Wed10222014

Last updateWed, 22 Oct 2014 2am

 
 
Back Та энд байна: Home МОНЦАМЭ - мэдээ Уран зохиол Батбаяр.Л МОНГОЛ КИНО

МОНГОЛ КИНО

Кинозохиолоор кино бүтээдэг, кинозохиолыг зохиолч бичдэг тул Монгол кино манай зохиолч нартай яах аргагүй холбогдоно. Манай сонгодог кино “Цогт тайж” тийм лут гайхамшигтай болсны уг шалтгаан нь яах аргагүй кинозохиол нь Б.Ринчин гуайнх. Монголын уранзохиолын гурван ланжгар С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нар кинозохиолыг нь бичсэн “Мөнх Тэнгэрийн хүчин дор” гэтэл тийм сайн болоогүй.



Магадгүй, тэд сайн кинозохиол бичээгүй биз, магадгүй кино гэдэг нүүр будагчаас аваад гэрэл тусгагч хүртэл үй олон хүний хамтын бүтээл болохоор найруулагч, жүжигчдээс аваад тийм сайн байгаагүй учраас гэж тайлбарлаж ч болох. Д.Батбаяр зохиолч зурагтаар: “Бид Чилүгэний дүрийг олсондоо их олзуурхаад байгаа юм. Нэр нь хүртэл Чилүгэн – чилүгэ – чөлөө, эрх чөлөө гэсэн маягтай” гэж байгаад л тайлбарлаж ярьсан ч Чилүгэнээс илүү “олзуурхмаар” зүйл “олох” хэрэгтэй байсан бололтой. Чингис хааныхаа тухай гайхамшигтай кино үзнэ гэж хүлээж байсан үзэгчдийн сэтгэлд тэгтлээ хүрч чадаагүй. Харин “Мандухай” маш их амжилт олсон. Амжилтыг нь хангалттай өгүүлсэн тул анзаарсан шүүмжлэлт зүйлийг дурдая. Ойрдын цэргийн гол хүчийг хуурч гарцгүй хавцал руу оруулдаг хэсэгт “Тэгээд хэнийгээ ч явуулах билээ дээ?” гэж Цэгц баатар Мандухайд хэлж буй нь дэндүү эдүгэчилжээ. “Их Эзэн Хатан Таныхаа төлөө би явъя!” гэх нь тэр үеийн баатар эрийн мөн чанар, үзэл бодол, итгэл үнэмшил юм. “Убаши хун тайжийн домог”-т гардаг цэрэг залуусыг санана уу.

Хэзээ ч үхэх амь нэг
Хээр хэвтэх яс нэг

Ноёдын үйлээс урвахгүй бид гэж хүржигнэсээр гарч одов оо. Морины буруу талын дөрөөний сурыг огтолж, мөн тэндээ цавчилдан байж үхэв ээ гэж гардаг даа. “Монголын Нууц Товчоо”-нд “Хаан Танд өргөсөн энэ тангаргаа няцвал Хаан Та намайг Хээр хөдөө цөлж орхиод Хэрээ шувууны идэш болго” гэж тангарагладаг. “Игорийн хорооны тууж”-д, Игорийн хорооныхон:

Нэр төр өөрсөддөө эрж
Нэн алдар Эзэндээ эрж
Хөндий талаар
Хөх чоно мэт давхилдана.

Нэр төр өөрсөддөө эрсэн ч нэн алдар Эзэндээ эрж байгааг нь анхаарна уу. Эзэн Хаан Таныхаа төлөө би явъя гэх нь тэр үеийн хүмүүсийн нэр төрийн хэрэг. Мандухай бас ийм хэрэгт (эргэж ирэхгүй, амиа зольсон)  хэнийгээ ч явуулах билээ гэж учиргүй эргэлзээд, их эвгүйцээд байгаа юм аа. Өөрийнх нь талаар эвгүй сэтгэгдэл бусдад төрчих вий гэж хамгийн түрүүнд боддог 20-р зууны соц. Монголын нэрээ хичээсэн коммунист дарга шиг. Мандухайн үед, Мандухайн зарлиг бол Тэнгэрийн зарлиг, Мандухайн төлөө зүтгэх нь, Мандухайн төлөө үхэх нь Дээд Тэнгэрээс заяасан их үйлийн төлөө явж буй хэн хүнд олдохгүй завшаан. Манай зохиолч нарт уг нь бараг хамаарахгүй ч байж магад, гэвч нэгэнт Монгол киноны тухай ярьж буй болохоор дурдалгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол манай жүжигчдийн ур чадвар. Хэрэв тэр үеийн баатрууд Дамчаа Сувдаа хоёр шиг тулалддаг сан бол манай Монгол хэрхэн хүчирхэг байж, Манжийг айлгасан хэвээр, Манжийн хаан догшин монголчуудыг номхотгохын тулд Шарын шашныг хэрэглэхдээ тулах вэ дээ. “Мандухай” сайн кино, гэвч тэр урт киноны турш монгол баатрын дайтах ур чадвар ер гарсангүй. Морьд унгалдаад л, унаад л, бөөн аймшигт тулаан дэлгэц дүүрэн эрээлжлээд л байдаг. Нэг баатар гарч ирээд монголчууд жад сэлэм хэрхэн лут эзэмшиж байсныг харуулсан хэсэгхэн боловч кадр гардаггүй нь тэгж тоглочихож чадах жүжигчин үгүйтэй шууд холбоотой. Мөн манай жүжигчдэд “материал” их дутагдах юм. Цэгц баатрыг дэлгэцнээс хараад “Өө, манай Мягмарнаран тоглож байна” гэж хамгийн түрүүнд бодогдох бус, “А-я-я, тэр үеийн манай баатрууд нэг иймэрхүү улс байсан юм биз дээ” гэсэн сэтгэгдэл үзэгчдэд төрж байх ёстой ёо доо. Гэтэл ... “өө Мягмарнаран”. Голын усанд хөлөө дүрэн суух Галдан бошигт хаан (жүжигчин Сосорбарам): “Ойрд, Монгол, Ойрд Монгол л гэх юм” гэж цухалдахыг нь харахад “Арай ч дээ, Галдан бошигт хаан ийм тавтиргүй, болчимгүй, далчигнасан “амьтан” байгаагүй байлгүй дээ” гэж эрхгүй бодогдох нь харин ёстой зохиолчийн алдаа. Аанай л “өө манай Сосорбарам” гэж хамгийн түрүүнд бодогдох нь “материалгүй” Сосорбарамыг “материалтай”, лүг, бахь болгож харагдуулж чадаагүй нүүр засалч ба орчин үеийн техник хэрэгсэл ашиглаж чадаагүй зураглаачийн алдаа. Сосорбарамын алдаа биш. О-ё-ё, Со-д аягүй долигнолоо ш дээ, ха-ха. Түүнээс бус Ойрдын Галдан бошигт хаан гэдэг чинь хэчнээн тохой өндөр биетэй, хэдэн тохой өргөн цээжтэй, баатар сайн эр байсан байлгүй дээ. Жүжигчдийн ур чадвар, “материал” зэргээс гадна бодвол хамгийн гол нь найруулагчийн алдаа байх, манай Монгол киноны нэг том дутагдал нь үзэгч биднийгээ “баавгайн” сэтгэхүйтэй гэж үздэг. Өчигдрийн туулайн ярьсан онигоог өнөөдөр л ойлгоод хөхөрч гардаг баавгайн онигоо байдаг даа. Баруунтайгаас нэг морьтон гарч ирээд пөг-пөг шогшуулсаар зүүн гүвээг давтал шогшуулахыг араас нь харуулна. За тэгээд л нэг уянгалаг ая яваад л, ус гол, адуу мал, уул давааг харуулаад байх нь тэр. Архангайн байгалийг харуулсан баримтат кино биш биз дээ, уг нь. Монгол ТВ ч ялгаагүй, нэвтрүүлгийн хурд, хэмнэл гэж ер мэдэхгүй. Манайхан их удаан ойлгодог улс гэж боддог бололтой. Үүнийгээ манай монгол хүний гүндүүгүй, тайван сайхан зан чанарт нийцсэн ч гэх шиг тайлбарлаж, донгосохыг нь яана. Манай монгол кинонууд:

Намын уриаг хэт барьсан, тухайлбал соц. уралдааныг “урансайхнаар” үзүүлэхийг оролдсон (“Хонины найр”), ядуу хүн бол их сайн жинхэнэ үнэнч шударга хөдөлмөрчин байдаг бөгөөд соц. Монголд аз жаргалдаа хүрч буйг харуулсан (“Хүргэн хүү”), адил төстэй сэдэвтэй Зөвлөлтийн урансайхны киног илэрхий санагдуулсан (“Анхны хайр”), зохиолоо дордуулсан, адаглаад л дүрийн сонголт муу, Дулмаагаасаа намхан шахуу, нэг их цулцгар бор хацар, хүнгэнэсэн дуунаас өөр юмгүй Цахиур Төмөр. Тайжийн 18-тай бага хатан Гэрэл амиа өгөн дурладаг, Хүрээний “томоотой” биш хүүхнүүд Цэцэг, Чимиг нар зүгээр явж байхад нь үг өдөөд байдаг Эрдэнэ бол их сайхан эр баймаар. Баян Итгэлтийн ганц хүү Хонгор шилийн сайн эр болохыг ч оролдож, их замаар яваа хүмүүсийг ч айлгасан, сүрлэг сайхан залуу баймаар, гэтэл нэг чөрчийсөн чөрчгөр, шаримгар шар юм. Хятадын хар цэргийг хиартал цохиж явсан Даржаа баатар гэдэг чинь одоо энэ үү дээ. (“Тунгалаг Тамир”), угаасаа ах дүүгийн агуу их найрамдал, соц. бүтээн босголтыг магтан дуулах зорилт тавьсан болохоор зохиол нь олигтой болоогүй (“Эхлэл”, “Хайрхан Өндөр хаана байна?”, “Шинэ хотын гэрэл”) гэхчлэн тоочвол 60-70 жил үүсч хөгжихдөө бүтээсэн бас ч олон тооны киног дурдаж барахгүй тул хэлэх гэсэн гол зүйлдээ оръё. Яагаад манай Монгол кинонууд тийм сайн, сайхан санагдана вэ? Дэмий юм ярих юм, манай Монголын кино юм чинь сайхан байлгүй яах юм бэ! Яг үнэн байхгүй юу! Нэг гол учир нь үнэхээр энд байгаа юм. Энэ бол Монгол кино. Манай Монголын кино. Манай улсын тусгаар тогтнолын бас нэг том бэлгэ тэмдэг. Ганц сая хүн амтай мөртлөө (1950-1960 онд) бид бас кино хийдэг, “Монголкино” үйлдвэртэй.

                                                    Монголкино үйлдвэрт бүтээв.
                                                                       1961 он.

Хоёр сая хүрэхгүй хүн амтай мөртлөө (1960-1970), хоёр сая хэдэн зуун мянгахан хүн амтай мөртлөө бид кино хийдэг. Агуу Зөвлөлт гүрэн бол аргагүй ээ. Мосфильм, Ленфильм, Горькийн нэрэмжит, Довженкогийн нэрэмжит, бүр цаашилбал Беларусьфильм, Таджикфильм… гээд өчнөөн кино үйлдвэртэй. Аргагүй ш дээ, тэр том гүрэн, биднээс хөгжлийн хоёр шатаар түрүүнд яваа. Гэтэл манайх багахан, гэхдээ бид өөрсдийн кинотой. Бид кино хийдэг. Монгол кино. Манай Монголын кино. Манай Монголын гэсэн энэ бахархал маань Ху намын ач, буянаар манай соц. Монгол эх орны гэсэн давхар тодотголтой байсан. Капиталист өрсөлдөөн гээч юмыг амьдралдаа үзээгүй манай үеийнхэн, өмнөх үеийнхэн минь, дараа үеийнхэн маань ч “соц. энэрэнгүй” зангаараа “өө, шинэ монгол кино гарч, манай монгол кино юм чинь нэг үзэхэд яах вэ дээ” гээд шинэ гарсан киног ер нь үзчихдэг сэн. Зурагт гээч юм манай амьдралд өргөн нэвтэрч эхэлснээс хойш зарим “эх оронч бус” маань: “Өө монгол кино үзэж яах юм. Удахгүй зурагтаар гарна” гэлцэх болсон. Нээрээ л жилийн дараа шинэ монгол кино маань зурагтаар гардаг болов. Цагаан сараар “Хүргэн хүү”, Мартын 8-наар “Энэ хүүхнүүд үү”, Дэлхийн шударга хөдөлмөрчдийн эв нэгдлийн баяр Майн 1-нд шударга хөдөлмөрийг харуулсан “Давааны цаана даваа”, наадмаар “Цогт тайж”, 9-р сарын 1-нд “Зуслангийн найзууд”, “нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн” депутатуудаа санал нэгтэй сонгодог бүх ард түмний сонгууль бол бас том баяр, тэгэхээр нийслэл хот маань цэцэглэн хөгжиж ард түмэн тохилог шинэ сууцанд орж буйг харуулсан “Аман хуур”, Октябрийн баяраар нутгийн “сайн эр” Балт хэрхэн улаан хувьсгалын талд орж буйг үзүүлсэн “Төөрсөөр төрөлдөө”, шинэ жилээр “Шинэ хотын гэрэл” гэх мэт. Мэдээж, “Энэ хүүхнүүд үү”-гээс бусад нь өөрчлөгдөнө л дөө. Хэлэх гэсэн хоёр дахь гол зүйл рүүгээ одоо л орж эхэлж байна. Монгол кино маань Монгол ТВ-ээр гарна. Бидэнд Монгол ТВ, Орбит станц хоёроос өөр ТВ байгаагүй. Нэлээд удаан хугацаанд. Бид Монгол телевизээ үзнэ, монгол киногоо үзнэ. “Дээр үеийн манай монгол кинонууд сэтгэлд шингэсэн, сайхан кинонууд байсан шүү” гэж хүмүүс ярилцахыг Та зөндөө л сонсоо байлгүй. Магадгүй Та өөрөө тэгж ярьдаг, боддог ч байх. Би яг энэ сэдвийг хөндөх гэж байна. Би “эх оронч бус” хүн биш л дээ. Гэхдээ үүнийг бичихгүй байж болсонгүй. Уучлаарай. “Сэтгэлд шингэсэн монгол кино” гэлцдэг. Нээрээ л сэтгэлд шингэсэн юм чинь манай монгол кино сайхан байлгүй яах юм бэ. “Сэтгэлд шингэсэн” гэдэг үгийн оронд “сэтгэлд шингээсэн” гэдэг үгийг Та тавьж үзсэн үү. “Эх оронч” монгол хүний хувьд хэлэхэд хэдий эвгүй ч “сэтгэлд шингээсэн” гэдэг үг илүү үнэнд нийцнэ. Байсгээд л зурагтаар гараад байхаар чинь сэтгэлд шингэнэ ээ дээ. Монгол ТВ-ийн үүднээс бол бидний “сэтгэлд шингээнэ” ээ дээ. Нийт хэд хэчнээн удаа үзсэнээ тоолж тоог нь гаргаж чадахгүй ч гэсэн, жишээ нь, “Энэ хүүхнүүд үү” киног би одоо ч дахин үзэхэд бэлэн байна. Нээрээ шүү. Яагаад? Залхчихаагүй гэж үү? Үгүй ээ, хүний тархи гэдэг уужим багтаамжтай эд юм. Би одоо жишээ нь, “Энэ хүүхнүүд үү”-г үзлээ гэхэд 1600 төгрөгөөр авсан Темп зурагтынхаа өмнө гэр бүлээрээ тухалдаг байсан минь санагдана. Аав, ээж хоёр минь хаана суудаг байсан, бүр хуучин диван маань хаана байсан, том ах маань хаана, яажшуухан, ямар сандал дээр суудаг байсан нь санагдана. Ээж минь тэр хэсэг дээр нь их инээдэг байсан нь санагдана. Аав, ээж рүү хараад хөхөрч байсан нь санагдана. Маргааш нь үерхдэг охинтойгоо өчигдрийн киног яриад инээж хөхөрч явснаа ч санана. “Энэ хүүхнүүд үү”-г Мартын 8 болгоноор л гаргах юм гэж цухал төрж байснаа таг мартчихаад найз охинтойгоо тас тас хөхрөөд явж байсан гудамж талбайгаа ч санана. Тийм ээ, хүний тархи гэдэг агуу юм, сэтгэл зүрх гэдэг эмзэгхэн, дурсамхай юм. Тийм учраас “Энэ хүүхнүүд үү”… манай монгол кино, бидний сэтгэлд шингэсэн учраас, “сэтгэлд шингээсэн” учраас сайхан санагддаг юм аа. Тийм учраас “Энэ хүүхнүүд үү”-г одоо ч би дуртай үзнэ. Та ч бас дуртай үзэх биз. Түүнээс бус яг кино гээч юмныхаа хувьд, кино урлаг гээч юмныхаа хувьд манай монгол кино тийм сайн сайхан байсан юм бол япон кино шиг Дэлхийд гараад ирэхгүй яасан юм бэ?! Хэлэхэд эвгүй ч үнэн нь ийм л юм.

                                                                                 Л.БАТБАЯР.
                                                                  
                                                                                   2 – 26 – 09.

Comments   

 
0 #1 Guest 2012-10-02 05:23
:lol: 8) 8) :-|
Quote
 

Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио