Wed08272014

Last updateMon, 25 Aug 2014 11am

 
 
Back Та энд байна: Home Нийтлэл тэмдэглэл Нийтлэл Танин мэдэхүй Түүх Монгол Ардын Нам хэрхэн байгуулагдсаныг эргэн харахад

Монгол Ардын Нам хэрхэн байгуулагдсаныг эргэн харахад

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн түүхч эрдэмтэдтэй хамтран хөтөлж буй "Монголын түүх бичлэг дэх ташаарлыг залруулах нь" булангийнхаа хоёрдугаарыг та бүхэнд толилуулж байна.

А.АЛТАНБАГАНА

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Монголын түүхийн тэнхмийн багш. Магистр.

1911 онд монголчууд Манжийн эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо олсон ч 1915 онд Хятад, Орос хүч хавсран Монгол улсад автономит хэмээх пайз зүүж, тус хоёр улс бие биеийн өмнө гэрээнд зааснаас илүү цэрэг, иргэдийг Монголд оруулахгүй байх, дотоод асуудалд нь хошуу дүрэхгүй байх үүргийг харилцан хүлээжээ. Үүгээр Монгол улс Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэй орших болсон ч хэрэг дээрээ бие даасан улсын байдалтай орших боломж бүрдсэн билээ.

Энэхүү автономит эрх бүхий улсын нутаг дэвсгэрийг хөрш улсууд нь Халх, Ховдын хязгаараар тогтоож үүнийг харгалзан Гадаад хэмээх үг Монгол улсын нэрийн өмнө байрлах болжээ. 1917 онд Оросын хаант засаг унан, түүний орыг Зөвлөлт Орос улс залгаснааар 1915 оны Хиагтын гэрээний нэг тал хэрэг дээрээ үгүй болов. Энэ байдлыг ашиглан 1918 оны эхээс Хятадын эрх баригчид Гадаад Монголын бие даасан байдлыг устгах арга хэмжээг Хүрээнд сууж байсан Чен И-гээр дамжуулан хэрэгжүүлж эхлүүлжээ. Үүгээр Гадаад Монгол Хятадын эрхшээлд бүрэн орох аюул үүсэж, үүнийг сөрж зогсохоор 1918 оны дундуур С.Данзан, Ө.Дэндэв, Д.Догсом нар “тангарагт нөхөд” болон нэгдсэн бол мөн оны сүүлээр Консулын дэнжийн бүлэг үүсэв. Тангарагт нөхөд, Консулын дэнжийн бүлэг нэгдэх нэгдэх үйл явц дардан шулуун байгаагүй бөгөөд уг хэрэг бүтэн жил гаруй хугацаанд үргэлжилжээ.

Тангарагт нөхөд, Консулын дэнжийн бүлэг харилцан биеэ таньж мэдсэн нь. Тангарагт нөхдийн нэг С.Данзан, Консулын дэнжийн бүлгийн Д.Бодоо нар хоорондоо эчнээ танилууд байсан нь хоёр тал харилцан бие биеэ мэдэх нэг суваг болжээ. Энэ хэрэг Д.Бодоо урьд таних С.Данзаны гэрт хоёр удаа очиж тухайн үеийн улс төрийн хэрэг явдлын талаарх түүний санаа бодлыг туршин асууж, өөртэй нь үзэл бодол нэг хүмүүс буй эсэхийг лавласнаар эхэлсэн байна. С.Данзанаас харийн түрэмгийллийн эсрэг Д.Догсом, Ө.Дэндэв нартай “тангарагт нөхөд” болон тэмцэж буйгаа Д.Бодоод танилцуулсангүй. Зөвхөн нөхдийгөө Монголын автономит засгийн байдалд санаа зовж явдаг хүмүүс хэмээн хэлж, Д.Бодоо тэдэнтэй тус бүрчлэн уулзаж санаа бодлыг нь сонссоны дараа өөрийн бүлгийн нөхдөд тэдний тухай ярьжээ. Үүний дараа Консулын дэнжийн бүлгээс Д.Бодоогоос гадна С.Жамъян “тангарагт нөхөд”-тэй уулзах болсон бөгөөд С.Данзан нар түүнийг өөрсдийн эгнээнд оруулахаар нөхөрлөж эхэлжээ.

Ийнхүү тангарагт нөхөд, Консулын дэнжийн бүлэг өөр өөрийн эгнээг өргөтгөх явцдаа бие биеэ танин мэдэж авсан байна. Энэ уулзалтууд цаг хугацааны хувьд 1918 оны төгсгөлөөр болж, хоёр этгээдийн хооронд ажил хэргийн холбоо тогтолгүй монголын есдүгээр оны  нүүрт оров. Өөрөөр хэлбэл, 1918 оны сүүлээр Консулын дэнжийн бүлэг С.Данзан, Ө.Дэндэв, Д.Догсом нарыг, “тангарагт нөхөд” Д.Бодоогийн бүлгийн С.Жамъянг тус тус мэдэх болж аль аль нь танилцсан нөхдөөрөө эгнээгээ өргөтгөхийг хичээж байсан нь тэдний хооронд холбоо тогтох эхлэл болжээ. Тэдний энэ үеийн харилцаа нь хувь хүмүүс хоорондын шинжийг хадгалж, харилцан биеэ туршин тандсан байдалтай байж хараахан ажил хэргийн холбоо тогтоолгүй, улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах талаар тус тусдаа арга зам хайж байлаа.

Нууц бүлгүүд хамтран тэмцсэн үе. 1919 оны намар Хятадын генерал Сюй Шү Жан Нийслэл Хүрээнд ирж Чен И-гийн явуулж байсан хэлэлцээрийг гартаа авч, Монголын эрх баригчдыг цэргийн хүчээр далайлган автономит эрхээсээ сайн дураар татгалзахыг тулган шаардаж эхлэв. Уг асуудлыг хэлэлцсэн Улсын Доод хурлын (хаан, засгийн газарт санал оруулах эрхтэй) хуралдаанд Консулын дэнжийн бүлгээс С.Жамъян, Н.Жигмэддорж, “тангарагт нөхөд”-өөс Д.Догсом, мөн тэднээс өөртөө татан нөхөрлөж байсан М.Дугаржав зэрэг хүмүүс оролцож, тус хурлаас хэрхэвч хятадын эрхшээлд орохгүй хэмээн эсэргүүцсэн ч няцаагджээ. Гадаад Монгол бие даасан байдлаа алдан хятадын мэдэлд орох үйл явц түргэсэж нөхцөл байдал ноцтой болсноор “тангарагт нөхөд” болон Консулын дэнжийн бүлгийн тэмцэл идэвхжжээ. Үүний дүнд “тангарагт нөхөд” 10 гаруй хүнээр эгнээгээ өргөтгөснөөр Хүрээний бүлэг бүрэлдсэн бөгөөд тус бүлэг энэ тухай хэргийг Оросын консулд мэдэгдэх, тусламж гуйх бичгийн эхийг зохион, Богд хаантнаа айлтгаж зөвшөөрлийг нь олохыг оролджээ.

Харин Консулын дэнжийн бүлэгт тэмцлийн нэг зорилго бүхий Хүрээний бүлэг ба Америк, Японоос тусламж эрэхийг оролдож байгаа зарим ноёд түшмэдийн бүлэг байгааг ярилцаад Хүрээний бүлэгтэй хамтран ажил хэргээ явуулахаар тогтов. Хүрээний бүлэгт давхар харъяалагдаж байсан С.Жамъян ( тэрээр дээр өгүүлсэн консул Орловоос тусламж хүсэх, тусламж эрсэн бичгийг зохиох, энэ хэрэгт Богдын зөвшөөрлийг эрэх  хэрэгт оролцжээ) энэ шийдвэрт чухал нөлөө үзүүлсэн байна. Ийнхүү Консулын дэнжийн бүлгээс Хүрээний бүлгийн гишүүдийг таньж мэдэх, тэдэнтэй холбоо тогтоох, хамтран тэмцэх шийдвэр гаргахад Д.Бодоо, С.Жамъян нар идэвхийлэн зүтгэж голлох үүргийг гүйцэтгэжээ.

1919 оны 11 сарын 17-нд Монголын эрх баригчид автономит эрхээс татгалзсан бичигт гарын үсэг зурж, маргааш нь Сюй Шү Жан уг бичгийг авч Бээжин буцсан бөгөөд удалгүй Нийслэл Хүрээнд эргэн ирж 1920 оны 1 сарын 2-нд Монголын автономит эрхийг устгах гутамшигт ёслолыг үйлджээ. Энэ хоёр үйл явдлын завсарт хоёр бүлгийнхэн харилцан итгэлцэж цаашид шашин үндэс ба монголын жирийн олон түмнийг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэхийн тулд харийн түрэмгийлэгчид ба тэдэнд найр тавьж байсан ноёдын эсрэг тэмцэх үзэл санаан дор хамтран ажиллахаар тохиролцжээ. Эндээс үзвэл, нууц бүлгүүд нь хувьсгалч үзэл санаа бүхий улс төрийн бүлэг бус харин улсынхаа бие даасан байдлыг хамгаалах, түүнд хор хүргэж буй улс төр, нийгэмд бугшсан үзэгдэл, этгээдүүдтэй тэмцэх зорилго бүхий эх оронч, шинэтгэгч үзэл бүхий хүмүүсийн нэгдэл байжээ. Энэ тангараг нууц бүлгүүдийн дийлэнх гишүүдийн нийтлэг ашиг сонирхол дээр үндэслэн томьёологдсон тул уг тангарагт улс төрийн илүү гүн гүнзгий үзэл баримтлал бүхий Д.Бодоо, Д.Чагдаржав зэргийн цөөн хүмүүсийн үзэл бодол бүрэн тусгагдсангүй. Тэд хятадууд Монголын автономит эрхийг устгасны дараа ардчилсан бүгд найрамдах агуулга бүхий улс төрийн мөрийн хөтөлбөр боловсруулж байжээ. Тиймээс уг тангараг нь нууц бүлгүүдийн яриа хэлэлцээний үр дүн, хамтын тэмцлийнх нь анхны хөтөлбөр мөн юм. Ингэж Гадаад Монгол автономит эрхээ алдах аюул шууд тулж ирсэнтэй холбогдон 1919 оны сүүлээр нууц бүлгүүд бие биеэ бүрэн мэдэлцэж, улмаар гал усны гашуун зовлонгоос төр улс, олон түмнээ гэтэлгэх зорилго дор хамтран тэмцэх тохиролцоонд хүрч чадсан нь хоёр бүлэг нэгдэх эхний алхам болов.

Үүний дараагаас хоёр бүлгийн гишүүд Доод хурлын нэрээр бичиг үйлдэн Хаант Оросын консул Орловт өгч Хиагтын гурван улсын гэрээгээр хүлээсэн Оросын үүргийг сануулах замаар тусламж эрэх, ухуулах бичиг бичиж олны газар наах, намын нөхдийг элсүүлэн олон болгох, Сюй Шү Жан, Г.Бадамдорж нарыг хөнөөхийг сэдэвлэн оролдох зэргээр хамтран тэмцжээ. Нууц бүлгүүд зарим ажил хэргээ зөвлөлдөж хамтран гүйцэтгэж байсан ч бие даан тус тусын үйл ажиллагааг өрнүүлж байлаа. Тухайлбал, Хүрээний бүлэг Оросоос тусламж авах ажлыг бие даан үргэлжлүүлж, тус С.Данзан, Д.Догсом нар Богд хаанд бараалхан Орос улсаас тусламж гуйх бичигт тамга даруулахыг оролдсон ч хаан тэдний хүсэлтийг хойшлуулж байв. Мөн монголын аравдугаар оны цагаан сард (1920 оны эх) Хүрээний бүлгийн С.Данзан, Д.Сүхбаатар хоёр Зөвлөлт Орос Улсын (цаашид ЗОУ гэж товчилно) байдлыг тандан мэдэхээр явсан тухай Консулын дэнжийн бүлэг тэднийг эргэн ирсний дараа нь мэдсэн байна. Энэ бүхэн хоёр бүлэг нэгдэн нэг бүлэг болоогүй, зөвхөн төр улсынхаа бие даасан байдлыг сэргээх зорилго дор ажил хэргээ тодорхой хэмжээнд нэгтгэж хамтран тэмцэж эхэлснийг харуулна.

Нууц бүлгүүдийн цаашдын хувь заяанд И.А.Сороковиковтой хийсэн уулзалтууд чухал нөлөө үзүүлсэн юм. Хүрээнд амьдарч байсан Оросын хувьсгалчид 1920 оны III сарын 1-нд Нийслэл Хүрээн дэх Оросын консулын дипломат эрх мэдлийг авч чадсан бөгөөд тэдний байгууллага ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Эрхүү дэх бүрэн эрхт төлөөлөгчийн газар зэрэгтэй харилцаатай байсан ба Монгол дахь нөхцөл байдал, нууц бүлгүүдийн талаар мэдээлэн зохих хариу авч байв. Үүний дүнд М.И.Кучеренко, Я.В.Гембержевский нарын орос хувьсгалчид Хүрээнээс Эрхүү рүү явах гэж байсан И.А.Сороковиковыг ЗОУ-аас ирсэн төлөөлөгч мэтээр нууц бүлгүүдэд танилцуулан яриа хэлэлцээр хийж, түүгээр дамжуулан монголчуудад ЗОУ-д төлөөлөгчөө илгээх саналыг тавиулсан ба И.А.Сороковиков Эрхүүд очоод Монголын болоод нууц бүлгүүдийн талаарх мэдээллээ сар гаруй хугацаанд бэлтгэн илтгэжээ. Үүнээс үзвэл, Зөвлөлт Орос болон Коминтерны Эрхүү дэх төлөөлөл Монголд үүссэн нууц бүлгүүдтэй холбоо тогтоох сонирхлоо Нийслэл Хүрээнд дэх орос хувьсгалчдаар дамжуулан гүйцэтгэж өөрсдийн зүг хандуулсан байна.

И.А.Сороковиков, нууц бүлгүүдийн төлөөллийн хоорондох эхний уулзалт 1920 оны III сарын 11-нд М.И.Кучеренкогийнд оройноос шөнө дунд хүртэл үргэлжилж, төгсгөлд нь И.А.Сороковиков нууц бүлгүүдийг төлөөлж ирэгсдэд “танай намаас манай Зөвлөлийн засагт Орос улсад төлөөлөгч нар одох болбаас удаашрах хэрэггүй” хэмээгээд тус улсад нэвтрэхэд хил хязгаарын төлөөлөгчөөрөө дамжуулан туслана гэж амлажээ.

Тэр шөнөдөө Д.Догсомын гэрт нууц бүлгийн гишүүд хуралдаж энэ завшааныг ашиглаж ЗОУ-д “одохыг завдваас зохих” гэсэн шийдвэрийг гаргаж, эл хэргээр тус улсад төлөөлөгчөө илгээх талаар анх удаа санал нэгдсэн байна. Энэ шийдвэр нь тэдний хамтын тэмцлийг үргэлжлүүлж, улмаар улс төрийн нэг хүчин болж нэгдэх гадаад хүчин зүйлийг бий болгосон юм. И.А.Сороковиков нууц бүлгүүдийн хүсэлтийг Зөвлөлт засгийн газар, большевик намд дамжуулж хариуг нь авч Хүрээнд ирнэ гэж амласан ёсоороо 1920 оны VI сарын дундуур Хүрээнд эргэн ирсэн бололтой. VI сарын 20-нд нууц бүлгүүдийн нөлөө бүхий гишүүд түүнтэй уулзаж “тусламжийн асуудал хэлэлцэхийн тулд төлөөлөгчдөө Эрхүүд ирүүлнэ үү” гэсэн хариуг сонсчээ. Мөн өдөр 1920 оны VI сарын 20-ний шөнө нууц бүлгийн арван удирдагч, Хүрээн дэх оросын хувьсгалт хорооны төлөөлөгчид урьдчилан хэлэлцэж Орос улсаас тусламж авах хэргээр нууц бүлгүүд төлөөлөгчөө илгээхээр тогтсон байна. 1920 оны VI сарын 25-нд нууц бүлгүүдийн өргөтгөсөн хурал болж түүгээр нэгд, нөлөө бүхий хүмүүс урьдчилж тохирсон ЗОУ-аас тусламж эрэх тухай, хоёрт, түүнийг ямар субьектийн нэрийн өмнөөс хүсэх, гуравт, эл хэрэгт хэн ямар үүрэгтэй оролцох тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Эхний асуудлыг тус хуралд оролцогсод дэмжжээ. Харин дараагийн асуудалд орос хувьсгалчдын оролцоо, нөлөө багагүй байж нууц бүлгүүдийг зөрчилд оруулсан бололтой. Энэ нь тусламж гуйх субьектыг Богд хааны нэрээр, МАН-ын өмнөөс гэсэн хоёр хувилбараар боловсруулснаас харагдана. Хүрээний бүлэг өмнө хэрэгжүүлж байсан Богд хааны тамга бүхий тусламжийн бичиг авч улсын нэрийн өмнөөс тусламж эрэх хувилбарыг дахин сонгосон байх  илүү магадлалтай юм. Ер нь энэ үед нууц бүлгүүд бие даан хоёр дахь хувилбараар буюу МАН-ын нэрээр улсын хааныг давж тусламж эрэх шийдвэр гаргасан гэхэд ихээхэн эргэлзээтэй. Үүний өмнө С.Данзан, Д.Догсом нар тусламжийн асуудлаар Богд хаанд бараалхахдаа “ихэд  сүрдэн айж алгуураар амьсгалаа дарж” хэрэг явдлаа айлтгасан байдаг нь нууц бүлгүүдийн гишүүдийн зонхилох хэсэг улс төрийн нам байгуулж түүний нэрээр тусламж гуйх шийдвэр гаргахад бэлэн биш байсныг харуулна. Энэ өнцгөөс харвал тэдний ихэнх нь (Энэ үед Хүрээний бүлэг өөрсдийгөө Түшмэдийн нам, Консулын дэнжийн бүлэг өөрсдийгөө Ардын нам хэмээн нэрлэж байсан боловч аль аль нь улс төрийн намын хэмжээнд хүрээгүй байв) Богд хааны зарлигаар төрийнхөө тусгаар байдлыг сэргээх зорилгын хүрээнд өөрсдийн намаа ухаарч байжээ. Эндээс таамаглавал, ЗОУ-ын талаас тодорхой нөхцөл болзол тавьсан тохиолдолд нууц бүлгүүд өөрсдийн байгууллагын өмнөөс тус улстай холбоо тогтоох нь зөв гэсэн орос хувьсгалчдын зөвлөгөөг Консулын дэнжийн бүлгийн Д.Бодоо, Д.Чагдаржав зэрэг хүмүүс хүлээн авч МАН-ыг үүсгэх шийдвэрт хүрсэн бололтой. Үүнийг Д.Бодоо, Д.Чагдаржав нараас И.Макстенект гардуулсан бичгээс харж болохоор байна. Тус бичигт ардын, түшмэдийн, ноёдын гэсэн гурван бүлэглэл улсынхаа бие даасан байдлыг сэргээхэд ЗОУ-аас тусламж эрэхээр харилцан тохиролцож, нийт ард иргэдийг буюу улсаа төлөөлсөн төлөөлөгчдийг илгээх болсныг дурдсанаас бус тэд ямар нэгэн улс төрийн байгууллагад нэгдсэн тухай өгүүлээгүй байна. Үүгээр бол тусламж гуйх нэг хувилбар болох МАН, түүний тамга нь зөвхөн Консулын дэнжийн бүлэгт л хамаарах бололтой. Энэ таамаглал Консулын дэнжийн бүлгийн Х.Чойбалсан, Д.Лосолын зохиол болон Хүрээний бүлгийн С.Данзан, Д.Догсом, М.Дугаржавын дуртгалуудад уг үйл явдал харилцан адилгүй тэмдэглэгдсэнээр улам бодитой болж байна. Дээрх байр сууринаас Х.Чойбалсан, Д.Лосол нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” зохиолд буй 1920 оны VI сарын 25-нд МАН-ыг байгуулсан тухай мэдээнд хандвал өөрсдийн Ардын намдаа Хүрээний бүлгийг нэгтгэсэн хэмээх агуулга нуугдаж байна. Харин С.Данзан товхимолдоо, Д.Догсом, М.Дугаржав нар дуртгалдаа VI сарын 25-ны хурал, түүгээр Ардын намд нэгдсэн эсвэл МАН-ыг байгуулсан тухай огт дурдалгүй өнгөрчээ.

1920 оны VI сарын 25-нд нууц бүлгүүд МАН хэмээх байгууллагад нэгдсэн чухал үйл явдал үнэхээр болсон бол С.Данзан, Д.Догсом, М.Дугаржав гурав яагаад уг чухал хэрэг явдлыг огт өгүүлэлгүй тойрч өнгөрсөн бэ? Үүнд Х.Чойбалсан нарын зохиолд буй энэ талаар өгүүлсэн зарим зүйл ташаа бөгөөд VI сарын 25-нд МАН-ыг Консулын дэнжийн бүлгийн хүрээнд үүсгэсэн гэж хариулж болохоор байна. Үүнээс болж Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын “Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” зохиол гарах үед буюу 1934 онд Д.Догсомоос “миний бие үүний урьд намын долоон жилийн ойд тохиолдуулан зохих газрын даалагавраар намын үүсвэрийн тухайг бичиж хэвлэгдсэн боловч хараахан сүүлийн үед бараг хэрэггүй мэт болж үнэн түүхийн утга өөрчлөгдөх үзэгдэлтэй” хэмээх захиаг МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүдэд илгээжээ.

Мөн энэ баримтууд нь нууц бүлгүүд VI сарын 25-нд нилээд зөрчилд орсныг харуулна. Энэ зөрчлийн шалтгаан нь нууц бүлгүүдийн нөлөө бүхий хүмүүсийн үзэл бодлын зөрүүтэй байдал, тэдний дунд цаашид өрнөх үйл явцын санаачилгыг гартаа авах өрсөлдөөн нэгэнт үүссэн байсан явдал юм. Өөрөөр хэлбэл, нууц бүлгүүдийн гишүүдийн үзэл бодлын зөрүүтэй байдал нь тус өдөр ЗОУ-аас хэний нэрээр тусламж эрэх, үүнээс үүдэн тэмцлийн зорилтоо хэрхэн томъёолох зэрэг асуудал дээр тэд санал хуваагдахад хүргэжээ. Эрхүүд Монголын төлөөлөгчидтэй хэлэлцээр хийсэн Ф.И.Гапон дээд удирдлагадаа монголоос ирсэн долоон төлөөлөгчийг (бидний бичиж заншсанаар анхны долоо) танилцуулахдаа дээд ноёд, лам нарын талыг баримталсан,  цэргийнхэн болон худалдаачдын талыг баримталсан,  өөрсдийгөө ардын хувьсгалт намын хүмүүс хэмээн нэрлэн өргөн олон хөдөлмөрчдийг төлөөлсөн гэсэн гурван үзэл санаа бүхий хүмүүс байгааг дурджээ. Энэ одорхойлолт бусад зүйлийг харахад нууц бүлгийн гишүүд а. зөвхөн үндэсний тусгаар тогтнол буюу автономит төрийг сэргээх, b. төрийн бие даасан байдлаа сэргээн хаант засаглалын хүрээнд шинэчлэл хийх, c. улсынхаа тусгаар байдлыг дахин олж, улс төр, нийгмийн эргэлт хийх буюу хувьсгал өрнүүлэх гэсэн тэмцлийн гурван чиг баримжаагаар зааглагдаж байжээ. Нууц бүлгүүдийг тэргүүлж байсан С.Данзан, Д.Бодоо нар Монголын улс төр, нийгэмд шинэчлэл хийх талаар санал нэгтэй байсан ч агуулга, хүрээний талаар харилцан адилгүй байр суурьтай байв. Ийнхүү хоёр бүлгийн гишүүд үзэл санааны хувьд гурав хуваагдаж байсан тул VI сарын 25-ны хурлаас тусламжийг хэний нэрээр хүсэх, тусламжийн бичгийн утга агуулга ямар байх талаар бүлгүүд нэгдсэн шийдэлд хүрч чадалгүй, ЗОУ-аас тусламж гуйх өөр өөрийн хувилбарыг боловсруулан хэрэгжүүлэхийг оролджээ. Тухайлбал, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол нар монголын лам, ноёдын нэрийн өмнөөс Богд хааны тамга дарсан бүх монголчуудыг дахин өөртөө эзэрхэх улс болгож Богд Жавзандамба хутагт хаан юугаа хуучин ёсоор шашин төрийг хослон барих улсын эзэн хаанд өргөмжилж, Дундад иргэн улсад огт хамаарагдахгүй болгох явдлыг гол болгон гуйна хэмээсэн бичиг авч Эрхүү явсан бол Д.Бодоо өөрийн саналыг орхиогүйгээр барахгүй тусдаа бичиг үйлдэж МАН-ын тамгыг биедээ авч одсон байна.

Энэ зөрчилд нууц бүлгүүдийг тэргүүлж байсан С.Данзан, Д.Бодоо нарын хоорондох өрсөлдөөн багагүй тос нэмж байлаа. Эрхүү хотод С.Данзан, Д.Бодоо нарын дунд болсон маргааны үгсээс тэд өөр өөрийн бүлгийг тэргүүлэх байр сууринд хүргэх гэсэн эрмэлзэл, үүний төлөө далд өрсөлдөж байсан нь мэдэгдэнэ. Нууц бүлгийн гишүүдийн үзэл бодлын зөрүүтэй байдал, нөлөө бүхий гол хүмүүсийн өрсөлдөөн зэргээс харвал, 1920 оны 6 сарын 25-нд тус хоёр бүлэг МАН-д нэгдэхэд бэлэн биш байжээ. Мөн үүнээс улбаалж ЗОУ-аас гуйх тусламж хоёр хувилбараар боловсрогдсон байна.

Харин Эрхүүд С.Данзаны бүлгээс боловсруулсан зөвхөн төрийн тусгаар байдлаа сэргээхэд тусламж хүссэн Богдын тамга бүхий бичиг хэрэглэдэхгүй болж, үүний оронд тэмцлийн зорилго, үзэл санааг дахин томьёолох болсноор санаачилга Д.Бодоод буюу Ардын намд шилжих нөхцөл үүссэн байна. Тиймээс тусламж гуйх бичгийг Ардын намын нэрийн өмнөөс үйлдэж өгөх тухай хэлэлцэхэд Хүрээний бүлгийн төлөөлөл үүнийг хүчтэй эсэргүүцсэн нь Богдын тамгатай бичгээс гадна Консулын дэнжийн бүлгийн хүрээнд үүсгэгдсэн Ардын намтай С.Данзаны тэргүүлж байсан бүлэг нэгдээгүй байсантай холбоотой. Энэ байдал 1920 оны VIII сард болсон Эрхүүгийн хэлэлцээрийн тэмдэглэлүүдээс тод харагдана. Эрхүүд ЗОУ-ын ГХАК-ын газрын ажилтнууд Монголын төлөөлөгчдийн нэг хэсэг болох Ардын намын хүмүүсийг тусгайлан хүлээн авч уулзсан бөгөөд тэд Хүрээний бүлэг өнөөг хүртэл Ардын намд буюу Консулын дэнжийн бүлэгт нийлэн нэгдээгүй, үүнийг Ардын намын эрх мэдэлд орохоос дургүй байдагтай нь холбон тайлбарлажээ. Энэ нь Хүрээний бүлэг, Ардын нам буюу Консулын дэнж бүлэг нэгдээгүй байсныг бүрэн харуулж байна. Хоёр бүлгийн энэ талаарх зөрчил Москвад хамт очсон С.Данзан, Д.Чагдаржавын дунд үргэлжилж тэд Орос улсын Гадаад хэргийн ардын комиссарын орлогч Л.М.Караханд илгээсэн хоёр бичгээ “Гадаад Монголын Түшмэд, Ардын намын төлөөлөгчид нарын бичиг” хэмээн хаягласныхаа дараа “Түшмэд” гэдэг үгийг даржээ. Энэ бүхэн 1920 оны VI сарын 25-нд нууц бүлгүүд МАН-д нэгдэн орсон, мөн тус намыг байгуулсан гэх үзлүүдийг үгүйсгэж байна.

Үнэндээ нууц бүлгүүдийн ихэнх гишүүдэд улс төрийн нам байгуулах талаарх мэдлэг, туршлага нимгэн байсан ба гишүүдэд намаар дамжуулж засгийн эрхэнд гарах тухай үзэл санаа, нэгдсэн ойлголт бүрэлдээгүй байсан гэхэд болно. Тиймээс Консулын дэнжийн бүлэг дотор ч уг асуудал нэг мөр болоогүй байв. Тухайлбал, Эрхүүд очсон Монголын долоон төлөөлөгчийн дунд өрнөсөн маргааны үеэр Д.Бодоогоос “Богдын тамгатай бичиг авах хэмээн ажлыг удаашруулах хэрэггүй” байсан хэмээн үүнд Д.Лосолыг буруутгажээ. Харин Д.Лосол нууц бүлгийн тэмцлийг зөвхөн Гадаад Монголын автономит эрхийг сэргээх явдал хэмээн үзэж үүнийгээ хамгаалсаар байсан юм.

Гэхдээ Хүрээний бүлгийн зарим гишүүд Д.Бодоогийн хувилбарыг тактикын хувьд байж болохыг ил биш боловч битүүхэн хүлээн зөвшөөрч байсан бололтой. Энэ нь Д.Догсомын “Орос улсад одоход Монгол Ардын Намын тамга хэмээх үсэг бүхий модон тамга нэгийг сийлж бэлтгэн хэрэглэхээр хэлэлцэн тогтоож тархсан” хэмээснээс мэдэгдэнэ. Мөн тус мэдээнээс МАН-ын тамга зөвхөн тусламж гуйхад хэрэглэгдэхээр үйлдэгдсэн нь анзаарагдах аж. Ийнхүү нууц бүлгүүд 1920 оны VI  сарын 25-нд МАН хэмээх улс төрийн хүчинд нэгдсэн бус харин уг асуудал зөвхөн Консулын дэнжийн бүлгийн хүрээнд шийдэгдэж, тусламж гуйх эхний хувилбар бүтэлгүйтсэн тохиолдолд тус намын өмнөөс ЗОУ-тай хэлэлцээ хийх түвшинд үүсгэж, үүнд Д.Бодоо, Д.Чагдаржав нар гол үүргийг гүйцэтгэсэн байна.
Гурав дахь асуудлын хувьд юуны өмнө ЗОУ-д төлөөлөгчөөр явах хүмүүсийг шодож тодруулахад С.Данзан, Х.Чойбалсан нар сонгогджээ. Гэхдээ дээрх нөхцөл байдлаас уг асуудалд хандвал хоёр бүлэг тус тусдаа өөрсдийн төлөөллийг дотроосоо гаргаж ирсэн гэмээр байна. Үлдэж буй бусад хүмүүс Орост явсан нөхөдтэй харилцах нууц үг зохиох, дотоодын ноёд, дээд лам нар, хятадын байдлыг тандан мэдэж, мэдээлэх, зарим дэвшилт үзэл бүхий ноёд, лам нарыг өөртөө татах, тэд нараар дамжуулан тусламжийн бичигт Богд хааны тамгыг даруулах зэргээр хамтын тэмцлээ үргэлжлүүлэн хуваагдан ажиллахаар болжээ.   

Нууц бүлгүүд нэгдэх тохиролцоонд хүрч, хэрэгжсэн нь.
Нууц бүлгүүд нэгдэж улс төрийн нэг хүчин болоход ЗОУ, Коминтерны Эрхүү дэх салбар байгууллагуудын төлөөлөгчдөөс тусламжийн хэргээр ирсэн монголчуудад тавьсан шаардлага, тулгалт хүчтэй нөлөөлжээ. ЗОУ, Коминтерны зарим удирдагчид Гадаад Монголын нутаг дэвсгэр дээрх улс төр, эдийн засгийн нөлөөгөө хаант Оросын адил хадгалахыг эрмэлзэж байв. Өөрөөр хэлбэл, Зөвлөлт засгийн эрх баригчдын гадаад бодлогод Монгол багагүй ач холбогдолтой хэвээр байлаа. Энэхүү улс төрийн зорилгын хүрээнд ОК(б)Н-ын Төв Хороо 1920 оны VII сарын 27-нд Сибирийн товчооны бүрэлдэхүүндээ Дорно дахины ард түмний секцийг, мөн VIII сарын 20-нд тус секцэд Монгол, Түвэд дэх хувьсгалт ажлыг гардан удирдах хэлтсийг тус тус байгууллаа. Уг хэлтсийн ажилтнуудын Монгол дахь ажлыг зохион байгуулах зааварт Монголын ардын хувьсгалт хөдөлгөөний удирдагчдад тодорхой программ боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын бүх нутагт намын хэсэг, үүр байгуулах замаар уг хөдөлгөөнийг бат тогтвортой намын хэлбэрт оруулахад чиглэх зэрэг зүйл заагджээ. Ийнхүү Монгол, Түвэд зэрэг оронд үүссэн үндэсний эрх чөлөөний урсгалыг дэмжиж тогтвортой нам болгох замаар дэлхийн их хувьсгалын зорилтыг тус хоёр оронд гүйцэтгэх үүрэг бүхий байгууллагууд байгуулагдаж байх энэ үед Хүрээ, Консулын дэнжийн бүлгийн тэмцлийн гурван өөр чиг баримжаа бүхий долоон төлөөлөгч Эрхүүд ирсэн байна. Эрхүүд монголын төлөөлөгчдийг ОК(б)Н-ын Төв Хорооны Сибирийн товчооны гишүүн бөгөөд тус товчооны бүрэн эрхт төлөөлөгч Н.К.Гончаров, ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Сибирь ба Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч дарга, Дорно дахины ард түмний секцийн орлогч дарга Ф.И.Гапон нар хүлээн авч хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрийн үеэр ЗОУ-ыг төлөөлсөн эрх бүхий хүмүүс “чухамхүү зорьсон төв итгэл хүсэл эрмэлзлэг юу болох, тусламжийг аваад ямар засаг байгуулах зэргийг дэлгэрэнгүйгээр тайлбарлан гаргасан илтгэл гаргаж” өгөх, тэдний өмнөх зорилт болох “түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос ангижруулан газар орныг хамгаалан авах явдал бага мэт тул хэргийн үүсгэл төгсгөл зэргийг гүнээ анхаарч, чухамхүү эрмэлзэх саналыг эрс шийдвэртэйгээр” тусгахыг Монголын төлөөлөгчдөөс шаардсан байна. Үүгээр хоёр бүлгийн төлөөлөл болох долоон хүн хамтын тэмцлийнхээ анхны мөрийн хөтөлбөр “дан гагц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны зовлонгоос гэтэлгэж, амар төвшнийг олгох замыг нээгдүүлэх” хэмээх тангарагийн үгээ Эрхүүд шинэчлэн томъёолох шаардлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, уг тангараг дор нууц бүлгүүд хамтран ажиллах нөхцөл Эрхүүд Зөвлөлт Оросын төлөөллөөс тавьсан дээрх тулгалтаар хаагдаж, монголчууд тэмцлийн зорилт, шинж чанар, тусламж хүсэж буй субьектэй илүү тодруулах шаардлагатай болов. ЗОУ-ын төлөөллийн тулгалт долоон төлөөлөгчийн дотоод зөрчил, хуваагдал, үзэл бодлын зөрүү, өрсөлдөөнийг ил гаргасан юм. Монголыг төлөөлж ирсэн хоёр бүлгийн төлөөлөгчдийн дотор үзэл бодлын зөрүү, өрсөлдөөн байсан ч 1920 оны VIII сарын 29-нд  тохиролцоонд хүрч, тэмцлийн зорилт, түүний агуулгыг гүнзгийрүүлэн томъёолсон, мөн ЗОУ-аас нэг л субькет тусламж хүсэж буйг илэрхийлсэн баримт бичгийг боловсруулан Монгол-Түвэдийн хэлтэст өгснөөр ЗОУ-тай үргэлжлүүлж хийх хэлэлцээрийн нөхцлийг хангав. Тиймээс энэ баримт бичиг нь нууц бүлгүүд хамтын тэмцлээс ахиж МАН хэмээх улс төрийн хүчинд нэгдэх гол хэлэлцээр болж, тэдний тэмцлийн шинэ үеийг эхлүүлсэн юм.

Тодруулбал, энэхүү баримт бичгээр ЗОУ-аас авах тусламжийг Ардын намын нэрээр авах, Монголын төрийг автономит хэмжээнд сэргээх, Жибзундамба хутагтыг хэмжээтэй эрхтэй хаанд өргөмжлөн засгийн эрхийг удахгүй байгуулагдах МАН авах, ноёдын их баргийг аажим эвдэх замаар улс төр, нийгэм-эдийн засгийн шинэтгэл хийх, гадаад улс орнуудын дэвшилт ёсыг дагаж, жирийн олны эрх ашгийг хамгаалсан бодлого явуулах, хойд, урд хөрш улсын Ардын намуудтай холбоо тогтоож тэдгээр намуудтай хамтарч ажиллах талаар нууц бүлгүүдийн төлөөлөл тохиролцож чаджээ. Мөн үүгээр нууц бүлгүүд зохион байгуулалтын хувьд нэгдэх нь зайлшгүй болж, намыг удирдах гол хороог Нийслэл Хүрээнд, салбар хороодыг Монголын төв, баруун, зүүн, хойд нутгуудын голлох төв газруудад үүсгэхээр уг бичигт заажээ. Ингэж улс төрийн шинэ зорилтод нууц бүлгүүдийн хамтын тэмцэл захирагдах болсноор түүний үзэл санааны төлөвшлийн шинэ үе эхэлж, улс төрийн нэг хүчинд нэгдэх сүүлийн алхам болов. Өөрөөр хэлбэл, уг баримт бичгээр нууц бүлгүүдийн төлөөлөл болсон долоон хүн үндэсний тусгаар тогтнолоо олохын зэрэгцээ засгийн эрхийг улс төрийн намаар дамжуулж гартаа авах, Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин тогтолцоог халах зорилт бүхий улс төрийн хүчин МАН-д нэгдэх тухай түүхэн шийдвэр болсон юм. Нөгөөтэйгүүр тусламжийг Консулын дэнжийн бүлгийн үүсгэсэн Ардын намын нэрээр авах болсон нь Хүрээний бүлэг буюу Түшмэдийн нам цаашид түүнтэй нэгдэхийг зөвшөөрсөн хэрэг болжээ. Гэхдээ С.Данзан үүнээс эргэж хургаж байсныг өмнө өгүүлсэн Орос улсын Гадаад хэргийг хамаарсан сайдын орлогч Л.М.Караханд илгээсэн бичгийн хаяг, түүнд хийсэн засвар илтгэнэ. Эрхүүд гарсан уг шийдвэр болон Барон Унгерны Гадаад Монголын автономит төрийг босгох цэргийн үйл ажиллагаа нь Баяр гүн, тайж Лувсанцэвээн, Тогтох зэрэг зөвхөн “үндэсний тусгаар тогтнолын” төлөөх үзэл бүхий нууц бүлгүүдийн зарим гишүүд салж гарах шалтгаан нь болов.

Үүний дараа Монголын долоон төлөөлөгч Эрхүүгээс ажил хэргийн байдлаар гурав хуваагдан салжээ. Үүнээс Д.Бодоо, Д.Догсом хоёр буцаж нууц бүлгүүдийн гишүүдийг нэгтгэн зохион байгуулах, шинээр хүмүүсийг элсүүлэх, гол болон салбар хороодыг байгуулах үүрэг хүлээн буцсан ч хятад цэргийн хараа хяналт, дэглэм тэдэнд энэ ажлыг хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй. Өөрөөр хэлбэл, нууц бүлгүүдийн төлөөлөгчид Эрхүүд байгуулсан улс төрийн нэг хүчинд нэгдэх тохиролцоогоо Гэгээтийн дацан орчим хуралдах намын анхдугаар их хурлаар хэрэгжүүлж, МАН-ыг албан ёсоор байгуулах, үүний дараа намын удирдлага дор хувьсгалын ажлыг эхлүүлэх, үүний тулд эхлээд урьдчилж намын гол болон салбар хороодыг үүсгэх, гишүүдийг нэмэн элсүүлж, тус их хуралд газар бүрийн төлөөлөгчдийг ирүүлэх зэрэг дэс дараа бүхий өргөн хэмжээний үйл ажиллагааг төлөвлөжээ. Гэвч Монгол нутаг хятад болон цагаан цэргийн хөлд автсанаар уг төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж, нууц булгүүдийн тэмцэл хүнд байдалд орсон юм. Тиймээс МАН байгуулах хурлын бэлтгэл ажлын төвийг Нийслэл Хүрээнээс хилийн Хиагтад шилжүүлсэн байна.

Барон Унгерны Монгол дахь үйл ажиллагааны үнэн дүр төрх тун удалгүй ил болж монголчуудыг улам туйлдуулах болсон бол цаашид ЗОУ-ын аюулгүй байдалд ч харшлах төлөв бий болж эхлэв. Тиймээс МАН, түүний Засгийн газрыг богино хугацаанд байгуулан, Эрхүүд гаргасан баримт бичгээр дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх нь монголын хувьсгалчдын хувьд ч, Зөвлөлт засаг, Коминтерны хувьд ч тулгамдсан зорилт болов. Энэ шаардлагаар 1921 оны III сарын 1-ээс 3-нд Дээд Шивээнд Монголын хувьсгалчид, Хиагт орчмын ардууд, ЗОУ, Коминтерны төлөөлөл оролцсон хурлыг зохион байгуулав. Эхний хоёр өдрийн хурлаар С.Данзан тухайн үеийн нөхцөл байдал, цагаантнаас хагацах, ЗОУ-ын тусламжийг авах тухай зэрэг асуудлаар илтгэл тавьсныг хуралд оролцогсод зөвшөөрөн хүлээжээ. Мөн ардын намын цэргийн хэргийг удирдах газар штабыг байгуулсны дараа С.Данзан, Д.Сүхбаатар нар Ардын намын суртлыг танилцуулан дагах хүмүүсийн нэрийг жагсаан бичүүлж МАН-ын хурал хуралдах нөхцлийг бүрдүүлсэн байна. Ийнхүү 1921 оны III сарын 3-ны өдөр зөвхөн МАН-ын гишүүд хуралдан  тус намыг байгуулагдсаныг Коминтернд мэдэгдэж цахилгаан мэдээ илгээхээр тогтож, намын дүрэм, хөтөлбөр болох “Эрмэлзэх зүйлүүд”-ийг оршилын хамтаар батлан түмэн олонд тунхаглан зарлажээ. Мөн намыг удирдах Төв Хороог байгуулж даргаар С.Данзанг сонгожээ. Үүгээр 1920 оны VIII сарын 29-ний Эрхүү хотод нууц бүлгүүдийн төлөөлөл болсон долоон хүний улс төрийн нэг хүчинд нэгдэн үндэсний тусгаар тогтнолоо сэргээж, улс төр, нийгмийн амьдралд хувьсгал хийх тухай тохиролцоо биеллээ олж, үүнийг хэрэгжүүлэх Монгол Ардын Нам байгуулагджээ. Ийнхүү хятадын Гадаад Монголыг бүрэн эрхшээх гэсэн түрэмгий бодлогын эсрэг үүссэн гарсан тангарагт нөхөд, Консулын дэнжийн бүлэг  1918 оноос 1921 оны III сарын хооронд улсынхаа бие даасан байдлыг хамгаалахыг гол болгосон эх оронч, шинэтгэгч хүмүүсийн нэгдлээс засгийн эрхийг гартаа авч, улс орондоо ардын эрхт хэмжээт цаазат засаглалыг тогтоон улмаар нийгэм-улс төрийн үеэ өнгөрөөсөн хуучин байгууллыг бүхэлд нь өөрчлөх зорилт бүхий улс төрийн хүчин болжээ.



Comments   

 
0 #5 Guest 2011-11-02 13:55
ene aria tobch baij boloogvi yumuu urgashgvi tor uhaangvi heden uls torcid
Quote
 
 
0 #4 Guest 2010-05-06 16:29
MANamig Hu namiig Lenin bagsh baiguulsan bishuu uliger zohioho boli
Quote
 
 
+1 #3 Guest 2010-04-09 16:57
1919 оны 11 сарын 17-нд Монголын эрх баригчид автономит эрхээс татгалзсан бичигт гарын үсэг зурж, маргааш нь Сюй Шү Жан уг бичгийг авч Бээжин буцсан бөгөөд удалгүй Нийслэл Хүрээнд эргэн ирж 1920 оны 1 сарын 2-нд Монголын автономит эрхийг устгах гутамшигт ёслолыг үйлджээ gesen ba
bi 2 zyiliig todruulj uguuch gej hyseh gesen um aa
1. mongoliin erh barigchid gesnii neriig bichij ugnu yy
2.erhiig ustgah gutamshigt yoslol gesniig delgerengyigeer n bichij ugnu yy
Quote
 
 
-2 #2 Guest 2010-03-19 02:17
odooo tarah bolson muu ulaan joom nuud
Quote
 
 
0 #1 Guest 2010-03-18 12:48
Мань Сүхбаатар ер нь юу хийсэн хүн юм бэ дээ? Төв талбай дээр Данзан Сүхбаатар Бодоо гурав зэрэгцээд зогсож байх ёстой байсан юм биш бээз? Яг түүхч улсын бичсэнийг харахаар л тэгж харагдах юм. Улс төрчид бол яах вэ дээ, Чи өнгөрснөө мууллаа, Сүхбаатар байгаагүй бол гээд л юу хийснийг нь ч мэдэхгүй ...
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио