"Монголд ганц" аав минь
Цаг хугацаа улиран улирч, хорвоогийн амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Цаг хугацааны урсгал дунд эрдэнэт хүмүүн энэ хорвоод ирээд, эцэст нь буцан оддог нь жам юм. Ирээд буцдаг жамаа дагахдаа, өөрийн үргэжлэл үр удмаа үлдээдэг. Бие нь хэдий үгүй боловч эцэг эхийн ухаан санаа, амьдралд олж авсан араншин, үзэл бодол, хэвшил нь үр хүүүхдүүдэд нь хэсэг хэсгээр шингэж үлддэгт л сүнс нь мөнхөд орших, амьдрах үндэс болдог гэлтэй.
Аав минь та цаг хугацааг элээн элээж гэгээн алсад одсон хэдий ч үр хүүхдүүдийнхээ сэтгэлд амьдарсаар л байна. Эцэг эх хоёр маань үр хүүхдүүддээ нэг л нөмөр нөөлөгтэй уул мэт оршиж, хүүхдүүд нь тэр нөмөр нөөлөгт нь даарах жихүүцэх, халж халгахын зовлонг мэдрэхгүй, тааваар эрхлэн жаргахдаа энэ бүхнийг мөнх юм шиг л санадаг.
Нэг л өдөр нэг том уул нь нурж үгүй болоход л даарч жиндэж эхлэхдээ, эцэг эх гэдэг ямар их нөмөр нөөлөг байсныг мэдэрч ухаарч эхэлнэ. Хорвоо ертөнцийн хүйтэнд хөрч, халуунд халж, ухаарч тэмцэж, тэвчиж өндийсөөр намхан бор толгод нь аав уул, ээж уул болж, нөмөр нөөлгөөрөө өөрсдийн бяцxан толгодоо нөмөрлөн бөөцийлнө.
Тэд нь бас л нөмөр нөөлөгтэй уулсын дунд даарч хөрөхийн зовлонг мэдрэхгүй, бас л мөнхөд ийм байх юм шиг санаж, эрхлэн жаргана. Гэтэл бас нэгэн өдөр уул нурж, даарч жиндэхдээ...
Цаг хугацаа урсан урсана. Яагаад ч юм бэ? таны хүү нь болж төрсний хувьд таны тухай бичиж үлдээхгүй байж болохгүй санагдаж, сэтгэл зүрх минь шанална. Бусад хүмүүсийн бичдэгээс шал өөр зүйл бичихсэн гэж хүснэ. Харин яаж бичихээ мэдэхгүй хир нь сэтгэл зүрхэнд минь хөөрүү омголон, бас уяхан уянгалаг үгс урсана. Тэр бүхнийг бичиж буулгаж амжих хэцүү.
Таны тухай хуурай хоосон магтаал, албархуу ёсчилсон зүйл би бичиж чадахгүй. Таны тухай бүгдийг мэдэхгүй хэдий ч цуг байсан цаг мөч, таны магтаал зэмлэл, тэр болгон ил гаргадаггүй ч зүрхэнд минь мэдрэгддэг бүлээхэн хайр халамжийн тухай бичихсэн гэж бодно. Бүх хүн унших албагүй ч, үр хүүхдүүд нь, ач зээ нар нь, бас таныг таньдаг мэддэг, хүндэлж дурсдаг хүмүүс нь уншаад ухаан бодолдоо, зүрх сэтгэлдээ таныг дурсаж байгаасай гэж хүснэ. Бас таны тухай бичсэн зүйлээс минь тухайн цаг хугацааны түүх, хүмүүсийн амьдралын хэмнэл, хамгийн гол нь гэгээн сайхан сэтгэлийг мэдрээсэй гэж хүсч байна.
Таныг нутаглуулаад тэргүүн дээр тань нулимс, сүүгээр чийглэн байж босгосон чулуун хөшөөний оронд, зүрх сэтгэлээрээ чийглэсэн үгэн хөшөө босгоё. Аав минь та мөнхөд оршиг ээ.
Нэг. "Гомоо багш"
Mиний л мэдэхийн намайг жаахан хүүхэд байхад аавыг минь "Гомоо багш", сүүлд нь "Гомоо захирал" гэж дууддаг байсныг санаж байна. Гомоо гэдэг үгэнд нэг л зөөлхөн аялгуу, бас хүндэтгэл илрэх шиг санагддаг сан.Багшийн сургууль төгсөөд л тэтгэвэрт гарах хүртлээ боловсролын салбарт ажилласан даа. Аав ээж, миний ах Ганболд бас би багшийн мэргэжил эзэмшиж, багш, захирлын ажил хийж байсан болохоор ярианы сэдэв маань үргэлж л сургуулийн тухай байдаг сан.
Намайг хааяадаа хөдөөнөөс ирээд аавындаа очиж аяга цай уув уу үгүй юу, аав сандлаа дөхүүлж суугаад ажлыг минь асууна. Бид хоёрын яриа эцэс төгсгөлгүй үргэлжилж, заримдаа ээж минь хүчээр зогсооно. Би сайн захирал байсан бол, миний ажил хүмүүст үнэлэгдэж байсан бол, түүний маш олон санааг би аавынхаа ярианаас олж авч байсан гэдгийг одоо ч бардам хэлж чадна.
Хүн эрхэлсэн, хийж байгаа ажилдаа дур сонирхолтой, түүндээ үнэн сэтгэлээсээ ханддаг, түүнийгээ сайжруулахын тулд элдвийг санаж сэддэг, санаа зовж шаналдаг байхыг "хэнхэг" , өөр юу ч гэж нэрлэдэг бол энэ үнэлгээ аавд минь тохирно. Би аавынхаа боловсролын салбарт үнэнч байсан сэтгэлийг бусад дүү нараасаа илүүтэй мэддэг. Аавын минь ажил амьдрал нь Монголын боловсролын салбрын 1960-2000 он хүртэлх түүхийн гэрч байлаа.
1960 онд Багшийн сургууль төгсөөд хаа байсан Дундговь аймгийн Адаацаг сумын хүн, Завхан аймгийн Завханмандал сумд ээжийг минь дагаж "хүргэн" болж ирээд 14 жил Завхан аймагт, тэгэхдээ баруун хягаарынх нь говийн Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад багш, захирлын ажил хийж байлаа. Энэ үед л "Гомоо" гэдэг нэрээр олонд хүндлэгдэж байсан даа. Тэр үеийнхний тухай яруу найрагч Ш.Сүрэнжав "Багш" найраглалдаа их л бодитой өгүүлсэн билээ.
Би хаврын хаварт ээжийн ангийн засварыг хийлцэж, парт сандлыг нь ногоон, шар, цэнхэр өнгийн тосон будгаар палийтал нь будаж, толгойдоо сонины цаасаар малгай хийж өмсөөд хана тааз шохойдно. Хамгийн хэцүү нь тааз шохойдох. Цагаан усан шохой тогтохгүй юм шиг урсдаа шалаар нэг болдогсон. Маргааш нь очоод үзэхэд цав цагаан тааз харагдахад нь битүүхэн гайхна.
Эрдэнэ хайрхан, Завхан мандал, Ургамал сумд, аймгийн төвөөсөө алслагдсан зэлүүддүү нутгууд. Сургуулийн дотуур байрнаас нь хүүхдүүд байсгээд л оргоод гэр рүүгээ явчихна.Аав минь мөн ч олон удаа тэдний араас морь тэмээгээр явсан даа. Одоо бодоход яаж ийгээд л оргосон хүүхдээ буцаагаад аваад ирчихсэн байдаг сан.
Эрдэнэ хайрхан сумд байхдаа аав минь нэг удаа машинаар /семинар юм уу хуралд байх/ аймгийн төв рүү явсан юм. Нилээд хэд хоногийн дараа намайг гадаа тоглож байхад урд зүгээс тэмээ уначихсан ирж билээ. Аавыгаа машинаар ирнэ гээд зүүн дөрөлжийг битүүхэн ширтэж байсан би, урд зүгээс тэмээ уначихсан ирэхээр удтал учрыг олохгүй гайхсаар. Сүүлд нь аймгаас унаа олдохгүй болохоор нь өөр сум руу явж байсан машинд дайгдан замд айлд бууж үлдээд, айлын тэмээгээр ирснийг ойлгож билээ.
Одоо хэр нь мартагддаггүй, хамгийн дурсгалтай зүйл нь сумын ёолк. Бага байсан болоод тэр үү ёолк болохыг тэсэн ядан хүлээж, их ч баярладаг байсан сан. Дэвтрийн цаасыг усан будгаар өнгө ялгаруулан будаж, "жонхуу" гэж нэрлэдэг буцалгасан гурилаар наасан гинжнүүд, бидний "хил" гэж нэрлэдэг далбаа шиг цааснууд, бас амьтдын дүрсүүдээр, цасан ширхэгний оронд утсанд наалдуулсан хөвөнгийн өөдсөөр чимэглэсэн сумын клуб, үнэхээр үлгэрийн ордон мэт санагдана. Цагаан хөвөн эмжээртэй улаан дээл өмсөж, эмжээр шигээ хөвөн сахал, хөмсөгтэй өвлийн өвгөн аав, хүмүүсийн дуудаж бэлэг өгч үнсэнэ. Навтгаржав, Шовгоржав нэртэй, урт цаасан дуран барьсан өндөр нам хоёр алиалагч, үзэл суртлын агуулгатай хэрнээ хөгжөөнтэй, хошин шог яриагаараа хүмүүсийг хөгжөөнө.Цасан охид, ан амьтад, 12 жил, шинэ хуучин он, бас багт наадам гээд үзэж баясах юм мундахгүй.
Сумын клубийн нэг их "том" танхимд баян хуур, мандолин хөгжимийн аянд зузаан хувцастай, халууцаж минчийсэн хэрнээ, баяр баясгалантай царайтай томчууд "үнэгэн шогшоо", "вальс", " задгай цагаан" хэмээх бүжгийг ч үзүүлж өгнө. Аавыг минь их гоё бүжиглэдэг гэж хүмүүс магтах. Бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд гол төлөв түрүүлж бэлэг авна. Харин нөгөө хөвөн сахалтай өвлийн өвгөн, эсвэл Навтгаржав нэртэй алиалагч аав минь байсныг мэдмэгцээ би ихэд онгирно. Аав минь энэ албыг дээрх гурван сумдад тасралтгүй 14 жил залгуулсан даа.
Харин алив баяр ёслолоор сумын клубт тоглодог концертод, ердөө "од" нь аав байдагсан. Шүлгийг ч харин унших шиг болно. Намайг бага байхад "Tэр гуай", "Эд юм уу гэсэн чинь ном байсан юм уу" гэдэг хошин шүлэг уншдаг байж. Түүнийг нь би цээжилж аваад, яг л аавынхаа бүх хөдөлгөөнийг дуурайж, 1-10 -р анги төгстлөө концертод энэ хоёр шүлгийг уншиж, урлагийн "зүтгэлтэн" болсон юм даа. Хамгийн хөгжилтэй нь 1-р ангид байхдаа уншиж байсан тэр л маягаараа 10-р ангидаа ч уншиж байлаа. Тэр ч байтугай "Хуримт"-ын пионерийн зусланд болдог Говь-Алтай, Завхан аймгуудын пионер сурагчдын урлагийн үзлэгт 4 жил дараалан энэ 2 шүлгээ уншиж золтой л медаль аваагүй юм. Шог шүлэг учраас уран уншлагын төрөлд медальд оруулахгүй 4-р байр эзлүүллээ гэнэ. Битүүхэндээ медаль горьдож байсан би ч ойлгохгүй. Харин сүүлд аавын уншдаг байсан "Манайхан", " Tусгаар тогтнол" гэдэг шүлгүүдээр багш болсон хойноо ч концертод ээлж өнгөрөөдөг болж билээ.
Цээжээ урагш болгоод зүүн хөлөө хойш, баруун хөлөө урагш тавьж зогсоод шүлэг уншиж байгаа аавын дүр одоо ч сэтгэлд тодхон. Үзэгчид ихэвчлэн дахиулна. Зарим настайчууд нулимсаа арчиж байгаа харагдана. Хүмүүст их л таалагддаг байсан юм шиг. Би хүртэл 20 шахам жил аавын шүлгээр урлагийн тогоонд "будаа идчихсэн" гээд бодохоор олон л хүний сэтгэлд хүрч байсан байх даа. Концертод зарлагч хийнэ.
Үүнийг нь би бас л өвлөж аваад мөн ч олон жил концертод "хөтлөгч" бус "зарлагч" хийв дээ. Нэг номер зарлаад л ёслоно. Хүмүүс хөхрөлдөөд байх. Дараа нь аав ээж 2 гэртээ ирээд " миний хүү зарлагч чинь нэг л удаа ёсолдог юм шүү дээ " гэхэд нь учиргүй ичиж билээ.
Аав ээж хоёрын нандин юмаа хадгалдаг хайрцганд нь гүйж яваа хүний дүрстэй алт хүрэл 2 медаль байх. Аав ээжийн эзгүйд хааяа 2 медалыг нь хүзүүндээ зүүгээд толины өмнө эргэлдэж гарна. Аав хөнгөн атлетикийн гүйлтийн төрлөөр улсаас авсан 2 медальтай. Миний санахаар холын зай буюу 800, 1500 м байсан юм шиг байгаа юм. Бас баярын бичгүүд дотор нь Улаанбаатар хотын боксын аварга шалгаруулах тэмцээнд 2-р байр эзэлсэн диплом байх. Миний аз дутахад аавын спортын авьяасаас "будаа идэх" хоншоор дутсан даа. Харин оролдлогын хувьд 1976 онд УБДС-д суралцаж байхдаа боксын секцэнд явж, анхны тэмцээндээ сайн "зодуулаад", 1978 онд Өвөрхангай аймгийн Хархоринд зургийн дадлага хийж байхдаа сумын наадмын гүйлтийн тэмцээнд 1500 м-т бахардаж унаснаар төгсгөл болсон доо. Хэрдээ л аавыгаа дуурайх гэж оролдсон юм шиг билээ.
Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин сумууд оролцсон биеийн тамирын спартакиад жил жилд сумуудад ээлжилж болдог байсан санагдана. Эрдэнэ хайрханд байхад аав нэг залууг дасгалжуулж, гүйлтэнд бэлтгэж билээ. Би жаахан хүүхэд, аавыг дагаад стадионд сууж өнжинө. "Гараа цээжинээд ав", "хөлөө хүчтэй түлх", "гараа хойш нь хүчтэй савла" гэхчилэн зааварчилаад, аав цаг харна, заримдаа дагаж гүйнэ. Гарт нь чулуу бариулаад 1 тойрог гүйлгээд нэг чулуу хаяулна, дараагийн тойрогт бас нэг чулуу хаяулна. Уйгагүй бэлтгэсэн энэ тамирчин нь Завханмандалд болсон тэмцээний гүйлтийн 1500 м зайд хол тасархай түрүүлэхэд нь би өөрөө түрүүлсэн юм шиг л баярлаж, аавыгааа дагаж онгирно. Бяцxан цээжиндээ "миний аав мундаг юм аа, өөрөө гүйсэн бол бүр ч хол илүү түрүүлэх байсан" гэсэн хөөрүү бодол тээж, хойно урд нь гүйнэ.
Харин хэсэг сурагчид багш нараа дагуулан Завханмандал сумаас Ургамал сум хүртэл Хүнгүйн голын мөсөн дээгүүр тэшүүрээр гулган аялж, уулзалт хийгээд ирсэн гэдгийг хожим сонссон. Ургамал Завханмнадал сумдын хооронд 75 км сайтай юм шүү дээ. Гар бөмбөг сайхан тоглоно. Сумын наадмаар төв асарт суугаад нэвтрүүлэгч хийж, бөх тайлбарлана. Наадмын талбайд зоосон цагаан хоолойгоор 2 өдөр л аавын минь дуу цангинаж, "Сумын заан Тэрбиш 7 дахь удаагаа түрүүллээ, ээ дээ мөн ч өнгөтэй байнаа" гэхчилэн цуурайтна.
Завхан аймгийн говийн гурван сум болох Эрдэнэхайрхан, Завханмандал, Ургамал сумдад аав ээж хоёр минь 14 жил "хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарилцаж", Ш.Сүрэнжав найрагчийн шүлэглэсэнчлэн, мэдэхгүй чадахгүй зүйл үгүй, олон олон ардууд шавь нарынхаа дунд, "Гомоо багш", "Рэгзэдмаа багш" гэж хүндлэгдэж явж дээ.
Хоёр. "Гомоо захирал"
Жаран хэдэн онд ч юм бэ дээ, аав Эрдэнэхайрхан сумын бага сургуулийн захирал болж дэвшсэн юм. Түүнээс хойш Ургамал сумын бага сургуулийн захирлаар шилжин ажиллаж, 1975 онд УБДС-ийг эчнээгээр төгссөн жилээ АБЯ / тэр үеийн нэрээр/ -ны харьяа Шувуун фабрикийн хөдөлмөр хүмүүжлийн тусгай сургуулийн захирлаар, уг сургуулийг татан буугдах хүртэл ажилласан даа. Намайг бага байхад сумын дарга, сургуулийн захирлын хүүхдүүд л сумдаа "атаман" байж, хүүхдүүд битүүхэндээ айж, зулгуйддаг "моод" байсан л даа. Харин бидний хэн нь ч энэ моодыг дагаагүй юм.
Харин аавын удирдах авьяасаас хүүхдүүд нь ямар нэгэн хэмжээгээр өвлөж үлдсэн нь мэдрэгддэг юм. Аавыг захирал болоход би бага байж, 4-р ангиа төгсөөд л гэрээсээ гарч, 1979 онд УБДС-ыг төгсөөд Завхан аймагт очсон болохоор нарийн ширийн зүйл арай л бага мэднэ. Харин сүүлд нь Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн сургуулийн захирлаар 8 жил ажиллахдаа, аав ээж 2 минь надад юу шингээж өгч, яаж хүмүүжүүлснийг мэдэрсэн дээ. Удирдах хүнд хэрэгтэй ямар үнэтэй чанаруудыг бидэнд өвлүүлэн үлдээснийг одоо мэдрэхдээ "Үүнээс илүү үнэ цэнэтэй өв гэж юу байх билээ" хэмээн сэтгэлдээ "залбирдаг" юм.
Төлөвлөлт, тооцоо, эмх цэгц.
1. Цаг барих
Аав бүх ажлыг яс төлөвлөнө. Энэ нь амьдралынх нь хэвшил. Бүр нас өндөр болсон хойноо ч гэрээсээ гарахдаа алга дарам цаасан дээр юу хийх, хэнтэй уулзах, хаагуур орохоо яг дарааллаар нь бичнэ. Орой гэртээ орж ирээд л төлөвлөсөн цаасаа харж байгаад + - тэмдэгүүдээр биелэлтээ дүгнэнэ. Надтай хотын төвд уулзахаар болзсон бол яг л цаг барина. Намайг хармагцаа цагаа хараад 3 минут хоцорлоо гэж зэмлэнэ.
Уулзаад ярих юмаа ярьчихаад л цаасаа гаргаж ирээд -"хүүтэй уулзах" гэж бичсэнийхээ aрд + тэмдэг тавих.
Ажлаа төлөвлөж, биелэлт үр дүнг тооцох, цаг барих энэ 3 хэвшил миний ажил амьдралд тусгал болж, энэ 3 тулгуур намайг амжилтад хүргэж байсан. Хүмүүс, төлөвлөлт бол социализмын үеийн зүйл, өнөөдөр энэ бол онц шаардлагатай зүйл биш гэж ярихыг сонсоод би санал нийлдэггүй. Хүн өглөөнөөс орой хүртэл хийсэн зүйлээ, унтахдаа эргэцүүлж бодоод сэтгэл хангалуун байдаг. Ийм хүн л залгуулаад "маргааш юу хийж амжих вэ?" гэж бодож эхэлнэ. Өдөр хоног өнгөрөх бүр, энэ давтамжаараа явж чадвал, амьдрал тань зорилготой, утга учиртай, бас баяр баясгалантай бол эхэлнэ дээ.
Шувуун фабрикт Хөдөлмөр хүмүүжлийн сургуулийн захирал байхад нь би өрөөнд нь орж сонирхож байсан. Аав ажилласан бүх л хугацаандаа өөртөө хамааралтай бүх зүйлээ ямар нарийн бичиж тэмдэглэж, цэгцэлсэн байсан гээч.
2. Хүмүүст өөрийгөө ойлгуулах чадвар
Аав хүмүүстэй их нийцэрхүү. Ажлаа сайтар бодож, төлөвлөдөг байсан учраас хийх гэж буй зүйлийнхээ үнэн зөв, бид гарцаагүй үүнийг хийх хэрэгтэй гэдгийг хамт ажиллагсаддаа сайн ойлгуулж чаддаг байсан учраас л хамт ажиллагсад нь ажлыг нь дэмждэг байсан байх. Мэдээж албан ёсны хурал зөвлөлгөөнөөс эхлээд найз нөхдийн журмаар ярих, заримд нь тусгайлан ухуулах , ятгах зэрэг олон л аргаар ажилладаг байсан.
Завхан аймгийн Ургамал сумын бага сургууль 1969 онд Завхан аймагтаа анхны, улсдаа 5 дахь "Улсын тэргүүний сургууль" болж байсан нь аавын удирдах ажлын том үзүүлэлт байсан юм. Тэр үеийн "Улсын тэргүүний сургууль" гэдэг маш том шалгуур давж байж болдог байсан юм шүү. Өдөр шөнөгүй л ажилласан. Хаа байсан алс хязгаарын, боловсон хүчний сонголт муутай, хоцрогдсон орчинд ийм амжилт үзүүлнэ гэдэг аавын минь удирдах ур чадварын том илрэл байж дээ.
Удирдах хүн, өмнөө зорилт тавиад, түүнийгээ хамт олондоо ойлгуулаад, хамтраад түүндээ хүрч чадна гэдэг аугаа менежмент гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ? Энэ чинь оюуны мундаг бүтээл юм шүү дээ. Гэхдээ бүх л юм урдаа улаан туг намируулаад, уухай хашгираад сайхан болж байгаагүй юм. Их л олон удаа "матуулж", санхүүгийн болон Ардын хянан шалгахын шалгалтаар орж, сонин хэвлэлд шүүмжлүүлж байсан.
Хаа сайгүй ийм хандлага байсан. Нийгмийн ерөнхий чиг хандлага нь "Чи хэт баян байж, бас хэт ухаантай байж болохгүй, бүгдээрээ л ядуулаг, бас дуулгавартай бай" гэсэн хашлагатай байсан юм шүү дээ.
3. Шударга зарчимч байх
Аавыг хүмүүс ажил дээрээ чанга хатуу, гэртээ их зөөлөн байдаг гэж ярьдагсан. Багш нар нь, найз нөхөд нь манайд ирээд тоглож наадна, дуулж хуурдана, заримдаа барилдаж гэр буулгачих дөхнө. Гэсэн хэрнээ ажлын цагт, ажил дээрээ бүгд л ааваас эмээнэ. Аав том алаг нүдтэй. Нүдээрээ их муухай харах нь дургүйцлээ илэрхийлж буй нэг хэлбэр. Хашгирч зандраад байхгүй хэрнээ муухай харахад л "буруу юм болжээ", эсвэл "дүрэм зөрчжээ" гэдгээ хэн хүнгүй мэддэг байсан хэрэг.
Социализмын үеийн зарчим гэдэг нь өнөөдрийнхөөр бол тухайн байгууллагын дотоод дүрэм журам юм. Бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг адилаар, байгууллагын дотоод журам дүрэмд бүх хүн захирагддаг байх ёстой гэдгийг хатуу баримталж байснаас бус "хадны мангаа" буюу "дарангуйлагч" бол бүр ч байгаагүй. Харин захирах болон захирагдах хэм хэмжээг дагаж мөрдөхийг хатуу шаардаж байсан юм. "Наймаанд найз байхгүй" гэдэгчлэн "ажил хэрэгт ч найз байхгүй" гэдэг зарчим мөрдлөг болж байсан.
Аав ээж 2 биднийг худлаа хэлэхийг хатуу хориглодог байсан. Санаатай болон санамсаргүйгээр хэн ч буруу зүйл хийж болно. Буруугаа ойлгоод үнэнээ хэлбэл уучилна, худлаа хэлбэл шийтгэнэ. Тийм болохоор бид бүгдээрээ л худлаа хэлж чаддаггүй, хүнд амалснаа биелүүлэхгүй байж чадахгүй, худал хурмагтай эвлэрч, даган зусардаж чадахгүй "шударга гар"-ууд болон өсч хүмүүжицгээсэн. Тиймдээ ч социализмын үед байгуулагынхаа удирдлагын буруу үйл ажиллагааг хурал дээр шүүмжилчихдэг, алдар нэр гавьяа шагнал авсангүй гэж гоморхоод байдаггүй, хамт ажиллагсаддаа нэр хүндтэй, албан тушаал ахиж гавьдаггүй хэдэн хүүхэдтэйгээ сэтгэл хангалуун, нүүр бардам амьдарсан даа аав ээж хоёр минь.
Туйлын үнэн гэж байдаггүй ч нийтээр дагаж мөрдөх хууль дүрэм, хувийн ёс суртахуун, хүмүүжлийнхээ итгэл үнэмшил дээр тулгуурлан алив асуудалд шударга ханддаг байсан учраас бид хэзээ ч хүмүүсийн өмнө нүүр улайхааргүй байсан нь аав ээж хоёрын минь гавьяа. Аав минь ажиллагсаддаа яг л энэ зарчмаар ханддаг байсан болохоор хүмүүс ч их хүндэлдэг, үнэлдэг байсан юм.
Шувуун фабрикийн Хөдөлмөр хүмүүжлийн сургуулийн захирал байхад нь Ю. Цэдэнбал даргын аж ахуйд ашиглагдаж байсан оросын "Б-69" машин өгч л дээ. Нилээд хэдэн жил унасан юм даг. Түүгээр голдуу оргосон хүүхдүүдийн эрэлд явна. Сүүлд нь албаны хэрэгцээнд нь "УАЗ-469" машин өгөх болоход нь, албаны нэг нөхөр "Гомоо чи наад "Б-69"-өө хувьдаа авчихаа. Наадах чинь ямар ч данс бүртгэлгүй юм чинь хэн ч мэдэхгүй. Хожим хэдэн хүүхдэд чинь хэрэг болно" гэж л дээ. Аав гайхсан дүргүйцсэн сэтгэлээ илэрхийлж, нөгөө "Б-69" машинаа актлаад, бүр комисс гаргаж, хүмүүсийн нүдэн дээр уг машиныг гагнуураар тасдуулж, төмрийн хог дээр ачуулж байсан гэдэг. Хожим энэ тухайгаа яриад инээж байсан. Муйхар тэнэг, эсвэл хэт шударга зандаа ч биш, нөгөө л дүрэм журмаас ангид алив зүйлийг хийж болохгүй гэсэн итгэл үнэмшлээ баримталсан хэрэг.
Хүмүүсийг удирдаж, тэднээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, тэдэнтэй хамт тодорхой амжилтад хүрнэ гэдэг хэн хүний барьж аваад амархан хийчих ажил биш. Дээр өгүүлсэн 3 үнэт чанар хүн болгонд ч заяагаад байх биш.
Аав минь Гомоо багшаас, Гомоо захирал болон хөгжиж байхдаа ч урлаг спортоо орхиогүй. Эрдэнэхайрханы сургуулийн захирал хийж байхдаа урлаг спортын хосолсон тоглолт найруулж, бусад сумдаар аялан тоглож байсан. Ургамалын сургуулийн захирал байхдаа багш сурагчдын хамтарсан концерт бэлтгэж, Сантмаргац, Завханмандал сумдаар явж тоглож байсан, Шувуун фабрикийн Хөдөлмөр хүмүүжлийн сургуулийн захирал байхдаа хүмүүжигч сурагчдын концерт бэлтгэж Төв аймгийн Алтанбулаг сумд очиж тоглож байсныг ч би мэдэх юм.
Хожим СУЙС-ын аж ахуйн дарга байхад нь олон ч урлагийн алдартнууд Гачуурт дахь гэрт ирж бужигнаж байсныг ч санаж байна. Хүмүүсийг ялгалгүй хүндэтгэн харьцаж, тэднийг ойлгож, өөрийгөө ч тэдэнд ойлгуулж, дотносдог байсан нь эргээд аавд минь хүндэтгэл болон ирдэг байсан. Сайн удирдагч л хэзээ хойно хүмүүсийн бахархал болж, хайрлуулж хүндэтгүүлж байдаг нь хорвоогийн нэгэн өнгө аж.
Гурав. "Сэргэлэн Гооёо"
Аав залуугаасаа л их ганган дэгжин хувцаслана. Залуухан багш байхдаа тэр үед залуучуудын дунд моод болж байсан "аваарын цагаан" хэмээх кепка малгай, түрийг нь бага зэрэг гармошигласан хромон гутал өмсөнө. Хожим захирал болохдоо бас л цаг үеийн моод болсон каракуль захтай пальто, "гоголъ" хэмээх малгай, бүр сүүлд Улаанбаатарт амьдарч байхдаа Герман костюм пиджак, Герман ботинкоор гангарна. Хүмүүстэй их найзархаг, тэдэнд тус болж, өөрөө ч бас тусыг нь авдаг болоод ч тэр үү, алба аминд олох гэсэн бүхнээ л олдог, бүтээх гэснээ бүтээдэг байсан болоод хүмүүс "Сэргэлэн Гооёо" гэж нэрлэнэ.
Лав л тэр үед сургуульдаа шинэ ширээ сандал, хөгжим гээд шинээр гарч ирсэн болгоныг хөөцөлдсөөр авч ирдэг сэн. Зарим хүмүүс "зальтай " гэнэ. Мэдээж одооных шиг авилгал авч, өгч ажил бүтээнэ гэсэн ойлголт байгаагүй болохоор юуных нь заль байх билээ. Бусдаас илүү хурдан мэдээлэл авч, бусдаас өрсөн хөөцөлддөг байсан байх л даа.
Аавын тусаар олон ч айлын хүүхдүүд хөдөөнөөс хотод ирж сургуульд орж суралцан, мэргэжил эзэмшиж, сайн сайхан ажил амьдралтай залгасан. Одоо тэд дурсдаг, ач санадаг эсэхийг бүү мэд. Өөрийнх нь хэдэн хүүхэд өөрсдөө сургуульд орж суралцаад явчихдаг болохоор бусдын хүүхдүүдийг сургуульд оруулах гэж бусдаас гуйж явдаг байсан. Олон ч хүүхдийг хөлийг нь эрдмийн дөрөөнд дөрөөлүүлж, оюуны мэлмийг нь нээхэд тусалж буян болсон. Аавынхаа буянаар бид ч хувцасны сайныг өмсөж, сайхан гэр, байшинд дутагдаж гачигдахын зовлонгүй л өсөцгөөлөө.
Манайх Шувуун фабрикт 1975 онд ирж суурьшаад их боломжийн хашаа байшин барьж тохижсон доо. Хашаан дотроо 2 улиас тарьсан нь хожим холоос их л сүртэй харагддаг сан. Сүүлд 1989 онд Гачууртад суурьшихаар нүүж ирэхдээ, бүх хашаа байшингаа буулгаад, тэр чигээр нь ачиж, Гачууртад ердөө 7 хоногийн дотор бүгдийг босгосон гэдэг. Тэр нүүдэл нь чиргүүлтэй "Маз" бас бус машинд ачсан, бараг л ачааны вагон шиг л бараатай ирж байсан гэж аав ээж 2 хожим хуучилж байсан.
Гачууртад хэдэн үнээтэй болж, тэднийгээ маллах гэж бараг л хүүхэд маллахын дайтай юм болдогсон. Үнээ болгон нэртэй, бараг л тусгай саванд баах нь холгүй хэдэн "ямбатай" үнээгээ туухдаа аавын өмсдөг солонгос хүрэм, герман ботинк, америк пүүз, япон өмд гээд бүгд л супер гангараа.
Аав ном сонин их уншина. Бид нартай муушиг тоглож, хожсон мөнгөөрөө хэвлэлээ авна. Муушиг тоглохдоо үнэхээр кайфтай. Өөрийгөө дархан аваргын цолоор цоллож бидний хорыг малтана. Өгөө аваа дээрээ бол унжихгүй. Хожсон үедээ бөөн баяр. Нөгөө хэдэн сонингоо авах гээд баяртай нь аргагүй гарч одно.
Цаг үргэлж л баяр баясгалантай, хөгжөөн наргиантай, үнэхээр л " сэргэлэн' явсан даа аав минь. Гадаадад амьдарч байгаа дүү нарын ачаар Америк, Хятад, Солонгос явж ирсэн. Ирээд л явсан газрын сонингоо ярьж, авч ирсэн хувцсаа бидэнд үзүүлж, нэртэй алдартай фирмийн нэрс дуудаж реклмадана. Чамин чамин үзэг бал, түрийвч, тэмдэглэлийн дэвтэр, нүдний шил, цүнх, цаг цуглуулна. Бараг үхэртээ явахдаа, хот руу орохдоо өмсөх хувцас, зүүх цаг нь тусдаа байдаг. Хувцсаа эвхээд далд хийж хадгалаад байх. Хааяа гаргаж өмсөнө. Бид үүнийг нь шоолохоор "Та нар юм мэдэхгүй ээ. Эд чинь Монголд ганчан байдаг, тусгай зориулалтаар өмсдөг юм" гэж ам таглах.
Хөдөлгөөнтэй сэргэлэн явсан гэхэд архи тамхийг л хэрэглэж байгаагүй юм даа. Тийм дээ ч үр хүүхдүүд нь бүү хэл хүргэд бэр нь ч архи тамхи хэрэглэдэггүй хүмүүс таарч байх. Сайн юмны үр нөлөө сайнаараа .л үргэлжлэх хорвоо аж.
Дөрөв. Салж хагацашгүй хань ижил, "долоон бурхан"
Аав ээж хоёр маань Багшийн сургуульд суралцаж байхдаа танилцаж, бага залуугаараа ханилж, насан туршдаа оровч гаравч, сууж босовч үргэлж хамтдаа амьдарсан даа. Хоёулаа багшийн мэргэжилтэй байсан болохоор өглөө хамтдаа ажилдаа явж, оройд хамтдаа л орж ирнэ. Хоолоо хийхдээ хамт хийж, идэхдээ хүртэл бие биенээ хүлээнэ. Үргэлж л хамтдаа байсаар бие биедээ уусаж, нэг л хүн шиг болдогийг үр хүүхэд бид нүдээр харж, биеэр мэдэрч байлаа.
Зарим айлд байдаг шиг архи, хардалтаас үүдэлтэй хэрүүл маргаан гардаггүй байсан болохоор хүүхдүүд бид нь тайван, тохитой, халамжтай орчинд өсөж хүмүүжсэн азтай хүмүүс. Одоо бодоход бидний хүмүүжилд хамгийн сайнаар нөлөөлсөн зүйл нь "гэрийн жижүүр" байлаа. Ганболд ах /Абаа/ бид 2 нэг нэг өдрөөр ээлжилж гэртээ жижүүр хийнэ. Урд өдөр нь ээж, 12 мөнгөний дэвтэр дээр маргаашийн жижүүрийн хийх ажлыг яг дарааллаар нь цаг хугацаатай бичиж өгнө.
Тэр нь өглөө босч ороо хураахаас эхлээд гэрээ цэвэрлэх, аяга халбагаа угаах, түлшээ оруулах, усаа авах, тоосоо арчих, хоолны мах өшиглөх, гурил зуурах гэх мэт нарийн дараалалтай. Яг энэ дарааллаар цаг хугацаанд нь ажлаа хийж хэвшихээр алсдаа амар болдог байсан. Хамгийн төвөгтэй нь орой унтахын өмнө жижүүрийн ажлаа хүлээлцэх. Ээж дэвтрээ дэлгээд бүх хийсэн ажлыг шалгаж ард нь "онц", "сайн", "дунд", "муу" гэсэн дүнгүүдийг тавина. Маргааш жижүүр хийх Абаа миний ажлыг шалгаж хүлээж авна. Тэр үед манайд никел толгойтой орос цагаан ор байдаг байж.
Тоос олохын тулд Абаа цагаан хөвөн бариад орон доогуур шургаж, аль нэгэн хөндлөвчөөс тоос илрүүлж миний дүнг бууруулна. Хорссондоо гарах шахсан нулимсаа залгиж, маргааш Абаагийн дүнг бууруулах тоос олохын тулд хөвөн бэлтгэж, ажиглалт хийн тандана. Гэвч Абаа тоос илрүүлсэн газраа сайтар арчиж миний төлөвлөгөөг "будаа болгох" боловч, би яаж ийгээд тоос олж хариугаа авна.
Хүүхэд насны цагаахан"хорон" сэтгэлээс манай гэр их л цэвэрхэн, цэгцтэй болж, бид ч ажил хийж сурсан даа. Бид 2-оос хойш энэ алба дүү нарт минь уламжлагдаж, бид 2 -ын энэ "хорсол" - давтаж байсан тухай бид том болсон хойноо дурсан ярьж бөөн инээдэм болдогсон.
Загнаж дарамтлахгүй хэрнээ их л эвлэг аргаар биднийг ажилд сургаж, хариуцлагатай болгож хүмүүжүүлсэн дээ аав ээж 2 минь. Дээр миний дурдаж байсан члан алив ажлын эхлэл төгсгөлтэй, эмх цэгцтэй, дараалалтай хийж сурцгаахад гэрийн жижүүр л гол нөлөө үзүүлсэн юм.
Манай гэр соёлын довтолгооны жилүүдэд ч, хожим хойно ч ямагт "Сумын соёлч өрх" гэсэн бичигтэй, цацагтай улаан даавуун өргөмжлөлтэй байлаа. Соёлын довтолгооны жилд Эрдэнэхайрхан сумд байхад Төрийн гурван Яамны үзлэг гэж явагдаж, айл бүрээр төлөөлөгч орж соёлжилт, ариун цэвэр шалгаж байхад, гэр бүлийн концерт тоглож байсан нь санаанд өнөө ч илхэн. Хөдөө хязгаар нутагт байсан хэдий ч бидний өссөн орчин үргэлж цэвэр цэмцгэр, соёлтой байсан нь аав ээж 2-ын минь гавьяа. Ээж, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүх хүүхдүүдээрээ хатгамал хатгуулж, орны хөшиг, тор, дэрний уутуудыг гоёулдаг байсан сан. Мэдээж хөдөөний хүүхдүүдийн адил, худгаас ус авах, өвөл цас мөс үүрэх, түлээ хагалах, шаваг түүх гээд бүх л ажлыг бүгдээрээ л хийж өсөцгөөсөн. Тиймдээ ч бидэнд "эрхийн тэнэг", "дураараа тэнэг", " ажилгүй залхуу" болох боломж олгоогүй юм. Сард нэг удаа юм уу бүтэн сайн өдөр гэрийн дотор талаа угаах хуваарьтай. Өөрөөр хэлбэл гэрийн дотор талаас унь тооноо чийгтэй алчуураар нэг бүрчлэн арчиж цэвэрлэнэ гэсэн үг.
Хожим бид тус тусдаа амьдралтай болцгоож, аав ээж хоёр маань Гачууртад хоёулахнаа амьдарч байхдаа хэдэн үнээний сүүгээ, бүрсэн тарагтайгаа хувааж үүргэвчинд хийгээд хот руу орж ирэн хэдэн хүүхдэдээ тарааж явах. Намарт ганц үхэр төхөөрөөд махыг нь айл айлд хуваарилж өгөх. Үхтэл үр харам гэгч.
Монголчууд үр хүүхдүүдийнхээ төлөө л гэж өөрсдийгөө ч умартаж, бүхнээ зориулж явдаг ховорхон сэтгэлтэй ард түмэн. Авах л ёстой юм шиг, өгсөн бүхнийг нь авчихаад , хорвоогоос буцаад явсан хойно нь дурсан санахдаа "баярлуулж чадсан бил үү?" гэж сэтгэлдээ гэмшинэ. Аав ээж 2 минь 3 хүү 4 охин, 7 хүүхдээ "долоон бурхан" шиг л өсгөжээ. Тэнгэрт байгаа долоон бурхан од шиг л газарт гялалзаж яваа болохоор бид, аав ээжийнхээ ачийг хариулаагүй хэдий ч гомдоохгүй гэж хичээж явна.
Эрхэм баялаг эрдэм мэдлэг
Дунд баялаг үр хүүхэд
Адгийн баялаг эд хөрөнгө гэж эртнээс нааш монголчууд сүсэглэсээр ирсэн.
Аав ээж 2 минь энэ л ухаанаар үр хүүхэд биднийгээ өсгөж хүмүүжүүлжээ. Бидэнд эрдэм мэдлэг, зөв хүмүүжил, амьдрах ухаан, ажил хэрэгч чанарыг өвлүүлжээ. Үүнээс үнэтэй өв гэж хаана байх билээ.
Тав.Төгсгөл
Хүн энэ хорвоод нэг л удаа амьдарна. Хэрхэн амьдрахыг хувь заяанаас нь гадна, хүн өөрийн ухаанаараа шийддэг. Хүн бүр аз жаргалаа өөр өөрийнхөөрөө сонгодог. Зарим нь их мөнгөтэй байхыгаа, зарим нь хүмүүст тустай үйл бүтээснийгээ, зарим нь өөрийнхөө төлөө амьдарсныгаа, зарим нь үр хүүхдээ сайн сайхнаар өсгөж хүмүүжүүлснийгээ аз жаргал гэж үздэг. Юу юунаас илүү, чи хүн болж төрсөн учраас л аз жаргалтай байдаг. Хүн гэдэг бодьгал эцэг эхтэй, үр хүүхэдтэй байж, зовж баярлаж амьдарснаараа өөрийнхөө аз жаргалыг мэдэрдэг юм шиг...
Аав минь! таны нөмөр нөөлөг үгүй хэдий ч, таны 7 хүүхэд өөрсдөө л нөмөр нөөлөгтэй уулс болж, газар дээрх 7 бурхан од шиг гэрэлтэж явна даа. Заримдаа ажил дээрээ ядарч байхад ч, ямар нэгэн зүйлд сэтгэл чилж шаналж байхад ч, та үүд нээгээд ороод ирэх юм шиг санагдаж , өөрийн эрхгүй үүд рүү хардагсан. Ямар нэгэн ээдрээтэй асуудлаар өөртөө шийдвэр гаргахдаа ч "аав юу гэж хэлэх байсан бол?" гэж үгийг тань үгүйлнэ. Гэхдээ одоо бид алзахгүй ээ. Таны үр удам, үндэс угсаа улам л арвижин дэлгэрч, тэр болгонд таны ухаан, зан төлөв шингэж байгаа. Тэгээд л та газар дээр мөнх оршсоор байх болно.
Таны нямбайлан хөтөлж үлдээсэн баримтууд тань, таныг сайнаар дурсаж бичсэн найз нөхөд, хамаатан садан, үр хүүхдүүдийн тань дурсамжууд энэ номыг бий болгосноор Монгол дахь "Харнууд" овгийн нэгэн шинэ намтар бий болж байна. Цаашид монголд төдийгүй, дэлхийд нэртэй олон олон "Харнууд" овогтнууд энэ номын үргэлжлэл, таны мөнхийн сүнсний үргэжлэл болон улам улам хөгжсөөр байх болно.
Та, биднийг хөгжөөх гэж "Монголд ганц" гэж өөрийгөө нэрлэдэг байсан шиг, Монголд төдийгүй үр хүүхэд бидэндээ цорын ганц аав минь юм шүү. Хүү нь чадах ядахаараа тандаа үгэн хөшөө босголоо. Та минь мөнхөд амар амгалан оршиг ээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. 1007-10-06
"Аав уулын суварга" номноос
"Монголд ганц" аав минь




Сэтгэгдэл
Aav,eejteigee baihad yneheer setgel dyyren saihan baidag shyy.
Хү муу бол нохойн амнаас ч үг сонсдог юм.Би чамд гудамжинд хэвтэж байдаг золбин нохойн өмнөөс хав хав гээд хэлчихье.Чиний аав чинь хээр алаг байсан болохоор чи шийр алаг байгаа юм байна тээ.Чи ийм үгтэй юм чиний чиний аав мөн л тийм хүн байсан нь харагдаж байна.Аавгүй өссөн бол заяа муутай л Юм байна.
Чи яаса сонин яриатай хүн бэ.Чиний аавгүй өссөн чинь чиний л хувь тавилан.Хүн болгонд аав нь цорын ганц...Би ч гэсэн аав минь нас бахчихаад аавгүй өссөн.Тэглээ гээд аавтай хүүхдүүдэд жаахан атаархдаг ч аавгүй болчихоосой гэж бодож байгаагүй.Сэтгэлд гал байхад гэрт гал олддог юм.Чи л одоо үр хүүхэддээ сайн аав болвол болоо юм биш үү.Үнэхээр энгийн хэрнээ гоё л нийтлэл байна ш дээ.Эцсийн эцаст тэр хүн чадалтай болохоор оо захирал , энэ хүү заяатай болохоороо захаиралын хүү бас ухаантай болохоороо өнөөдөр үгийн суварга босгосон юм.Битгий ингэж бай.Ийм болохоороо л монголчууд өөдөлдөггүй байхгүй юу
RSS энэ нийтлэлийн сэтгэгдэлүүдийн жагсаалт.