон Жамбын “Асрагч Нэртийн Түүх”, Хори Буриадын түүхч Хувьтын Шаравнямбуугийн бичсэн “Сав Шим хийгээд Хаадын Уг”, “Мэргэд Гарахын Орон” ( Энэ номны оршилд), “Монгол Ганжуурын Гарчиг”, “Монгол Шунхан Ганжуур” (Зарим номын төгсгөлийн үгст), “Юань Улсын Түүх”, “Юаний Үеийн Шашны Урлаг”, Сүмбэ Хамба Ишбалжир (1704-1776)-ын  “Шашны Зурхай”, Цэмбэл гүүшийн “Хор Чойнжүн”, Дарамдала-гийн “Хор Чойнжүн”, Зава Дамдин (1867-1937)-ы “Алтан Дэвтэр”  зэрэг болно.

Бандида Чойжи-Одсэр Монголын Буддхын шашин болон хэл соёл уран зохиолд асар их хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол хэл бичгийн анхны системчилсэн дүрмийг зохион бичиж улмаар  Шагжамүни бурханы зарлигийг Монгол хэлэнд орчуулах ажлыг улам идэвхжүүлж өгчээ.

ХVII зуун

Ойрадын Зая Бандида Намхайжамц (1599-1662) БЧА-г Төвд хэлнээс Ойрад хэлэнд орчуулсан гэх мэдээ бий бөгөөд энэ орчуулга нь одоогоор олдоогүй байна. Тэрбээр Ойрадын Зая Бандида Огторгуйн Далай гэж алдаршсан бөгөөд анхдугаар  Богд Өндөр Гэгээн Занабазар, 5-р Далай Лам, 4-р Банчэн Богд нартай нэгэн үед амьдарч байв. Ойрадын Зая Бандида Ойрадуудад зориулан Тод үсэг бичгийг зохиож тун богино хугацаанд олон судар шастируудыг тэрхүү Тод бичигт орчуулж амжилттайгаар Буддхын шашныг дэлгэрүүлж олон амьтны тусыг ихэд үйлджээ. Лавтай мэдээгээр тэрбээр 190 гаран ном орчуулсан гэдэг нь мэдэгдээд байгаа аж. Үүнтэй уялдуулж хэлэхэд Монголын ШУА-ын Хэлний Хүрээлэнгийн Архивт БЧА-ын 10-р бүлгийн орчуулга Ойрад Монголын Тод бичгийн гар бичмэл ном хадгалагдаж байна. Ц.Дамдинсүрэн гуай “ Энэ бол Чойжи-Одсэрийн орчуулгыг бодоход нэлээд бие даасан, өвөрмөц шинжтэй бөгөөд Зая Бандидын орчуулгын нэгэн хувилбар байж болох юм”11 гэж бичжээ.

Монгол Данжуур дахь
Бодичаръяавадара-ын тайлбарууд болон
түүнтэй холбогдох номнууд

Төвд хэлнээс орчуулагдсан Монгол Данжуурт буй БЧА-ын тайлбарууд болон түүнтэй холбогдсон номнуудыг энд жагсаан дурдваас тунч зохистой болов уу. Монгол Данжуур дахь БЧА-ын орчуулгыг эс тооцвоос БЧА-тай холбоотой Монгол Данжуур дахь эдгээр номнуудын талаар бичсэн өгүүлэл ном зохиол одоогоор бараг үгүй мэт. Эдгээрийн зарим орчуулга , ялангуяа тайлбарууд нь Чойжи-Одсэрийн БЧА-ын орчуулгатай бараг л дам холбоотой байж болох бөгөөд Чойжи-Одсэрийн БЧА-ын орчуулга хэрхэн хувирч бидэнд хүрч ирсэн хувиралтыг  судлахад тустай байж мэднэ.

1). Санскрит: Bodhisattva-caryāvatāra. Төвд: Byan̍-chub sems-dpa’i spyod-pa-la ‘jug-pa. Moн: Bodi saduva-nar-un yabudal-dur oroqui neretú śastir. Зохиогч: Śāntideva. Төвд хэлэнд орчуулагчид: Бандида Сарважняа-дэва болон лозва Балзэг. 1-р удаагийн засвар: Бандида Дарма-шрий-бадра, лозва Ринчэнсанбу, болон Шагжа Лодой. 2-р удаагийн засвар: Бандида Сумадигирди болон  Лодан Шэйрав. Монгол хэлэнд орчуулагчид: Бикшү Чойжи-Одсэр.  Судрын аймгийн Ла боть буюу 114-р боть, хуудас 1-52. # 433112.

2).Санс13:  Bodhisattva-caryāvatāra-pañjikā. Төвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i dka’-‘grel. Moн14: Bodi saduva-yin yabudal-dur oroqu-yin berke tayilburi. Зо15: Шэйрав-жунай-лодой. Тхо16: Эхний хоёр бүлгүүд (Бодичид сэтгэлийн тусыг ухуулахуй ба Тахил үйлдэн нүглүүдийг арилгахуй бүлгүүд) , Хичээнгүй, Бясалгал ба Билигийн бүлгүүдийг Сумадигирди болон лозва Марба-чойжи-ванчүг  ба лозва Нян-Дарма-даг. Шинэчилэн засварласан: Ёнданжамц. 114-р боть,  хуудас.52-432. # 4332.

3). Санс: Bodhisattva-caryāvatāra-vivrtti-pañjikā. Төвд: Byan̍-chub sems-dpa’i spyod-pa la ‘jug-pa’i rnam-par bśad-pa’i  bka’-‘grel. Moн: Bodi saduva-yin yabudal-dur oroqu-yin teyin nomlal jarliġ-un tayilburi. Мхо17: Номч цорж  Лувсанданзан, тэрбээр  Халх Зая бандида Лувсанпринлайн  шавь байв. 114-р боть, хуудас.432-544. # 4333.

4). Сaнс: Bodhisattva-caryāvatāra-samskāra. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i legs-par sbyar-ba. Moн: Bodi saduva-yin yabudal-dur oroqu-yi sayitur nayiraġuluġsan. Зо: Гэвий-лха/ Субадэва. Тхо:  Шрий-кумаара болон Гэвий-лодой. (Судрын аймаг сав номын Ша буюу 115-р боть) хуудас.1-134. # 4334.

5). Сaнс: Bodhisattva-caryāvatāra-duravabodhapada-nirnaya-nāma-grantha. Төвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i rtogs-par dka’-ba’i gnas gtan-la dbab-pa źes-bya-ba’i gźun. Moн: Bodi saduva-yin yabudal-dur oroqui-yi onoqu berke-yin oron-i maġad-tur baġulġaġci kemegdekúi-yin ġool. Зо: Кришняба. Тхо: Кришняба болон Чойжи-шэйрав. 115-р боть,  хуудас.134-140. # 4335.

6). Санс: Bodhisattva-caryāvatāra-pañjikā. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i dka’-‘grel. Moн: Bodi saduva-yin yabudal-dur oroqui-yin berke tayilburi. Зо:Вирузанарагчида.115-р боть, хуудас.140-231. # 4336.

7).Санс: Prajñā-pariccheda-pañjikā. Tөвд: Śes-rab-kyi leu’i dka’-‘grel. Moн: Bilig-ún bólóg-ún berke tayilburi. Зо: Дана-шийла. Тхо: Бандида Миням-Холбу болон бикшү Лоданшэйрав.115-р боть, хуудас.231-263. # 4337.

8). Санс: Bodhisattva-caryāvatāra-vivr̩tti. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i rnam-par bśad-pa. Moн: Bodi saduva-nar-un yabudal-dur oroqu-yin teyin nomlal. 115-р боть, хуудас.263-282. # 4338.

9). Санс: Bodhisattva-caryāvatāra-s̩attrimśatpind̩ārtha. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i don sum-cu-rtsa-drug-tu bsdus-pa. Moн: Bodi saduva-nar-un yabudal-dur oroqu-yin udq-a ġucin jirġuġan-dur quriyaġsan. Зо: Гүрү Суварна-тийпа Дарма-паала  (Лама Сэрлинба Чойжон). Тхо:  Бандида Дийпамкара болон лозва Цүлтим-жалва. 115-р боть, хуудас.282-287.# 4339.

10). Санс: Bodhisattva-caryāvatāra-pin̩d̩ārtha. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i don bsdus-pa. Moн: Bodi saduva-nar-un yabudal-dur oroqu-yin udq-a-yin quriyangġui. Зо: Гүрү Суварнатийпа Дармапаала. Тхо: Дийпамкара болон лозва Цүлтим-жалва. 115-р боть, хуудас. 287-289. # 4340.

11). Санс: Bodhicaryāvatāra-tātparyapañjikā-viśes̩adyotanī-nāma. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i dgons-pa’i ‘grel-pa khyad-par gsal-byed ces-bya-ba. Moн: Bodi yabudal-dur oroqu-yin taġalal-un tayilburi ilġal-i todoraġuluġci kemegdekú. Зо: Бандида Шрий-вибүүти-чандра. Tхо: Бандида Шрий-вибүүти-чандра. Мхо: Номч цорж  Агваанпунцог.  115-р боть, хуудас.289-451. # 4341.

12). Санс: Bodhisattva-caryāvatāra-bhāsya. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa’i bśad-pa. Moн: Bodi saduva-yin yabudal-dur oroqu-yin nomlalġ-a.          Зо:Дийпам-кара-шрий-заана.  216-р боть, pp.518-559. # 4931.

13). Санс: Bodhisattva-caryāvatārodbhava-prani-dhāna. Tөвд: Byan̍-chub sems-pa’i spyod-pa-la ‘jug-pa-las ‘byun̍-ba’i smon-lam. Moн: Bodi saduva-nar-un yabudal-dur oroqui śastir-aca jorin irúgekúi. Ловон Гомбожав  хуучин орчуулгыг дахин хянаж шүүсэн.  224-р боть, хуудас 358-360. # 4990.

XIX-XXI зуунд

Өргөн олноо Да Хүрээний Цорж ба Бичээч Цорж Лам хэмээн алдаршсан Агваандорж лам (бас өөр нэгэн нэр нь Агваанцэрэн) “Бодь Явдалд Орохуйн Утгыг Үл Умартахын Тэмдэгтэд Үйлдсэн Сайн Хувь “ буюу Төвдөөр “Byan̍-chub sems-dpa’i  spyod-pa-la ‘jug-pa’i  don brjed-byan̍-du  byas-pa skal-pa bzan̍-po”18 гэсэн зохиол бичжээ. Тэрбээр Богдын Шавийн аймгийн Хэрээ Хөхүлэй гэдэг газар төрсөн бөгөөд энэ нь одоогийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрээ Хөхөл гэдэг газар юм. Агваандорж лам 18-19-р зуунд амьдарч байсан бөгөөд 5-р Богд Жэвзүн Дамба хутагтын шавь байв. Энэ лам Да Хүрээнд Буддхын гүн ухаан болон бусад олон ухааны номд сайтар мэргэжиж Бодь мөрийн зэрэг, Буддхын гүн ухаан, уран зохиолын онол зэрэг олон сэдвээр судар, шастирын олон тайлбарууд бүхий 14  боть ном бичжээ. Да Хүрээнд түүний зохиолын эмхтгэл модон бараар хэвлэгдэж байв.

Оргиочийн Лам хэмээн алдаршсан Лувсанбалдан гавжийн зохиосон БЧА-ын тайлбар нь Монгол зохиолчдын Төвдөөр бичсэн БЧА-ын тайлбаруудын дотор хамгийн том нь юм. Энэ ном нь “Оргиочийн Ламын Дугуйт Тайлбар” гэж алдаршсан бөгөөд учир нь Лувсанбалдан лам энэ тайлбарыг бичихдээ дугуйлсан тэмдгийг эх судраас авсан эшлэлийн доогуур зурж тэмдэглэж байв. Уг номын төгсгөлийн үгсийг доор сийрүүлье: 19

Лувсанбалдан гавж 19-р зууны хүн бөгөөд Түшээт Хан аймгийн Чин Вангийн хошууны буюу одоогийн Төв аймгийн Эрдэнэ Сант  сумын харьяат байв. БЧА-ын болон Буддхын судар шастирын олон тайлбарууд бүхий түүний 5-6  боть ном буй ба мөн түүний хошуунд эмхтгэл зохиолынх нь модон бартай байжээ.

Цорж лам Агваандамба (1814-1885)  “Byan̍-chub sems-dpa’i  spyod-pa-la ‘jug-pa’i  mchan-bu tshig-gsal me-lon̍”20, товчоор “БЧА-ын Үгийн Тайлбар”, буюу “Бодь Явдалд Орохуйн Зүүлт -Үг Тодорхой Толь” нэртэй зохиолыг  тэрбээр өөрийн язгуурын багш Оргиочийн лам Лувсанбалдангийн хүсэлтээр бичжээ. Энэ тайлбарын төгсгөлийн үгэнд тэрбээр нэлээд хэдэн БЧА-ын тайлбаруудыг ашигласнаа бичсэн боловч тэдгээрийн нэрсийг дурдсангүй. Агваандамбын намтарт түүнийг БЧА-ын ийм тайлбар зохиох хүсэлтийг  Оргиочийн ламаас Хужиртын халуун усны рашаанд орохоор ирэхэд нь  түүнээс хүлээн авсан гэж бичсэн ажээ.

Цорж лам Агваандамба 19-р зуунд Модон нохой жил (1814 он) Сайн Ноён Хан аймгийн Илдэн Бэйлийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төржээ. Тэрбээр бага насандаа  Да Хүрээний Дашчойнпэл дацанд шавилан орж суралцан дорнын сонгодог эрдэм Төвдийн Буддхист гүн ухаанд сайтар мэргэшжээ. Тэрбээр Лувсанжамба тэргүүтэн олон мэргэдээс ном хүртэж 29 насандаа төрөлх нутагтаа эргэж ирэв. Дашрамд хэлэхэд энэ лам тэр үеийн ар Монголын сайчуулын нэг Жидарын хамба Агваанхайдавын шавь байв. Энэ эрдэмтэн лам Төвд хэлэн дээрх олон модон барын Ганжуурыг харьцуулан шүүн шалгаж нэгэн алдаа мадаггүй гар бичмэл Ганжуур бүтээсэн гэж түүний намтарт бичжээ. Түүний зохиол бүтээл нь нэгэн боть бөгөөд Илдэн Бэйлийн хошуунд  сүнбүмийнх нь модон бартай байв.

Шиваа Ширээт Цорж хэмээн алдаршсан Содов гавж Төвдөөр “Spyod-‘jug-gi brda-bkrol bsdus-pa Śānta-De-wa bźad-pa’i   sgra-dbyan̍s” болон “Spyod-‘jug-gi brgyud-‘debs”, монголоор “БЧА-ын Бэрх Нэр Томъёоны Хураангуй-Шантидэва-г Баясгах Дуун Эгшиг” ба “БЧА-ын Дамжлагын Залбирал”-ыг бичсэн байна. Тэрбээр Сайн Ноён Хан аймгийн Сайд Вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Чулуут суманд төржээ. Бас түүнийг мах иддэггүй Содов  гэдэг. Түүний олон зохиол дотор Энэтхэг, Төвд, Монголын эрдэмтдийн зохиосон одон зурхай болон анагаах ухааны бүтээлүүдэд хийсэн тайлбарууд бий. Тэрбээр зарим зохиол бүтээлийнхээ төгсгөлд Бикшү Чанди гэж нэрээ бичдэг байв. Энэхүү эрдэмтэй лам 19-20-р зууны үед амьдарч байжээ.

Энэ хэсэгт бас 19-20-р зууны үед Монголчуудын бичсэн БЧА-тай холбогдсон зохиолуудаас товч дээж төдий энд дурдъя. Их Хүрээний Цорж гавж Лувсанчойнзин Төвдөөр “Byan̍- chub sems-dpa’i spyod-pa-la ‘jug-pa’i  sa-bcad khun̍s-dan̍ sbyor-tshul mdo-tsam brjod-pa dpyod-ldan dka’-bskyed” буюу Монголоор “БЧА-ын Утга Агуулгыг Товчлон Хувиарлаж Бичсэн- Төгс Шинжлэлтнийг Баясгагч”; Брагри Дамцигдоржийн Төвдөөр бичсэн “sPyod-‘jug-gi ‘Don-thabs”, монголоор “БЧА-г Унших Арга”; Номгоны Дара Эх лам Агваанцүлтимжамц (1880-1937)-ын төвдөөр бичсэн ”Byan̍-chub Sems-pa’i sPyod-pa-la ‘Jug-pa’i dsDus-don Lam-bzan̍ sNan̍-ba Źes-bya-ba”, “БЧА-ын Хураангуй Утга-Сайн Гэгээн Мөр” хэмээгдэх; бас Эрдэнэ Мэргэн Сүди-ийн зохиосон “БЧА-ын Гол Номлолыг Бодь Мөрийн Зэргийн Утгатай Хослуулан Байгуулсан” хэмээгдэх зэрэг болно. Хоёр зуугаас илүү монгол лам нарын төвдөөр бичсэн  бүтээлүүд дотор БЧА-тай холбоо бүхий өөр ном зохиолууд олон байх магадлалтай бөгөөд үүнд их судалгаа хэрэгтэй байна.

Түүнчлэн 19-р зуунд Цэвээндорж, Буриадын алдарт дуун хөрвүүлэгч  Сумадирадна буюу Номтын Ринчэн, Буриадын Аг дацангийн Ширээт лам Шаравнямбуу нар биеэ даасан БЧА-ын шинэ орчуулгуудыг хийжээ. Шаравнямбуугийн орчуулга нь одоо хир олдоогүй бөгөөд Номтын Ринчэнгийн БЧА-ын 10-р бүлгийн орчуулга нь дээр дурдсан 1929 онд Ленинградад Б.Я.Владимирцовын хэвлүүлсэн БЧА-д хавсралт болон хэвлэгджээ.

Төвд БЧА болон түүний 10-р бүлэг Жонжүг монлам нь модон бараар монголд олонтаа  хэвлэгдсэн бөгөөд монгол хэлэн дээр БЧА болон 10-р бүлэг ч  тийнхүү хэвлэгдэж байжээ. Бас эдгээр нь гар бичмэлээр ч өргөн тархсан байв.

Монгол нутаг даяар Төвд БЧА зохиолыг хүрээ хийдүүдэд 1937 он хүртэл өргөн цар хүрээтэй үзэж судлан заадаг байжээ. БЧА нь зарим сүм хийдийн хүралд өдөр тутмын уншлага байсан бөгөөд үүнийг бүхлээр нь цээжээр уншдаг  лам нар олон байв. БЧА-ын 10-р бүлэг нь Төвд дэхь сүм хийдийн адил Монголын ихэнх сүм хийдийн өдөр тутмын уншлага байлаа. Энэ уламжлал нь одоог хүртэл үргэлжлэн буй бөгөөд голдуу Төвд БЧА шастирыг ашиглан багш нь шавьдаа гэрээр зааж сургадаг заншлыг одоогийн лам нар ч үргэлжлүүлсээр байна. Тухайлбал 1960-аад оны сүүлчээр Гандантэгчэнлин хийдийн лам гавж Данзан-Одсэр БЧА-г хэл шинжлэлч, Проф. Чой.Лувсанжавт заажээ. Бас саяхныг болтол Баруун багш хэмээн шавь нартаа алдаршсан номтой лам гэвш Сэр-Од гуай БЧА-г шавь нарынхаа хүсэлтээр тэдэнд зааж байжээ. Тэрбээр БЧА-ын бүрэн номлолыг  Зава Дамдин ламаас сонссон гэж шавь нартаа хэлсэн бий. Одоогийн байдлаар БЧА-г гавж Гантөмөр УБ хотод Бурханы Их Хөлгөний Шашныг Уламжлах Төвд, бас лам Ө.Гүндсамбуу, Т.Булган нар лам нар болон оюутан эрдэмтэн нарт  заан сургаж байна.

Саяхан Төвд хэлнээс Монгол хэлэнд орчуулагдсан БЧА болон түүний тайлбарууд УБ хотод хэвлэгдэн гарчээ. Тэдгээрээс БЧА-ын орчуулгуудыг дурдваас: УБ хотод буй Дилав төвөөс 2007 онд хэвлэсэн “Шантидэва Гэгээний Бодисадвын Явдалд Орохуй Хэмээх Зарлиг”; Док.Т.Булган ламын БЧА-ын орчуулгууд 1990-ээд оны сүүлчээр болон 2009 онд хэвлэгдсэн; мөн лам П.Бадралын орчуулсан БЧА “Гэгээрлийн Зам” зэрэг болно. Дилав төвөөс гаргасан орчуулга нь эртний орчуулгын Уйгаржин Монгол бичгээс Крилл үсэгт  хөрвүүлсэн ба эртний орчуулга нь орчин үеийн залуучуудад хялбар ойлгоход бэрх тал байх тул лам Т.Булган, П.Бадрал нар шинэ үеийн Монгол ярианы хэлэнд дөхөм шинэ орчуулгууд хийжээ.

Шинээр хэвлэгдсэн БЧА-ын тайлбаруудыг жагсааваас; УБ хотод 2009 онд Док.Т.Булган ламын орчуулсан Лувсанбалдан гавжийн зохиосон “Сайн Хувьтны Орох Олом”; УБ-т 2008 онд хэвлэгдсэн  С.Мөнхтайван ламын орчуулсан  Жалцав Дарма Ринчэнгийн “БЧА-ын Бүрэн Тайлбар”; бас УБ-т 2009 онд хэвлэгдсэн лам У.Пүрэвсүхийн орчуулсан “Бодисадвын Явдалд Орохуйн Үгийн Тайлбар- Зөөлөн Эгшигт Ламын Аман Эшлэл Рашааны Дусал” хэмээгдэх 10-р бүлгийн тайлбар тэргүүтэн байна. Үүнээс гадна лам П.Бадрал саяхан Жалцав Дарма Ринчэнгийн “БЧА-ын Бүрэн Тайлбар”-ыг орчуулаад одоо хэвлэлтэнд бэлтгэгдэж байгаа гэж би дууллаа.

Бандида Чойжи-Одсэрээс хойш Монголчууд БЧА  шастирыг эрчимтэйгээр зааж судлаад зогссонгүй, түүнийг дахин шинээр хэдэнтээ орчуулж бас олон тайлбарууд  бичиж  БЧА-ын номлолд үнэтэй хувь нэмэр оруулав. Энэхүү товчхон өгүүлэл нь Монгол БЧА-ын судлалын далайд өчүүхэн нэгэн дусал төдийд үл хүрэх бөгөөд үүнд өргөн их судалгаа шинжилгээ шаардлагатай байгаа ба бас ч энэхүү өчүүхэн тойм нь уншигч олонд туслах зарим мэдээг хүргэсэн гэж  би найдна.

Арван зүгийн хамаг төрөлхтөн амьтнууд Бодичаръяāвадāра-ын номлолыг хүртэн цэнгэж төгс бодийн хутгийг олох болтугай!

 

С.Хүслэн.    2010 оны 5 дугаар сар 22.


Зарим зүүлт тодотголууд

1) 1748 он бол XIII -р жарны 2 дахь жил Шар Луу жил юм.
2) 1305 он бол V-р жарны 39 дэхь жил Хөх Могой жил ажээ.
3) Энэ өгүүлэлд Төвд, Санскрит үгс болон Монгол бичгээс үгсийг галиглан бичихдээ АНУ-ын Конгрэссийн Номын Сангийн галиглах журмыг баримтлав. Жишээ нь: Номын Гэрэл буюу Light of Dharma гэсэн утгатай Чойжи-Одсэр буюу Choǐji-Odser  гэж дуудагдах үгийг энэ журмаар хувилгаж үзүүлье. Энэ үгийг Крилл бичгээс хувилган галиглавал Choǐzhi-Odsér, Уйгаржин Монгол бичгээс хөрвүүлбэл Coyiji-Odser, бас Төвдөөс хувилган галиглавал Chos-kyi ‘Od-zer гэж бууна.
4) Энэ БЧА-ыг Ковалевский Бээжинд байсныг нь олж Санкт Петербүрг хотод авчирчээ. Тэгээд энэ ном Казанын Шашны Академид хадгалагдаж байгаад одоо ШУА-ын Азийн Музейд хадгалагдаж байна.
5) БЧА= Бодичаръяавадара
6) 1312 оны “Bodhičaryāvatāra-yin Tayilbur ” Хуудас 323-330,: “Bodhičaryāvatāra-гийн Монгол Орчуулгууд” Хуудас 331-342. Монгол Хэлний Шинжлэлийн Онол, Түүхийн Асуудлууд, УБ.2002. Д.Төмөртогоо. Хуудас:323-341.
7). Bodhicaryāvatāra. Edited by Prof. Dr. Lokesh Chandra S̍ata -Pitaka Series. New-Delhi 1976
8) A Rare Mongolian Bodhicaryāvatarā-MS. In New Delhi.Walther Heissig. Pp 45-51. Studies in South, East, and Central Asia (Memorial Volume to Prof.Raghu Vira) Prof. Denis Sinor. 1968.
9) Монгол Уран Зохиолын Тойм. Тэргүүн боть. Ц.Дамдидсүрэн. хуудас: 132-157. МУИС-ийн хэвлэл.1999 он.
10) Эдгээр Монгол түүхийн номын эшлэлүүдийг Д.Цэрэнсодном гуайн  1969 онд хэвлэгдсэн “XIV Зууны Үеийн Яруу Найрагч Чойжи-Одсэр” гэдэг номоос авсан болно.
11) Дээрх 9-р зүүлтийг үзнэ үү.
12) Mongġol Kanjuur Danjuur-un Karcaġ. Catalogue of Mongolian Ganjuur and Danjuur. Vol. 2. by the Editorial Board of Catalogue of Mongolian Ganjuur and Danjuur. Yuanfang Press. 2002. # 4331  гэсэн дугаар нь тус ном энэ гарчигт дугаарлагдсан тоо болно.
13) Санс=Санскрит.
14) Мон=Монгол
15)Зо= Зохиогч
16) Тхо= Төвд хэлэнд орчуулагчид. Энд бас Ковалевскийн олсон шастирт буй Төвд БЧА-ын орчуулгын төгсгөлийн үгсийг хөрвүүлэн буулгая: Śanti Deva baġsi jokiyaġsan tegúsbe. Enetkeg-ún Pandita Sarva Jña Deva kiged, Tóbed-ún újegci yeke kelemúrci Bandi Baljeg nere-tú Qaśmir-un eke bicig lúge barilduġulju orciġulbai. Tegún-ú qoyina Enetkeg-ún Ubadini Dharma Śrii Bhadr-a kiged Tóbed-ún újegci yeke kelemúrci Bandi Rincen Sangbo kiged, Śagj-a Lodoi qoyar Dumdadu ġajar-a búkú tayilbur-un bicig-túr adali jasan orciġulju orusiġulbai. Tegún-ú qoyina basa Balbu Pandita Sumati Kirti kiged, Tóbed-ún kelemúrci ayaġq-a tekimlig Lodan Śeirab nere-tú qamuġ tayilburi luġa tokiyalduġuluġad sayitur jasaju orusiġulbai.
17) Мхо= Монгол хэлэнд орчуулагчид
18) Scientific Information №19. МУИС. Монголын эрдэмтэн лам нар Төвд хэлээр зохиосон Бодхидзаряавадара-гийн зарим тайлбар. Чой.Лувсанжав.1969 он.
19) Bodhičaryāvatāra. Edited by Prof.Dr. Lokesh Chandra with a foreword by Prof.Dr. Walther.Heissig. New Delhi. 1976. Śata-Pitaka Series.
20) Works of Agwangdamba (nag-dban-bstan-pa) Vol.1. Choi.Lubsanjab. New Delhi.1980. Śata Pitaka Series. Vol. 260
21) УБ=Улаанбаатар

Aшигласан ном, өгүүллүүд
*  XIV Зууны Үеийн Яруу Найрагч Чойжи-Одсэр. Д.Цэрэнсодном. УБ 1969.
*Catalogue of the Mongolian Tanjur Vol. 7. (Total 8 volumes) Pages:1401-1410. By Lokesh Chandra. New Delhi. 1982. Śata-Pitaka Series. Vol 320 (Vol.314-321).
*Catalogue Du Kanjur Mongol Imprime рar Louis Ligeti. Vol.1 Budapest 1942-1944.
*Catalogue of the Peking Tanjur. 4 volumes. 1983.
*Bodhičaryāvatāra. By Prof.Dr.Lokesh Chandra with a foreword by Prof.Dr.Walther Heissig. New Delhi. 1976. Śata-Pitaka Series.
* The Bodistw-a Čari-a Awatar-un Tayilbur of 1312 by Čosgi Odsir. F.W.Cleaves. Harvard University.HJAS 17, 1954. pp.1-129.
* The Mongolian Tanjur Version of the Bodhicaryāvatāra. Igor  de Rachewiltz. 1996.
*Śāntideva’s Bodhicharyāvatāra. Original Sanskrit Text with English Translation and Exposition Based on Prajnākarmati’s Panjikā. By Parmananda Sharma. Aditya Prakashan, India.1990. Энд нэмж Санскрит БЧА-ын (Англи орчуулга) төгсгөлийн үгсийг бичье: “Thus ends , the work of Arya Śāntideva”, Mонголоор “Хутагт Шантидэва –гийн зохиол  Bodhičaryāvatāra төгсөв”.
*Bodhicaryāvatāra. Mongolian. B.Ya.Vladimirtsov. Motilal Banarsidass Publisher. 1992.
*A Rare Mongolian Bodhicaryāvatāra-MS. in New Delhi. W.Heissig.pages: 45-51. Studies in South, East, and Central Asia. Prof. Denis. Sinor.1968.
*Sanskrit in Mongolia. Akademician Y.Rinchen. Pages:91-103. Studies in Indo-Asian Art and Culture.by Perala Ratnam.1974. Śata-Pitaka. Vоl 209.
*Kun-mkhyen Čhos-kyi hod-zer and the origin of the Mongol alphabet. By G.N.Roerich.
*”Bodhicaryāvatāra Śastra”- The Combined Work of Method and Wisdom of the Buddhist Philosophy.(Philosophical Analysis).T.Bulgan.UB.1999.
*Ц.Дамдинсүрэн. Бүрэн Зохиол. Боть 3. Д.Цэдэв. 2001 он.Хуудас:84-95.
*Ц.Дамдинсүрэн. Монголын Уран Зохиолын Тойм. Тэргүүн боть. 1999 он. Хуудас:132-157.
*Монгол Хэл Шинжлэлийн Онол, Түүхийн Асуудлууд. Д.Төмөртогоо. УБ. 2002.Хуудас: 323-341.
*Mongġol Kanjuur Danjuur-un Karcaġ. Catalogue of Mongolian Ganjuur and Danjuur. Vol 2. by the Editorial Board of Catalogue of Mongolian Ganjuur and Danjuur. Yuanfang Press.2002.
*Scientific Information №19.МУИС. Монголын эрдэмтэн лам нар Төвд хэлээр зохиосон Бодхидзаряавадара-гийн зарим тайлбар. Чой.Лувсанжав.1969 он.





Сэтгэгдэл  

 
0 # ????? 2010-07-31 10:26
Ene iltgeliin zorilgo n' ?

Moen ene site-d tavigdsanyi uchir yu baina ve?
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # !!!!! 2010-07-31 13:35
Heregtei sonirhson hun ni unshaad, sonirhohgui hun bol algasaad l yavchih estoi baih l daa ho!!!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Халиун 2010-08-03 01:06
сайхан мэдээлэл егсенд баярлалаа. Эрдмээр биеэ чимдэг гэдэг сайхан монгол уг бий дээ.http://www.youtube.com/user/haliunt?feature=mhw сайтаар тавтай морилж Бурхан багшийн ухэл менх бусын сургаал, Бурханы шашныг сонирхогчдод зориулсан тайлбар хичээл, Гандан хийдэд байрладаг ганц мод-хуслийн модны тухай сонирхож узнэ уу!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # Нармай монгол 2010-08-03 20:50
Монголын тусгаар тогтнолын тэргүүн зэргийн зорилт нь бүх Монгол үндэстнийг нэгтгэж хүчирхэг Нармай Монгол улсыг байгуулах явдал мөн. Манай Монгол улс жинхэнэ утгаар тусгаар тогтнож хөгжье гэвэл бүх Монгол Туургатныг хамрах явдал. Одоогийн тусгаар тогтносон Монгол улсаар зогсохгуй. Ингэхийн тулд Дэлхийн Монголчуудын ариун голомт болсон Монгол улс нь бүх монголчуудыг өөртөө эдийн засаг, соёл, шашин, улс төрөөр үлгэрлэн дагуулах ёстой. Олон зууны баялаг түүх, зан заншил, уламжлалаа сэргээж үндэстний хувьд нэгдмэл байдлаа үеийн үед хадгалан үлдэх цорын ганц зөв зам нь жинхэнэ ёсоор тусгаар тогтносон Нармай Монгол улс байгуулах явдал мөн! Монголын язгуурын үндэстний үзэлтнүүдийн өмнө тавьсан зорилго ямар их чухал, хүнд бэрхийг онцлон нийгмийн дэвшил нь алгуур, өөрчлөн хувьсах замаар явагдах ёстойг анхаарч, ирээдүйд итгэх гүн бат итгэлтэй, идэвхтэй зарчим баримталан зоригтой шийдмэг байхын чухалыг энд тэмдэглье!!! Урагшаа бүх дэлхийн монголчуудаа! Орон бүхний монголчууд нэгдэхтүн!
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # muhar suseg 2010-09-01 21:46
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй