Германы “машиныг” сербүүд зогсоов уу ? Испанийн шүүгч “моторыг” нь цохиулав уу?
- Нэмэлт мэдээлэл
- Нийтлэгдсэн Friday, 18 June 2010 14:20
- Үзсэн: 9647
Эхний тоглолтдоо “ногоон тив”-ийнхнийг бут ниргэсэн Герман, хэдийгээр Видич, Иванович гээд шилдэг хамгаалагчтай ч Ганын шигшээг бараагүй Сербийн тоглолт хэний ч төсөөлж байгаагүйгээр өндөрлөв.
Хэдийгээр Сербүүд энэ тоглолтод бүх хүчээ шавхаж, шийдэмгий тоглох нь тодорхой байсан. Сербүүд хянамгай, өрсөлдөгчийнхөө “цоорхой”-г хүлээсэн тоглолт хийж байв. Харин немцүүд “хэндээ ч нэг зангаараа” тоглолтыг удирдаж довтолгооноо угсруулан хийсээр. Энэ тоглолтын “гол баатар” нь талбайн шүүгч болно гэж хэн саах билээ. Испанийн шүүгч эхний хэдхэн минутаас л шар хуудсаар хоёр багийн тоглогчдод хайр харамгүй “жавтий” хүртээж эхэлсэн. Дөнгөж 22-хон минут өнгөрч байхад аль хэдийн дөрвөн тоглогчид шар хуудсаар торгосн байлаа. Хэрэв санаатай, гэмтэл учруулахаар байсан бол шүүгчийн зөв гэмээр. Гэтэл огтхон ч ноцтой зүйл болоогүй байхад ингэж бөөндсөн нь харамсмаар. 37 дахь минутад Германы гол довтлогч , гурван дэлхийн аваргад нийтдээ 11 гоол оруулаад байгаа Мирослав Клозег бөмбөгний төлөө тэмцсэнийх нь хариуд хоёр дахь шар хуудсаар торгож, улмаар улаан хуудас үзүүлэн талбайгаас хөөлөө. Шүүгч хүн “бүдүүн эрхтэй” байж болно л доо. Гэхдээ бүдүүлэг алдаа гаргаж болмооргүй баймаар. Очиж очиж хамгийн дэг журамтай, даруухан Клозе шүү.
Клозег талбайгаас гармагц л минут ч бололгүй сербүүд глоол оруулсан. Өөрөөр хэлбэл тоглогчдын сэтгэл зүйд шууд нөлөөлж байгаа хэрэг. Баруун захаас Красичийн хөөргөсөн дамжуулалтыг 202 см өндөр Жигич буюу Сербийн “Крауч” Германы ахлагч 170 см Ламаас “өндөр” үсрэн мөргөн Иовановичид өгөөд цаадах нь хаалганы өмнө ганцаараа байсан тул төвөггүй гоол орууллаа.
Германчууд хэдийгээр хүн дутуу бараг бүтэн цаг шахуу тоглосон ч тоглолтын санаачилгыг авч хожихоо байг гэхэд тэнцэх бүрэн боломжтой тоглосон. Даанч боломжоо ашиглаж чадсангүй ээ. Ялангуяа тунис гаралтай Германы хагас хамгалагч Сами Хедирагийн хүчтэй цохилт хаалганы хөндлөвч оносон, 11 метрээс Подольски хаалгасан гээд л. Ганцхан Подольёки гэхэд л хичнээн олон боломж алдав аа?
Сербүүд ч гоолоо хамгаалж тоглосон ч үе үе сөрөг довтолгоо хийж байсныг дурьдахгүй өнгөрч боломгүй. Иовановичийн шон оносон цохилт, Жигичийн хөндлөвчид туссан мөргөлт гээд хэлж болох.
Тоглолтын төгсгөл рүү Германы дасгалжуулагч Лев Какау, Гомес гээд хоёр ч довтлогч нэмж гарган, гурван хамгаалагчтай тоглон шийдсэн “мэх” хийгээд үзсэн ч үр дүнд хүрсэнгүй ээ. Сербүүд ДАШТ-д анхны ялалтаа байгууллаа.
Гоол: 0:1 – Йованович (38).
ГЕРМАН: Нойер, Лам, Фридрих, Мертезакер, Бадштубер (Гомес, 77), Хедира, Швайнштайгер, Озил (Какау, 70), Мюллер (Марин, 70), Подольски, Клозе.
СЕРБ: Стойкович, Иванович, Суботич, Видич, Коларов, Кузманович (Петрович, 75), Нинкович (Качар, 70), Станкович, Красич, Йованович (Лазович, 79), Жигич.
Шар хуудас: Клозе (12), Иванович (18), Коларов (19), Хедира (22), Лам (32), Суботич (57), Видич (60), Швайнштайгер (73).
Улаан хуудас: Клозе (37).
Шүүгч: Альберто Ундиано Мальенко(Испани).
Ц.Энхтүвшин (“Таван цагариг”)











Comments
Ter USA-giin 3 dahi gooliig yasan geed toosohgyi bolsoniig ogt oilgoogyi. Off-side yum uu gesen chin foul gedeg bna shdee
RSS feed for comments to this post