You are here: IDEA Зүйр үгсийн зүйдэлгүй тайлбар

Зүйр үгсийн зүйдэлгүй тайлбар

И-мэйл Хэвлэх PDF

Орой унтвал нэгийг сонсоно
Эрт босвол нэгийг үзнэ.
Зиа энэ бол гэрт амьдардаг айлын ахуйн проблемыг харуулсан зүйр үг гэдгийг бүгд мэдэх буй заа. Оройтож унтсан хүүхэд аав ээжийнхээ орны зүгээс нэг эвгүй чимээ сонсох бөгөөд, өглөө босмогцоо тэр сонин чимээ юунаас болж гарсныг хараад ойлгоно гэсэн үг юм аа.

Үхсэн буурын толгойноос амьд ат айна.
Малын сэг зэм устгах ажил хөдөөгүүр олигтой хийгдэхгүй байгаагийн жишээ. Засгийн газар зуднаар хорогдсон малд зориулж таван тэрбумыг гаргаад байхад шүү.

Мянга сонсохоор нэг үз
Сайхан хүүхнийг битүүхэн харж шүлэнгэтэж явдаг залууг зоригжуулсан үг гэж боджийнуу? Үгүй, харин эсрэгээрээ загвар өмсдөг хүүхнүүдэд хандаж, тэр алдар цуутай магнат Мянгаа гээчийг зүгээр сонсож явахаар нэг удаа нүдэнд нь өртөж, үзээд алд аа гэж байгаан.

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ.
Энэ нь сонгуулийн дараа шинээр бүрэлддэг Засгийн газрын танхимд хамаатай үг бөгөөд сайд нэмэгдэхийн хэрээр төсвийн зардал өсч, зардал өссөнөөр татвар нэмэгдэн ард түмний нуруун дээр ачаа болж, өргөн хэрэглээний бараа, хоол хүнсний үнэ тэнгэрт хадна гэсэн үг болой.

Ажил хийвэл ам тосдоно.
Гэр хорооллын өвөл. Оройн хоолоо хийгээд, гэтрүүлэн идэж нойл гүйх явдал хүний амьдралд нэг бус удаа тохиолддог бөгөөд энэ үед хааяа уруул дээр нэг тослог юм гарчихдаг таагүй процессыг өгүүлжээ.

Ам нээвэл уушиг нээ.
Ажил мэргэжлийн холбогдолтой заавар. Цогцост задлан шинжилгээ хийдэг эмнэлгийн өрөөний ханан дээрээс харж болно.

Магтсан хүүхэн хуриман дээрээ унгана.
Хадмуудыг хошгируулсан төдийд хамаагүй хөөрч, хуриман дээрээ учир зүггүй идэж уун гэдсээ хямруулавзай хэмээн сануулсан үг. Аа гэхдээ унгахаасаа айгаад юу ч идэхгүй суух нь ярвагар зантай юм шиг харагдуулах буюу эсвэл хуримнаасаа өмнө жирэмсэн болчихсон юм уу, энэ ер нь хэний хүүхдэв хэмээн хардагдана гэдгийг анхаар!

Их идсэн ч өмхий
Бага идсэн ч өмхий
За энэ ч сармис идсэн хүмүүсийг л хэлээд байх шиг байна.

Биеэ засаад гэрээ зас
Гэрээ засаад төрөө зас
Олны танил нэг дуучин хүүхэнд зориулсан үг юм болов уу даа. Түүнийг гоо сайхны хагалгаанд орж уруул, хамар бас бус зүйлээ зассан гэж сонссон бөгөөд дараахан нь нэг шар сонин дээр гэртээ маш өндөр үнээр иж бүрэн засвар хийлгэсэн тухай бичсэн харагдсан. Аа харин төрөө засах тухайд, нөхөртөө даатгасан гэсээн.

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал
Цагаан сараар навс согтож айлын ширээ хөмөртөл агсан тавьсан залуугийн өөрийгөө цагаатгахад нь туслах үг.

Муу хүнийг зар, зарсан хойноо өр.
За энэ ч хүний наймаачдад хандсан үг юм уу даа. Хүнээ сайн харж сонгохгүй бол дараа нь царай муутай энээ тэрээ гээд зарагдсан бараа нь буцаад, бөөн үнэ өртгөөр янзлуулах болох вий л гэж.

Хүн ахтай
Дээл захтэй.
Айлын том, эсвэл дээрээ ахгүй, эгчтэй хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн үг. Эдгээр хүмүүс эвсэл байгуулж бослого гаргавал энэ үгийг зохиосон хүн шууд унана. За дээр нь захгүй дээл өмсдөг лам нар нэгдвэл ч.

Төр түмэн нүдтэй
Төрсөн бие хоёр нүдтэй.
Яг яагаад ийм үг гарсныг ойлгохгүй байгаа юм. Дува сохор л уурандаа хэлсэн юм болуу даа.

Хүлгийн сайныг унан байж мэднэ.
Нөхрийн сайныг ханилан байж мэднэ.
Олон нөхрөөс салсан хүүхний яриа. Сайнтай нь таартлаа суугаад л салаад л явж байхаас, өөр яахав.

Дассан газрын даавуу зөөлөн.
Сайн мэдэхгүй буудалд хамаагүй орвол ямар ч ор хөнжилтэй таараа билээ, гайгүй зэрэглэлийнх бол бүүр краахмал энтэр хэрэглэдэг сурагтай. Ер нь тэгээд, хөнжлийнх нь хэрээр л хөлөө жийх хэрэгтэй дээ, хамаагүй илүү гаргаж жийж байж даавууны өрөнд орчив.

Эцэггүй хүүхдийн толгой том
Эхгүй хүүхдийн бөгс том
Эцэг нь эзгүй хүүхдийн толгой том байх нь аргагүй шд. Агаар салхинд аваад гарчихгүй байсаар хүүхдийг ракеттай болгоо хаячиж байгаа байхгүй юу. Ээж нь нялх биетэй гэж ямбалаад зүгэр. Аа харин эх нь байхгүй гээд бөгс томордог нь ямар учиртай юм бол. Аав нь гэж нэг гоо сайхны мэдрэмжгүй гар томдсон горшоок аваад өгчиж дээ янз нь.

Усыг нь уувал ёсыг нь дага
Илт хүчирхийллийн чанартай үг байна. Ганц сав менраал ус өгчөөд элдэв ёс мос тулгаад байх магадлалтай тул энд тэнд явахдаа нээх ус уух гэсний хэрэггүй биз. Тэрний оронд жүүс мүүсхэн эргүүлсэн нь аминд өлзийтэй.

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй.
Ээ дээ, энэ үгэнд л үнэмшив хүүхнүүд минь. Цаадуул чинь бэлгэвчээ мартчихаад л балайрч байгаан. “Би ёс мэднээ” л гээд гүрийгээд байх хэрэгтэй, юу ч халдаачих юм билээ.

Дуугүй хүний доодох нойтон.
Энэ ч одоо памперс гараагүй байхад л үүссэн үг юм байх даа. Гүй тэгээд өмдөндөө юу яасан хүн юу гээд л гавьяа байгуулчихсан юм шиг дуу шуу болоод зарлаад явав гэж.

Муу амьдрахаар сайн үх.
Амиа хорлогчдыг өдөөн турхирсан гэдэг утгаараа үгсийн сангаас удахгүй хасагдах болов уу гэхээр байгаад л байх болтоймаа.

IDEA

http://addidea.blogspot.com/

Сэтгэгдэл  

 
0 # shiro 2010-07-29 21:03
hehe uvurmuts l setgej
Хариулах | Зааж хариулах | Заах
 
 
0 # икра 2010-07-30 09:10
гадаадад удаан байхаар монгол хэлний шогийн мэдрэмж алга болдог юм болуу, над лав инээдтэй санагдсангүй
Хариулах | Зааж хариулах | Заах
 

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй