You are here: Бусад уран бүтээлчид Иркагийн эмгэнэл

Иркагийн эмгэнэл

И-мэйл Хэвлэх PDF

Сатрижос Рагана (Латвийн нэрт зохиолч)

Хэдийнээ баруун руу тонгойсон нарны алтан ордны хаалгаар цухуйж буй мэт тал хагасыг Ирка жимсний цэцэрлэг дундах толгой дээрээс харж байснаа хүүхэлдэйнүүдээ түргэхэн цуглуулж аваад гэр рүүгээ явлаа.Тэрээр нар гудайтал энд байхдаа шингэхийг нь харахааа мартана гэж үгүй. Ер нь энд жаахан байзнаж Жимтэй тоглох дуртай байдаг ч ээж нь болохоор дуулгавартай сайн хүүхэд ээжийнхээ үгээр байх ёстой гэж хэлсэн, бас өдөржингөө тэнгэрийн орноо инээд алдан тоглосон нартай адилхан гэр рүүгээ ярахдаа Ирка баяртай байдаг байв.Охин нар шингэхтэй уралдан гэртээ орохоор товцог дээрээс уруудан гүйлээ.

Tүүний ард Иркагийн хамгийн хайртай нөхөр,бас цорын ганц найз хилэн хар нохой Жим нь цогино.Нар ямар сайхан газар байдаг бол оо.Сарнайгаар хучигдсан дээвэртэй,нил цэцгэн цонхтой,алтан өнгөөр туяарсан ордон байгаа даа.Дотор талд нь ямархан баяр хөөр,гэрэл гэгээтэй байдаг бол.Тэгэхэд Иркагийн гэр болохоор хоосон баргар.Ээж нь алга байлаа.Хаалга нь цоожтой,үйлчлэгч Лидва завгуй,гал зууханд. Жимийг гал тогооны өрөөнд тулганы арын харанхуй, нууцлаг буланг шиншлэн нэгжиж байх зуур Ирка үйлчлэгч Лидватай ярих дуртай байв.Гэвч үйлчлэгч эмэгтэй үргэлж завгүй,нааш ,цааш холхино,мөс хадгалдаг өрөө,саравч,пин явахгуй газаргүй.

Ирка ч бас хоосон гунитай өрөөнүүдийг сүлжин унтаа,дүнсгэр тавилгуудыг сэртэл чанга,чанга явна.Тавилгууд Иркаг явахад доргиж,санадал ширээ нь хэн нэгнийг суухыг хүсэн дулаацах шиг болж,гар хүрэхэд өөрсдийн гоо үзэсгэлэнг магтан дуулж,инээд хөгжөөн,яриа хөөрөө болох шиг охинд мэдрэгддэг байв.Гэвч төдхөн дуугаа хурааж аанай л гүн нойрондоо умбан зөвхөн цаг ямагт чимээ нь гарч байдаг унтлагын өрөөний цаг,өрөө хэссэн шумуулны уйтгартай дуу хоёр л сонсогдож үлдэнэ.Ирка ганц цагаан ор бүхий өөрийнхөө өрөөнд ороод ажилдаа орж явчихлаа.Тэр хүүхэлдэйнүүдээ түргэхэн оронд нь оруулахгүй бол болохгүй,орой унтвал маргааш ядарна гэдгийг охин мэднэ.Гэвч тэднийг унтахынх нь өмнө сөхрүүлж суулгаж байгаад залбирал хийлгэв.Ээж нь түүнд бурханд залбирч бас хүүхэлдэйнүүдээ залбируулж бай гэж хэлээгүй ч тэгэх ёстой гэдгийг тэр хүнээр хэлүүлэлтгүй мэднэ.Тийм болохоор Ирка хүүхэлдэйнүүдтэйгээ үдэш болгон залбирал хийдэг байв.Тэрээр хүүхэлдэйнүүдийнхээ хажууд сөхөрч суугаад "Бүтээгч эцэг,бурхан тэнгэр минь...талх....хайрла.Биднийхээ нүглийг өршөөн хэлтрүүл...Амен."

Өөр үгнүүд байдгийг Ирка мэдэх боловч санаанд нь нэг л орж өгөхгүй байв. Үйлчлэгч Лидвад мөргөлийн үг зааж байх зав байхгүй,ээж нь болохоор том болоод мөргөж залбирах болвол үгийг нь аяндаа сурчихна гэж хэлсэн аж.Харин Иркагийн хувьд том болохоосоо өмнө бусад хүүхдийн адил одооноос мөргөл үйлдэж байх хэрэгтэй байв.Харанхуй боллоо.Эхний хэсэг одод цонхоор жирвэлзэн үзэгдэж эхлэв.Ирка хүүхэлдэйнүүдээ оронд нь оруулж дуусаад нойрмог Жимийг сагсанд нь хийж өвдөг дээрээ тавиад цонхны дэргэдэх сандал дээр суугаад авав.Илүү олон одод түгчихсэн байлаа.Чанх дээр нь түүний дуртай од хөгжөөнтэйгөөр анивчина.Тэр од цонхоор нь харагдахдаа гэрэл цацруулсан толгойгоороо охин руу дохиод байдаг болохоор Ирка түүнд дуртай байдаг байв.Нэг удаа Лидва охинд однууд диваажин руу явчихсан хүүхдүүдийн сүнснүүд байгаа юм гэж хэлснээс хойш охин бусад однуудад ч мөн хайртай байх болжээ.Тэд тэнд үнэхээрийн баяртай байгаа даа.Аав нь,бас ээж нь бурхад  байж таарна.Тэд өөрийнх нь аав,ээж шиг биш үргэлж хамт байдаг байх.Иркагийн хувьд аав нь Каунaс хотод их хол суудаг,тийм болохоор ээжтэйгээ байдаг байв.Охин аавтайгаа байхдаа унэхээр жаргалтай байдаг байлаа.  Тэгтэл нэг өдөр ээж нь хааш нь юм бэ яваад ганцааар иржээ.

Хүйтэн өвөл..тэгээд Kристмас болсон.Ээж нь охинд сүлд мод зассан боловч аав нь байхгүй байсан болохоор түүнд гунигтай.Харин дараа нь аав нь их бэлэгтэй ирээд буцсаныхаа хойно охинд захиа бичиж Иркаг өмнө нь нэг удаа аваачин заан, бас арслантай кино үзүүлэн халуун шоклад амттаны мухлагт ууж байсан Каунас хотод ирэх хүсэлтэй эсэхийг асуусан байв.Дахиад нэг ирэхдээ Жимийг авчирч өгөөд ирээгүй байгаа нь энэ юм.Бурхан ч,Иркагийн ээж ч мөнхийн завгүй ажилд дараастай,бурханы хувьд охин тэнгэрүүдээ хүмүүсийг хамгаалуулахаар явуулсан байж таарна.Иркагийн ээж болохоор ажил төрлөө эмхлэх гээд нааш,цааш явна.Цаг өөр болсон болохоор хүн болгон өөрт оногдсоныг хийхээс аргагүй.Бурхан шиг хэн нэгнийг зараалаар явуулна гэж үгүй.Хэрвээ хүн хөлсөлж гэмээн тэд үргэлж хуурч мэхэлнэ. Эсбөгөөс хулгай хийнэ.Тийм болохоор Иркагийн ээж үргэлж тэр болгоныг харж хянадаг байлаа.Бурханы оронд бол харин хэн ч хулгай хийдэггүй гэдэгт Ирка итгэдэг байв.Ер нь нүгэлгүй хүн л тийшээ очдог гэж Лидва охинд хэлсэн аж.Бас хулгай хийх бол нүгэл гэж Ирка итгэнэ.Гагцхүү ээжийнхээ үгэнд ордог хүүхэд л тийшээ очдог гэж Ирка бодно.Аз жаргалтай олон,олон жижигхэн одод тэнд байж таараа.Хуучин тээрмийн тэндэх цэцэгс мэт үй түмэн оддын олонхи нь тоглохоор гарч ирдэг,тэгээд тэнгэрт гэрэлтдэг гэдэгт охин бас итгэдэг байв.Тэднийг хэн ч,Иркагийн ээж нь ч тоолж чадахааргүй олон.Харин аав нь...охин ааваасаа тэдгээр оддыг дахин харахаар ирэх эсэхийг асуудаг байв.Хэрвээ аав нь ирвэл..Аав нь хамгийн сүүлд ирснээсээ хойш ирэлгүй их уджээ.Тэр удаагийн ирэлт бол Жимийг авчирсан ирэлт биш харин хавар цаг байсан,хавар Жимийг авчраагүй санагдана.Аавтайгаа модон дундуур нил цэцэг хайж явсан юмдаг.Одоо бол алим хэдийнээ боловсорч гүйцсэн цаг.Охинд Жимийг аав нь авчирч өгсөн нь түүний хувьд үнэлж барашгүй тустай зүйл болсон байлаа.Охин аавдаа учиргүй хайртай болохоор Каунас хотоосоо ирж ээж,бид хоёртой байхгүй юм уу гэж асуужээ.Аав нь болохоор ажил төрөл болохгүй байна гэж хариулсан аж.Тийм хөгийн заваан ажил төрөл гэж бас байдаг аа.Охин тэрхүү ажил төрөл гээчийг үзэн ядаж байлаа.    

" Тэнгэрийн оронд ажил төрөл гээч юм байхгүй биз дээ?"гэж охин оддоос асуув.Тэд инээмсэглэж толгойгоо сэгсэрчээ.

"Байхгүй ээ,Ирка,байхгүй" Охин толгой сэгсэрч Жим рүүгээ бөхийн

"Сонсоо биздээ,Жим.Тэр ажил төрөл гээч юм тэнгэрийн оронд байдаггүй юм байна шүү дээ.Тэр жаахан одод мөн ч жаргалтай байж таарна даа "гэв.Гэвч Жим сонссонгүй.Эзнийхээ үгийг дуулаагүй болохоор энэ ертөнцийн оршихуйгаас зүүдний эзэнт улс руу явж байлаа.Тэр нарийхан хоншоороо Иркагийн өвдөг дээр тавиад гүн нойрондоо автжээ.Тиймээс охин хайртай андаа тэрхүү аз жаргалтай газраас авчрахыг хүссэнгүй,харин зөөлөн илэх завсраа өөрийн бэрхшээл,шаналалынхаа тухай оддод хэлсээр авай.Охин өдөржингөө Жимтэй тоглоод шөнө нь ододтой ярилцдаг байлаа.Харин ганцхан бороо орох л юм бол Бурхан ээж нь тэднийг гадаа гаргадаггүй болохоор Иркагийн хувьд ганцаарддаг байв.Ирка хамгийн дуртай одоо олж харлаа.Хэрвээ нүдээ онийлгоод харах юм бол тэрхүү одны алтан утаснууд нь гадагшаа хөврөөд эхэлнэ.Тэгснээ өөрийг нь анхааран хайр энэрлээ ирүүлж байх шиг охинд санагддаг байв.Тэр үед бүх одод инээмсэглэн хоорондоо шивнэлдэнэ.Хэрвээ хэн нэгэн хүүхэд тоглох хүүхэдгүй ганцаардаад байвал тэр оддоос аль нэг нь газарт буугаад ирдэг гэж Ирка боддог байв. Бурхан нэг жижигхэн одоо тийнхүү хэн нэгэн хүүхэдтэй найзлуулахаар явуулдаг гэдэгт тэр итгэнэ.Магадгүй, өөрийг нь үргэлж ганцаарддаг болохоор нэг одоо явуулах ч юм бил үү.Үнэндээ Жим өөртэй нь тоглож наадахаас бус юу ярилцаж болохгүй,тийм болохоор одны хүүхдэд ярих юм түүнд зөндөө байлаа.Охиныг ийнхүү бодол болон сууж байтал гэнэтхэн цонхны цаанаас танил дуу гарлаа.Ирка суудлаасаа огло үсрэн босч харанхуй өрөөнүүд дундуур ээжийгээ тосон баяр хөөртэй гэгч нь гүйн очиж хаалганыхаа түгжээг мултлан хаалгаа онгойлгож өгөөд ээжийнхээ гарыг үнсэн,нүүрийг нь илж эрхэллээ.

"Ирка минь аядаж үз" гэж ээж нь инээснээ "гадуур хувцасаа тайлаадхая "гэв.

"Ээжийгээ учиргүй их саначхаа юу?Өдөржингөө миний охин юу хийж байв даа,сайхан байв уу? "гэж ээж нь асуулаа.

"Та ирж байгаа болохоор сайхан байлгүй яахав.Би өнөөдөр бас л нар дагуулж,нартай хамт гэртээ орж ирсэн шүү дээ.Би сайн хүүхэд,тийм ээ,ээж ээ?Таны ажил төрөл гоё байв уу?"

"Ирка минь дээ.Ажил төрөл тийм ч сайн биш.Санаа зовоосон юм их байна аа  "гээд ээж нь санаа алдлаа. Ирка ээжийгээ тайвшруулах хэрэгтэй гэдгийг мэдэрлээ.Eр нь ч өсч том болж байгаа болохоор тэрхүү гүйцэгддэггүй ажил төрлийг нь гүйцэлдүүлэхэд ээждээ туслах ёстой гэдгийг тэр ойлгож байв.Охин тэр өдөр Жим юу хийснийг,бас хэрхэн ухаантай,дуулгавартай байсныг ээждээ ярьлаа.Тэрээр шувуу мэт шулганан жиргэж түүнийхээ аясаар улаахан уруул нь түр ч атугай зогсолтгүй хөдөлсөөр байв.Эээж нь харин яриаг нь арайхийн тасалж

" За сайн байна,Ирка.Түргэлж үз.Хоолоо ид.Унтах цаг болсон байна шүү" гэв.

"Тийм л дээ,ээж.Гэхдээ би тантай хамт байж жаахан яриллцмаар байна шүү дээ.Надад ярих юм их байна" гэж уруу царайлав.

" Чи надад бүх юмаа л ярьсан шүү дээ.Маргааш ярьж бас болно биздээ.Би маргааш гадагшаа явахгүй."Эээжийгээ тэгж хэлмэгц Иркагийн хөнхөр хар нүднээс хоёр дусал нулимс гарч ирэв.Гэвч ээж нь уйлсанд нь дургүйлхэж хөмсгөө зангидсан болохоор ээж,охин хоёрын хэн нь ч түүнийг арчсангүй.Үнэндээ бол ээж нь түүний нулимсыг олж хараагүйдээ биш харин удахгүй хойноос нь орж ирэх гэж байгаа хамт ажилладаг Гурскисд сандал суудал засч хамт хооллоход бэлтгэх гээд завгүй байсан хэрэг юм.” Та Гурскис гуайтай удаан ярих,тэгээд би унтах ёстой юм байна л даа” гэж охин асуусан,тунирхсаны завсраар хэлжээ. “Юу гэсэн үг вэ,Ирка! Би яагаад хүнтэй ярилцаж болохгүй гэж.Чи ч гэсэн том болоод хүсвэл хэн нэгэнтэй шөнө дунд хүртэл ярьж болно шүү дээ.” Ирка хэсэг чимээгүй байснаа цайгаа уулаа.

" Ээж,аав хэзээ бидэн дээр ирэх юм бэ?"

"Мэдэхгүй ээ..."

" Ирэхгүй их удаж байна даа.Магадгүй зуун жил болов уу.Аавын ажил төрөл нь амждаггүй юм уу,ээж ээ?"

"Магадгүй ээ.."

"Ээж ээ,тэнгэрийн жижигхэн оддоос алтан одод нь далавчтай байдаг гэж үнэн үү?Тиймгүй бол тэд нисэж чадахгүй байх даа?"

" Ирка,юугаа яриад байгаа юм бэ?Энэ болгон чинь Лидвагийн хэрэг.Томоотой  бай.Өвөл болохоор би чамд асрагч хөлслөмз.Тэгэхлээр түүнтэй одод далавчтай байдаг эсэх талаар ярилцаж болно." Иркагийн ухаан санаанд олон бодол,бас олон асуултууд чихэлдэн байх авч тэр болгоныгоо асуух боломж олдож өгсөнгүй,ээж нь түргэхэн хооллоод өрөө рүүгээ явлаа.

Тэр уг нь ээждээ “тавтай нойрсоорой” гэж хэлэх гэсэн боловч дугуй босоо захтай цагаан даашинзаа түргэхэн өмсөөд эхэлсэн болохоор тийнхүү чимээгүй гараад ирсэн хэрэг юм.Тэрхүү дааашинз ээжийг нь цагаан сарнай шиг болгож харагдуулдаг болохоор Ирка түүнд дуртай байдаг байлаа.

" Гурскис гуай таныг ширтсээр байгаад хоолоо ч олигтойхон идэж чадахгүй дээ" гэж охин үнэн санаанаасаа хэлжээ.

"Чалчаа минь унтаж үз"гээд ээж нь инээд алдав.

"Би том болоод үүн шиг чинь даашинзтай болоод шөнө орой болтол зочидтойгоо хөөрөлдөнө,тийм ээ".

Энэ үед хаалга цохиж,хаягтай Софиа ч яаруухан хувцаслаж дуусчээ.

Тэгмэгц Ирка ээждээ сайхан нойсохыг ерөөж ч амжсан юм байхгүй зөвхөн гарыг нь үнсээд өрөөндөө орoв .Өрөөндөө орж ирээд хамгийн түрүүнд хүүхэлдэйнүүдээ хэр тавтай унтаж байгааг нягталж үзээд Жимийн хүйтэн хоншоорыг үнсээд орондоо оржээ.Орондоо ороод бодож байхнээ ямар нэг зүйлийг дутуу хийчихсэн юм шиг түүнд санагдаад байв. Нэг л болохгүй юм байгаад байх шиг санагдах авч чухам юу байж болох вэ гэдгийг тэр хэлж нэг сайн чадахгүй байлаа.Ээж нь өрөөнд нь орж ирж гэзгийг нь сүлжиж унтуулдаг хэрнээ түүнээ мартчихсан юм шиг санагдана.Энэ бол нээрээ Гуpскис гуайг ирэх болгонд байнга болдог зүйл л дээ.Лидва ч орж ирэхгүй,яагаад тэр хоол хош бэлтгээд завгүй.Ирка өөрөө гэзгээ сүлжинэ гэхэд үнэндээ жоохон байлаа.Чин үнэнийг хэлэхэд гэзэг сүлжихдээ гол нь биш ганцаардана гэдэг түүнд амаргүй байлаа.Магадгүй ингэсгээд ээж нь ороод ирэх ч юм билүү гэж Ирка горьдоно.Тэгэхгүй дээ,ээж надад сайн биш гэх бодол Иркад төрнө.Хэрвээ Гурскис гуай ирээгүй бол ээж нь орж ирэх байсан.Яагаад тэр нээрээ манайд ирээд байдаг юм бол оо?Ээж нь түүнийг сайн хүн,ажил төрөлдөө тусалдаг гэж ярьсан боловч Ирка түүнд угаасаа дуртай биш байв.Охин төдөлгүй босоод бурханд мөргөж эхэллээ."Тэнгэрийг бүтээгч эцэг минь..."Энэ удаа тэр хэлдэг үгээ огт санасангүй,харин чин сэтгэлээсээ хүсэн мөрөөддөг зүрхнийхээ үгийг мөргөл болгон хэлжээ.

"Бурхан минь энэ заваан ажил төрөл гээч юмыг дуусгаж өгч Гуpскис гуайг манайд ирэхийг болиулж харин аавыг минь буцааж ирүүлээч,Амен."Tөдөлгүй Ирка гуниг зовлонгоо мартаж сэтгэл нь тайвшрав. Охины хувьд асрагчтай болох,тэгээд асрагчаараа үсэг заалгаад аавдаа өдөр болгон захиа бичиж байх,бас аав нь эргээд хариу бичнэ гэж бодоход сайхан байв.Уг нь тэр аль хэзээний бичиг сурмаар байсан боловч ээж нь ажилдаа түүртээд түүнд багшлах завгүй байсаар өдийг хүрсэн хэрэг юм.Ирка маргааш ээжийгээ хааш нь ч явахгүй гэртээ өнжинө гэснийг саналаа.Тийм болохоор тэр ээжээсээ ой руу явах эсэхийг асууна.Тэгж бодуут Иркагийн зүрх хөөр баяраар бялхаж өмнөх гунигтай бодлууд нь мартагдан аз жаргалтайгаар инээмсэглэсэн хэвээрээ нам унтчихсан байлаа.Маргааш өглөө нь Ирка жимсний цэцэрлэгтээ тоглож байгаад тоглоомынхоо жижигхэн байшингаас год үсрэн гарч ирэв.Үнэхээрийн гоё дулаахан,бас нарлаг өдөр байсныг тэр анзаарах ч сөхөөгүй байжээ.Тэрээр ээжийнхээ босох цагийг болсон гэж бодоод гэр рүүгээ гүйлээ.Асрагч Лидва эзэгтэйнхээ өглөөний цайг оронд нь уулгахаар дөнгөж оруулж өгч байхад Ирка унтлагын өрөө рүү харваж ороод эхийгээ тэврэн үнслээ.

"Ээж ээ,би тантай өнөөдөр мод руу явмаар байна.Гоё доо.Та намайг аваад явна биздээ?"

"Үдийн хоолны дараа явж болох л юм.Мөөг олдож магад,сагснуудаа авч явах юм шүү. "Иркагийн нүд айсуй баярын зөнгөөр сэргэн гялалзаж байв.

"Тэгэхдээ ээж ээ,Жим бид хоёрыг л авч явна биз дээ?Сайхан даа,сайхан!"

Тэгснээ тэр" мистэр Гурскис гуай өнөөдөр aрай ирэхгүй биз дээ? "гэж болгоомжлонгүй асуув.

"Яагаад ингэж асуух болов?Ирэхгүй байлгүй дээ."

"Би ч бас л ирэхгүй байх л гэж бодож байна.Яагаад гэвэл тэр өчигдөр ирсэн.Дахиад өнөөдөр юу л гэж ирэв гэж."  "Ухаантай бай,Ирка минь.Хэрвээ чи ээждээ хайртай л юм бол мистэр Гурскисийг ирэхэд баяртай байх ёстой.Тэр ээжид чинь сайн,бас их тусалдаг.Чамд ч тэр сайн.Түүний авчирч өгсөн нэг их гоё хайрцагтай чихрийг чи санахгүй байна гэж үү?"

"Би түүнийг чинь аль хэдийн идчихсэн шүү дээ.Eр нь ч дахиад хэрэггүй.Түүнийг ирэх болгонд та намайг хайрлахаа больчихдог.Аавыгаа л ирүүлмээр байна."

"Дэмий юм битгий чалчаад бай,Ирка.Хүүхдийн үгийг тэр бүр авч хэлэцээд байдаггүй юм.

Ээжийгээ л юу хэлнэ,хүүхэд харин түүнийг дагах ёстой.Хэрвээ ийм юм яриад байх юм бол чамайг хайрлахаа үнэнээсээ болино шүү."

Ирка дуулгавартай байхаа амлаж цэцэрлэгт нь шөнө цэцэглэж хоносон шинэ цэцэгсийг ээжийгээ дагуулж ирж үзүүлжээ.Түүнийг явсны дараа Ирка цэцэрлэгтээ үлдэж элсний хувин дотроо цэцэг суулгаж өөрийн бяцхан цэцэрлэг байгуулан тоглож эхлэв.Эхлээд бүх юм сайхан болж байсан ч удалгүй Жим бас тоглож Иркагийн хувин доторхи цэцгийг суга татаад хаячихав.Охин түүнийг хөөж байснаа сүүлдээ дагаж гүйлээ.Тэр хоёрын хөөцөлдөн гүйж дэгж дэрвэн орж,гарч байх нь нарны гэрэлд загас усандаа байх мэт жаргалтай харагдана.Төдөлгүй Ледва Иркаг хоолыг нь идүүлэхээр дуудаж ирлээ.

"Ирка чи зочинтой байгааг мэдсэн үү? "гэж Лидва асуугаад" мистэр Гурскис дөнгөж ирээд байгаа " гэв.Ирка уг нь мэдээгүй байсан юм.Түүний баяр хөөр лаа мэт бөхжээ.

"Ээж мод руу явахаа больсон байх даа" гэж тэр бодлоо.София хатагтай,мистэр Гурскис хоёр ширээний ард аль хэзээний суудлаа эзэлжээ.Ирка тэр хоёр руу гараараа дохин мэхийж мэндчилээд суудал руугаа явлаа.

"Мисс Ирене,эрхэм дээдэс Жим хоёр өнөөдөр ямар ая зантай байна даа?" гэж мистэр Гурскис асуулаа.

"Намайг мисс Ирене гэж битгий дууд л даа.Миний нэр зүгээр л Ирка.Тэгээд л болоо" гэж тэр хэгжүүрхэн хариулжээ.Мистэр Гурскис инээлээ.

"Ямар сүрхий хүүхэд вэ,танай охин.Том болсон гэхэд дуртай баймаар атал харин гомдож байдаг."

"Охин маань жаахан ууртай байгаа юм" гэж гэж хатагтай София хариулаад Ирка руу зэмлэсэн харц чулуудав.Ирка хооллож дуусан дуустлаа ю ч дуугарсангүй.Харин дараа нь ээж рүүгээ ойртон

" Та амласнаараа намайг мод руу авч явах юм байгаа биздээ?" гэж асуув.

"Наадхаа зочинд хэл.Хэрвээ чи аятайхан хэлбэл тэр за гэж магадгүй дээ.Тэгвэл гурвуулаа явамз."

" Хэрвээ надаас асуувал би зөвшөөрч магадгүй л юм" гэж мистэр Гурскис нэмлээ.Гурвуулаа явна гэдэг нь Иркагийн хувьд байх боломжгүй зүйл шиг санагдаад байв.Мистэр Гурскис цуг явбал ээж нь Иркаг тоохгүй гэдгийг тэр мэдэж байв.Тийм болохоор Ирка зочиныг алгасан шууд ээждээ хандаж

"Ээж,бид зочныг явтал хүлээж байгаад дараа нь явж болохгүй юу?" гэж асуув.

" Чи маш бүдүүлэг,бас найрсаг биш байна шүү" гэж ээж нь хэлээд царай нь улайжээ.

"Ийм охинтойдоо сэтгэл өвдөх юм" гэж тэр нэмж хэллээ.

" Хэрвээ би ээжтэй чинь цуг явбал юу болчих гээд байгаа юм бэ,залуу бүсгүй?Тэгээд яaх хэрэг вэ? "Ирка том хар нүдээрээ мистэр Гурскисийг тааламжгүй харж

"Та явах ёсгүй..та миний аав биш "гэв.

" Хатагтай София,танай охин хэрцгий нэгэн болж эхэлж байгаа юм байна шүү.Анхааралтай байхгүй бол аав шигээ болж байгаа юм байна даа.Миний хувьд зөвлөхөд ойд явахаа хойшлуулаад харин түүний оронд нөгөө худалдаанд гаргах царс модоо надтай цуг гарч үзвэл яасан юм бэ?"  "Хэрвээ та ядрахгүй байгаа бол би сүйх тэрэг бэлэн болгоотхоё,тэгээд одоохон гаръя л даа."Тэгж хэлмэгц Иркагийн нүдэнд тэртэй тэргүй бүрэлдэн бий болж байсан нулимс томрон хацар дээгүүр нь бөмбөрлөө.Тэр хоолны өрөөнөөс гүйн гарч өөрийнхөө өрөөний буланд очиж гомдож цөхөрсөндөө гараараа толгойгоо түшин суугаад уйлж эхэлжээ.Ээж нь хэдий амласан боловч мод руу явахгүй.Харин түүний оронд мистэр Гурскистай зугаалах бөгөөд түүний хэзээ буцаж ирэхийг гагцхүү бурхан л мэднэ.Мистэр Гурскис бол аймшигтай,бүр аймшигтайн цаад аймшигтай,Иркаг нэг удаа айлгаж байсан эр галуунаас аймшигтай гэж охин бодно.Тэр өчигдөр,бас өнөөдөр ирсэн,магадгүй маргааш,нөгөөдөр,бүр үүрд мөнх ирэх болно.Тэгэхлээр Жимийг эс тооцвол тэр ганцаар болж байна гэсэн үг.Бяцхан эзэгтэй нь ая тухыг нь хангаж байдаг өөрийнх нь тухай бодож байгаа гэдгийг мэдэж байсан ч Жим түүнийг хоншоороороо зөөлхөн нударлаа.Тэр нь Иркаг бүр гунигтай болгосон болохоор Жимийг өввөр дээрээ авч нүүрээ хүзүүнд наан мэгшин уйлжээ.Жим түүнийг үнэнээсээ ойлгосон нүдээр харж нулимсыг нь долоов.

Хэсэг байзнасны дараа охин бодлоо.Магадгүй ээж нь охиноо өрөвдөөд гадгшаа гарах бодлоо өөрчилсөн ч юм билүү.Ээжтэйгээ уулзах нь зөв юм байна, ээж нь түргэхэн гарaад буцаад ирж ч болно,ирчихээд дараа нь Ледватай мод руу явж бас болно.Охины хувьд ч гэсэн ээжийнхээ гарыг үнсэж хоолон дээр муухай авир гаргасандаа уучлал гуйх юм шүү гэж бодож байв.Ирка нулимсаа гайгүй сайн арчиж аваад хоолны өрөө рүү гүйж орлоо.Хоолны өрөө хоосон,харин зочны өрөөнөөс дуу,хөгжмийн чимээ гарахыг сонсчээ.

Ээж нь төгөлдөр хуурын ард суугаад мистэр Гурскис түүнд ойртон чихэнд нь ямар нэг юм шивнэж байснаа охиныг орж очиход холдов.Охин ямар нэг юм хэлэх гэсэн боловч ичиж балмагдсан ээжийнхээ"юугаа хийгээд гадаа гарч тоглохгүй үүгээр гэтээд яваа юм бэ?Түргэл,цэцэрлэгтээ оч!" гэж ууртайгаар хашгирахад чимээгүй болжээ.Ирка өмнө нь ээжийнхээ ийм ууртайгаар хашгачиж байхыг сонсоогүй болохоор гайхан хөшсөн түүнийг эх нь гараараа эргүүлэн хаалгаар түлхэн гаргав.

"Цэцэрлэг рүү марш!" Ичгүүр,уур хоёрын давалгаа Иркагийн зүрхэнд босч ирэв.Зөрүүдлэхдээ зэргэлдээх өрөөнийх нь цонхны дэргэд хэсэг зогсов.Тэр онгорхой хаалгаар ээжийнхээ дууг сонсож байлаа.

"Ингэх нь зөв гэж бодож байна.Би л сайн барьж байхгүй бол Ирка аав шигээ хэрцгий нэгэн болж өсч магадгүй."

" Оо, наад асуудлаа одоо бүр орхичих "гэж мистэр Гурскис үгийг нь таслав.

"Би түүнийг байнга чи бид хоёрыг зааглаж харин эцэгтэйгаа чамайг аль болох ойр байлгахыг эрмэлзэх болно гэдгээс айж байдаг юм.Охинтой тааралдах болгондоо би тэгж шаналдаг.Хонгор минь, би хэзээ нэгэн цагт чамайг  бусдынх байсан гэж бодоход ямархан хүнд байдгийг чи төсөөлж чадахгүй дээ."

"Чи юмыг их хуучнаар сэтгээд байх юм " гэж хатагтай София хариулав.

" Наад явдал чинь аль хэдийний өнгөрсөн.Ямар хамаа байна аа.Одоо бол би чинийх.Ганцхан л чинийх."Ирка сайхь яриаг бүхэлд нь сонссон боловч эхэндээ нэг сайн ухаж ойлгосонгүй.Тэр эхдээ өширхсөндөө зөрүүдэлж хэсэг зогссоноо харанхуй ойд төөрсөн хүн шиг хааашаа явж юу хийхээ шийдэж чадахгүй болчихов.Гэвч ээжийнх нь үг түүнийг ямар нэг хэмжээгээр сэрээжээ.

" Яагаад мистэр Гурскистэй ээж тийм дотно байна вэ?Тэр миний аав,тэр ч байтугай миний нагац биш,бас хоолон дээр ээж ямар ёсорхог байсан гээч.Аав,аав маань л.."

Нэг санаа толгойд нь сүүмэлзэн орж ирэхүй тэр бодол түүнийг өрөө рүү нь хөтөллөө.Бяцхан зүрх нь хэдий шархирч байсан ч нүдэнд нь өчүүхэн ч нулимс байсангүй.Уурласан шазруун зан нь түүний нулимсны булгийг бөглөсөн хэрэг.Ээж нь түүнд хайргүй,бас мистэр Гурскисын дэргэд шившиг болгосон,нохойн золбин гөлөг шиг хөөж гаргасан.Тэр дуулгавартай байхыг хичээж эцэст нь ядахдаа Лидватай ойд явах зөвшөөрөл авах гэж байсан юм.Ээж нь өмнө нь иймэрхүү байдалтай байж байсан удаагүй,харин энэ удаа аймшигт мистэр Гурскистэй аавыг нь янз бүрээр хэлж байдаг.Ээж аавыг нь,бас охиноо хайрладагаас илүү мистэр Гурскисийг хайрлаж байна гэхэд охинд бүх юм ойлгомжгүй байлаа.Ирка энэ дэлхийд хамгийн хайртай,бас хамгийн сайхан сэтгэлтэй,бүхнээс илүү аав руугаа ээжтэйгээ явж хамт явж очоод цуг амьдрамаар байв.

Аав нь охиндоо учиргүй хайртай болохоор ээжийнх нь авирласан шиг гомдмоор зан яасан ч гаргахгүй дээ.Охинд мөнгө байжээ.Тэр нэг удаа Каунас хот руу авгатайгаа цуг явснаас үлдсэн жаахан мөнгө түүнд байсан юм.Цонхоор хартал сүйх тэрэг ирээд ээж нь мистэр Гуpскистай цуг тэргэнд сууж байлаа." Ээж баяртай ч гэдэггүй байна шүү." Охины уур цухал хөдөлсөндөө уйлчих шахлаа.

"Тэр хоёр явах юмандаа яваг.Тэгэхлээр нь би аав руугаа явна даа."

Тэр аян замд бэлтгэн юмаа цуглуулж эхэллээ.Төмөр замын өртөө хоёрхон милийн цаана байдгийг охин ээжтэйгээ өмнө нь очиж байхдаа бас мэддэг болсон юм.Бас тэр түргэхэн амжаад очвол Каунас явах галт тэргэнд сууж чадна гэдэгийг мэдэж байв.Ханын шүүгээнээс хавар нь Каунас явахдаа авч явж байсан нэг аятайхан сагс байсныг гаргаад ирэв.Түүн дотроо хэдэн гайгүй хувцас,дуртай нусны алчууруудаа өрлөө.Сагсанд нь зай байгаагүй болохоор хүүхэлдэйнүүдээ цөмийг нь авч явж чадахгүйдээ тэднээс дотроо уучлал гуйж байв.Харин хамгийн их хайртай,бас анхаарал халамж хэрэгтэй хамгийн багыг нь сагсандаа байрлуулжээ.Урид өдөр нь тэр цонхны тавцан дээр зогсож байгаад нэг том лийр цэцэрлэгтээ ургасан байхыг олсноо аавдаа бэлэг болгон өгөхөөр авлаа.Бас ээжийнхээ өгсөн цөөхөн чихрийг авчээ.Ирка хувцасаа сольж гоё хувцас өмсөж болохгүй байв.Яагаад гэвэл тэр арынхаа товчнуудыг товчилж чадахгүй Ледваг гуйх болно,мэдээж Ледва түүний явахыг зөвшөөрөхгүй.Одоо өмсөж байгаа хувцас нь ч ер нь гайгүй цэвэрхэн хэвээр байв.Тэр улаан малгай,хаврын хүрмээ өмсөж хармаандаа аавынхаа бэлэглэсэн шар түрийвчийг хийлээ.Энэ дотор нь арван шинэхэн латвийн мөнгөн тэмдэгт байгаа.

Ингээд Жимийг дуудаж өрөөнөөсөө сэмхэн гарлаа.Ирка зам даган алхаж байхдаа ээжийгээ замаар гэр рүүгээ буцаж ирж болох юм гэж болгоомжилж явав.Тэр ээжтэйгээ уулзмааргүй байлаа.Лидва түүнд намайг олсонгүй,цэцэрлэгт ч,хашаанд ч,өрөөнүүдэд ч,ер хаа ч байхгүй байна гэж хэлэх болно.Тэгэхлээр ээж нь түүнийг ой мод руу Жимтэй цуг яваад улаан малгайт шиг чононд идүүлсэн гэж бодох болно.Тэр үед би аавынхаа өвөр дээр сууж байх болно.Ээж нь санаа нь зовоод эрнэ....тэр уйлж ч магадгүй..бурхан минь! Тэр ээжийг нь аймшигт Гурскистай цуг яваад Иркаг дахин хайрлахгүй байхыг нь болиулж таарна.

Төмөр замын буудал дээр олон хүн байхаар Ирка айсандаа зүрх нь баригдсан шувуу шиг тонгочив.Гэвч тэр зоригоо чангалан тасалбар авах хэдэн хүний ард хэзээ язааны том хүн шиг очиж зогслоо.Хавар нь авгатайгаа явахад тэр тасалбарыг нь өөрөөр нь авхуулж байсан болохоор яаж авдагийг сайн мэдэж байв.Тасалбар худалдаалах цонхон дээр очин мөнгөө гаргаж түүнтэй эелдэгхэнээр харьцах буудлын эзэнд хандан

"Каунас орох хоёрдугаар зэргийн хагас суудал өгөөч" гэв.

Буудлын эзэн түүнийг сониучирхан харснаа инээмсгэлээд тасалбар өглөө.Ирка тасалбарыг үлдсэн мөнгөтэйгээ цуг хармаа руугаа чихээд Жимийг авч галт тэрэгний суух талбай руу нэвтрэв. Tүүнийг ороход харин галт тэрэг ирж байж таарав.Зүрх нь түргэн ,түргэн цохилоод эхэллээ.Тэр хоёрдугаар зэргийн суудлынхаа вагоныг хайж олов.Гэвч хаалга нь хаалттай ,хүн оруулахгүй байгаа харагдана.Энэ Иркад галт тэрэг түүнийг үлдээгээд явчих гэж байгаа юм шиг санагджээ.Гэвч нэг настайвтар эрэгтэй хүн вагоноос гарч ирлээ.Ирка тэр хүнээс хаалгаа хаахгүй байхыг гуйтал харин нөгөө хүн бууж ирээд Иркаг өргөж оруулаад Жимийг хойноос нь авч өгчээ.Тэр нь тэр вагонд явсан цорын ганц зорчигч бөгөөд суудал дээрээ сунаж хэвтээд унтаад өгөв.Ирка тэр хүний эсрэг талын суудалд суугаад Жимийг хажуудаа тавьлаа.Галт тэрэг ч хөдөллөө." Ээж,ээж "гэж тэр уйлсан боловч ээжийнх нь дэргэд нэг том хар сүүдэр гарч ирээд өөрийг нь хайрлаж байсан ээжийнх нь хайрыг тагалчих шиг охинд санагдав.Галт тэрэгний дугуйны хэмнэл түүний бодлыг дуу болгон цууриатуулж

" Ээж нь Иркад хайргүй дээ,хайргүй дээ

Охин нь аав руугаа явлаа даа,явлаа даа..."

Ирка өөрийнхөө сэтгэлийн хөдлөлийг ялж хэнэггүй байхын тулд цонхоор харлаа.Нэг морьтой хүн замаар явах харагдана.Тугал хөтөлчихөж.Тэр хүн зах ороод хүүхдүүддээ олон сайхан бэлэг аваад очиж байгаа даа гэж Ирка бодов.Аавыгаа очихоор ямар сайхан байх бол оо.Цаахан нь Иркагийн үеийн баймаар нэг охин хонь хариулж явна.Ирка тэр охины хариулж яваа хонин дундах шиг жаахан хургануудыг харах дуртай.Харин Ирка нугаснаас л айна.Тэнд бас нэг хэдэн хүүхэд байшингийн үүдэнд сууцгаах харагдана.Ах,эгч нар байж таарна.Тийм олуулаа байх ямар сайхан байдаг бол.Ээж нь тэр байшинд нь амьдардаг байлгүй дээ.Бүх юм нь үзэсгэлэнтэй сайхан,амьдрал нь сонирхолтой байгаа даа. Ийнхүү юм бодсоор яваад Ирка цаг өнгөрсөнийг нэг хэсэгтээ мэдсэнгүй,галт тэрэг хаа нэгтэй зогсох гэж байлаа.Дахиад гурав зогсоод аав дээрээ очино гэдгийг Ирка мэдэж байв.Гэнэтхэн аав нь охиноо ганцаар хүрээд очиход яaсан их гайхах бол гэж Ирка бодов.

Уурладаг болов уу?Жаахан хүүхэд галт тэргээр ганцаараа явж байгааг Ирка хараагүй.

Ийнхүү юм бодсоор яваад Ирка цаг өнгөрсөнийг нэг хэсэгтээ мэдсэнгүй,галт тэрэг хаа нэгтэй зогсох гэж байлаа.Дахиад гурав зогсоод аав дээрээ очино гэдгийг Ирка мэдэж байв.Гэнэтхэн аав нь охиноо ганцаар хүрээд очиход ясан их гайхах бол гэж Ирка бодов.

Уурладаг болов уу?Жаахан хүүхэд галт тэргээр ганцаараа явж байгааг Ирка хараагүй.

Тэгснээ өөрийнхөө бодлыг өөрөө үгүйсгэлээ.Аав нь түүнд өмнө нь хэзээ ч уурлаж байгаагүй.Тэр өөрт нь хачин их хайртай.Ээж өөрийг нь ерөөсөө хайрлаагүй болохоор цаашдаа ээжтэйгээ хамт байхгүй гэж аавдааа хэлнэ гэж охин бодно.Тэгснээ аавыгаа хамт буцаж очоод ээжтэйгээ хамтдаа амьдарцгаая гэж гуйх нь зөв юм байна гэж бас бодов.Аав буцаж очоод ээжийн ажилд туслах болохоор мистэр Гурскисын хэрэг байхгүй болно.Ийнхүү охин өөрийн бүхий л хүсэл мөрөөдөлдөө итгээд бүх юм сайхан болно гэж бодоход жаргалтай байлаа.Гэтэл нэг танихгүй бүсгүй өртөөн дээр вагонд орж ирээд Иркагаас юм асууж эхлэв.    "Жаахан охин минь,хаа хүрэхээр явж байна даа?"

" Би Каунаст байдаг аав дээрээ очихоор яваа юм аа."

" Хэнтэйгээ цуг аав руугаа явж байгаа юм бэ?"

"Жимтэй цуг."

"Сайн байна.Чи Жимтэйгээ яваа юм байж.Хэн харин чамайг авч яваа юм бэ?"     

гэж асуугаад бүсгүй инээв.

" Хэн ч авч яваагүй.Жим бид хоёр л "

"  Ганцаараа явж байгаа хэрэг үү?Ийм жаахан байж уу?"

"   Би тийм жаахан биш.Долоо хүрч байгаа." "Тийм байж.Том болж байгаа юм байна.Гэхдээ чамайг хэн явахыг зөвшөөрсөн юм бэ?"

Ирка хариулсангүй,цонхоор харж эхэллээ.Тэр хатагтай түүнийг гэр рүү нь буцааж магадгүй гэж тэр айжээ. Эмэгтэй дахиад л ам нээж

"Чи Жимээ өвөр дээрээ авч суух нь дээр.Таслбар шалгагч орж ирэхдээ нохой суудал эзлүүлснийг хараад уурлана" гэв.Охин эмэгтэйн зөвлөснөөр нохойгоо өвөр дээрээ авлаа.

Нээрээ л төдхөн тасалбар шалгагч орж ирэв.Тэр Иркагийн тасалбарыг авч үзээд

"Нохойд чинь тасалбар байна уу?" гэв.

" Би тасалбар авдагийг мэдээгүй.Мэдсэн бол авах байсан юм" гэж Ирка айсандаа ээрүүтэв.Түүний зүрх дахиад л торонд орсон бор шувуу хана мөргөн сандчих адил булгилаад явчихав.

"Тасалбар авах ёстой байлгүй яхав.Одоо тэгээд яах вэ?" Иркагийн нүд нулимсаар бүрхэгдэв.Тасалбар шалгагч Жимийг тасалбаргүй болохоор шүүрч аваад цонхоор шидчих юм шиг санагдав.Тэр нохойгоо өгөхгүйн тулд чанга тэвэрч суулаа.Цонхоор шидвэл хамт л шиднэ биз.Ирка "Жимийг минь цонхоор битгий шидээч дээ "гэж чичирхийлсэн уруулаа хөдөлгөн хэлээд нулимстай нүдээр шалгагч руу царайчлангүй харлаа.

" Надад үлдсэн жаахан мөнгө байгаа.Тийм болохоор би тасалбар авчихаж чадна" гэж арайхийн нэмж хэлэв.

"Мөнгө байгаа юм байж.За яaхав,Жимдээ чи тийм их хайртай юм бол энэ удаа өнгөрөөе.Гэхдээ би дахиад ийм байдлаар тасалбар авахгүй зорчихгүй байх гэж бодож байна" гэв.Шалгагч тийнхүү хэлснийхээ дараа үнэн сэтгэлээсээ инээд алдаад цааш явлаа.Мөнөөх эмэгтэй жаахан нарийн боов гарган охиныг,бас Жимийг дайллаа.Ирка айхаа больж сайхь эмэгтэйгээс юм асуув.

"Та охинтой биздээ?"

" Байгаа.Ганц биш,бүр гурав шүү.Бас нэг жаахан хүү байгаа."

" Ямар сайхан юм бэ?Тэд цугтаа байдаг болохоор сайхан байгаа даа.Гэхдээ тэд   

хэнтэйгээ цуг байдаг юм бэ?"

"Аавтайгаа."

"Аав нь бас л тантай цуг байдаг уу?"

"Тэгэлгүй яахав." Ирка хүүхдүүдийн нэрсийг асууж ямархуу тоглоомоор тоглодог,бас юу

хийснийг нь асууж гарав.Сайхь бүсгүй инээмсэглэн хариулна.Дараа нь бүсгүй 

Иркагийн талаар сонирхлоо.Тэр юу болоод ийнхүү ганцаар аялж явааг нь

мэдэхийг хүсч байв.Охин их л болгоомжтой хариулж байсан болохоор тэр Иркагаас  нэг их тодорхой зүйл сонсож чадсангүй.Зөвхөн л урьд нь Каунас хот орж байсан,ээж  нь их завгүй,аавыгаа удахгүй гэртээ харих гэж байгаа гэхчлэн цөөн үгээр хариулжээ.

Хэдий ингэж ярьж байвч Иркагийн сэтгэл өвдсөн хэвээр байлаа. Олон хүүхэд аавтайгаа цуг амьдарч байгаа.Ирка л ганцаараа,аав нь хол байгаа,бас ээж нь түүнийг хайрлаагүй!Эцэст нь Ирка удаан сууж ядраад цонхноос цонхны хооронд холхиж эхэллээ.Эмэгтэйн бугуйн цагийг хараад хэдий хугацааны дараа аавынхаа  байгаа хотод очихыг асуув.Тэгээд цонх руу буцаж очоод амандаа ганцаар" дөчин минутын дараа би аавтайгаа уулзсан байна даа,дөчин минутын дараа би аавтайгаа уулзсан байна даа "гэж зөөлөн аяллаа.Хэдэн минут болоод дахиад цаг асуув.Үлдсэн цаг богиносох тусам тэвчээр нь барагдаж байлаа.Бүсгүй буугаад аав дээрээ яаж очихыг нь асуув.Ирка өмнө нь авгатайгаа ирж байсанчлан хоёр дугуйтай жижигхэн морин тэрэг авч Жимтэйгээ суугаад Кэстүтис гудамжинд хүрчихнэ гэж бодож байв.Сайхь эмэгтэй буугаад Иркаг хүргэж өгье гэхэд нь "Танд баярлалаа.Та сайн хүн юм.Гэхдээ би замаа өөрөө мэднэ" гэж хэзээний учраа олоод сурчихсан туршлагатай аялагч эмэгтэй шиг хариулав.Гэвч тэр хоёрын очих гудамж нэг байв.Галт тэрэг Каунаст орж ирэхэд цугларсан олон хүний дунд аавыгаа байж магадгүй гэж Ирка тал,тал тийш нь гайгүй сайн харав. "Аав байдаггүй юм байх даа?"Тэд сүйхь тэргэнд суугаад ойртож явахдаа охин аавынхаа байшинг олж хараад танихгүй эмэгтэйтэй цуг ирж байгаадаа учиргүй их ичиж,морин тэргэн дээрээс уначих юм шиг санагдаж байв. Хөтчийг зогсуут охин түрийвчээ гаргаж ирлээ.Гэвч сайхь эмэгтэй Иркагаар мөнгө төлүүлээгүй болохоор Жимийг тэврэн үсэрч буугаад хаалга руу хурдлав.Охин хаалганы хонхыг дарж тэвчээр нь алдагдсандаа бараг зогсож чадахгүй болж байв.Бараг жил болж байж нэг юм хүний хөлийн чимээ гарлаа.Түлхүүр эргэж,хаалга онгойв.Гайхан алмайрсан үйлчлэгчийг анзаарсан ч юмгүй аав нь байнга ширээнийхээ ард ажиллаад сууж байдаг өрөө рүү нь чавхдав.Тэр аавыгаа тэврэхээр гараа алдлан инээд алдсан уруулаас нь" аав аа,би ирлээ" гэсэн үг алдууран алдаж гүйж явлаа.Гэвч тэдгээр үгс аманд нь царцан хоёр гар нь доошоо хоосон унжив.Аавынх нь бичгийн ширээний ард танихгүй залуухан эмэгтэй сууж байх нь тэр ээ.

" Аав хаана байна вэ?Би уулзахаар ирлээ!" Иркагийн нүд томрон танихгүй эмэгтэйг гайхсан харцаар ширтжээ.

"Хэн юм бэ,чи?Ханаас яваа юм бэ?" гэж өөр шиг нь бас л гайхсан залуухан эмэгтэй асуув.

" Миний нэр Ирка.Би аавтайгаа уулзах гэж ирлээ."

"Түүнийг уруу татахын тулд ээж чинь явуулаа юу?Энд чи яах гэж ирэв?  Аавд чинь чамтай зууралдах цаг байхгүй. "Tэрхүү үгс маш хахир хатуу сонсогдож Иркагийн нүд эрээлжлэн толгой нь эргэжээ."Аавын сандал дээр юун эмэгтэй сууж байгаа юм бол?Тэр сандал дээр аав нь суудаг,хааяaхан л ээжийг нь суухыг зөвшөөрдөг биш билүү?Яагаад тэр эмэгтэй өөр рүү нь огт гэмгүй байхад ийнхүү уурсан харна вэ?Яaж тэр эмэгтэй тийм хахир хатуу үгсийг хэлж чадаж байна аа?"Ирка тэдгээр асуултуудад хариулт олж чадсангүй.Хэн нэгэн түүнийг аймшигтай,харанхуй,гүнзгий нүх рүү түлхэх шиг,зүрхийг нь төмөр хумсаар урах шиг санагдав.Охин өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй чанга дуу гарган уйлж эхлэв.Тэр ойролцоох буйдан руу очин дээр нь савж унаад нулимсандаа хутгалдан мэгшлээ.Нөгөө гоё сагс нь шалан дээр унаж,улаан малгай нь чихэн дээр нь арай гэж тогтоно.Жим түүн рүү зориг муутайхан дөхөж очин урд хоёр хөлөө буйдан дээр тавьж итгэл найдвараа гээсэн бяцхан эзэгтэйнхээ нулимсанд халтартсан нүүрийг аяархан долоожээ.

Орчуулсан Т. Дашбалдан

Сэтгэгдэл нэмэх

  • Шинээр

  • Их уншсан

  • Сэтгэгдэл ихтэй