Sat05182013

Last updateFri, 17 May 2013 10pm

 
 
Back Та энд байна: Home М.Саруул-Эрдэнэ ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЗУУРТ: Мегген М. Уатт: Дархад нутаг намайг дуу хөгжмөөр өлгийдөн авсан.

ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЗУУРТ: Мегген М. Уатт: Дархад нутаг намайг дуу хөгжмөөр өлгийдөн авсан.

 

АНУ-ын энхтайвны корпусын шугамаар Монголд ажилласан сайн дурын ажилтнуудын “Монголын Андууд” төрийн бус байгууллага саяхан  сонирхолтой  нэгэн уулзалт зохиосонд очиж оролцвоос АНУ-ын Төрийн департаментын  Олон улсын аюулгүй байдал, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх товчоонд хүнийг үй олноо устгадаг зэвсгүүдийг хориглох, ялангуяа, цөмийн терроризмыг таслан зогсоох ажиллагааг зохицуулах  алба хашдаг нэгэн бүсгүй Монголд айлчилж, хөдөө нутгаар  зочилж, Дархад  нутгийн дуу хуурыг сурвалжилж, бичлэг хийснээ хуучлав. Түүний хийж ирсэн соронзон бичлэг чанарын өндөр түвшинд бичигдсэний дээр олон тооны гэрэл зураг, сонирхол татам ажиглалт, дүгнэлтээр арвин байлаа. Тэрбээр бидний төсөөлсөн шиг ардын хөгжим судлаач, угсаатны зүйч биш боловч Монголын уламжлалт соёл, нүүдэлчин малчдын  дуулах урлагийн  өвийг хадгалах, хойч үед өвлүүлэн үлдээхийг хичээж буй  аж. Ингээд Мегген М.Уатт бүсгүйтэй ярилцсанаа сонирхуулья.



Монголчууд бид үгийг нь сонсвол эрхбиш нэгийг дуулж, хоёрыг тунгаана гэж найдсан нэгэнтэй хөөрөг зөрүүлэн мэндчилж, алаг хорвоогийн сонин хачныг хүүрнэх зуурт сэтгэлээ нээж бодол санаагаа солилцдог энгүүн атлаа эрхэм сайхан заншилтай.  Ажлын цаг,  цалин хөлс, амьжиргааны өртөг байнга биш гэхэд бодолд хургасан, хэмнэл түргэн өнөөгийн амьдралд түүртэлгүй Монголын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулан, олонд тус дэм, үлгэр дууриалал болж яваа  өөдрөг тэмүүлэлтэй хүмүүсийн итгэл үнэмшил, хөдөлмөр бүтээлийг уншигчдадаа танилцуулж байх зорилгын үүднээс “ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ ЗУУРТ” гэдэг ярилцлагын булан нээгээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Манай энэхүү буланд Монголыг найрсаг сэтгэлээр талархан дэмждэг, судалдаг, хамтран ажилладаг, түүний хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахыг зорьж яваа гадаадын иргэд болон америкийн монголчуудад нийтлэг тохиолддог асуудлуудыг хөндсөн, шийдсэн, тэдэнд урам төрүүлж, ухаарал нэмэхийг зорьсон байгууллага, хувь хүмүүс  уригддаг уламжлал тогтоод буй билээ.

Хөөрөлдсөн:

Гончигийн Ганболд (Монгол Улсын Элчин Сайдын Яам)
Мягмарын Саруул-Эрдэнэ (Монгол Соёлын Төв)

Таны хийсэн  дуу бичлэг, авсан  гэрэл зургуудыг хараад судлаач хүн  юм болов уу гэж бодтол  тийм биш бололтой. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
За, би  Колумбын тойрог  дахь Вашингтон хотод 1995 оноос хойш амьдарч байна. Миний үндсэн ажил бол Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх,  цөмийн цэнэгт хушуунуудыг  аюулгүй болгох, түүнд хяналт тавих явдал юм. Энэ ажлынхаа шугамаар би АНУ-ын Төрийн Департамент (Гадаад Явдлын Яам) болон Эрчим хүчний департаментад давхар  харьяалагддаг. Энэ бол миний цалин авч амьжиргаагаа залгуулдаг ажил. Цөмийн зэвсэгтэй холбоотой ажил бол ачаалал ихтэй, бүсгүй хүний хувьд заримдаа орчлонг үнэхээр хар, бараан санагдуулддаг удаа бий. Хувь хүнийхээ хувьд би уг нь зөөлөн, гэгэлгэн нэгэн. Тийм ч учраас ажлын алжаал тайлж, шинэ эрч хүчийг олж авахын тулд дуу хөгжимд  дуртай. Би олон газраар явж, их аялдаг хүн.  Баримжаалж хэлэхэд дэлхийн тавь гаруй орноор аялсан. Заримд нь  хэд хэдэн удаа очиж нэлээд хугацаагаар ажилласан.

Хөөх, та ийм залуухан атал тавиад  орноор аялаад амжжээ?
Монгол хүмүүс намайг залуу харагддаг гэдэг юм. Би дөчин настай.  Би испан хэл, орон судлалаар их сургууль дүүргэж, мастерын зэрэг хамгаалсныхаа дараа Вашингтонд анх ирж байлаа. Их сургуульд испани хэл судалсан болохоор мастерын зэрэг хамгаалахдаа Латин Америкийг судалж энэ бүс нутгаар мэргэшсэн юм. Тэгээд нэг хичээл дээр оюутан бүр аль нэгэн улс орныг төлөөлөн, бүх талаас нь танилцуулах даалгавар авсан. Тэр цагаас хойш л гадаад орны соёл, дуу хөгжмийг сонирхох хүсэл маань нэмэгдсэн  гэх үү дээ.

Тэгээд  алс холын Монголд очдог чинь бас сонин юмаа. Цөмийн зэвсэггүй Монгол  улсад  түүнийг  “үл дэлгэрүүлэх” хэрэг үгүй баймаар?
Наадах чинь харин ёстой сонин асуулт байна. Миний хувьд Монгол бол зүрх сэтгэлийн  минь угт удаан хадгалагдсан орон. Хэн ч намайг тийш нь яв гэж шахаж шаардаагүй. Анх Монголд хэрхэн очсон тухайгаа бяцхан түүх ярья л даа. Миний эцэг, эх ( хойт ээж л дээ)  гэрлээд 18 жилийн нүүр үзэж байна. Арван нэгэн жилийн тэртээ ээж нэг слайд шоунд очоод надад нэгэн ил захидал бариад ирсэн. Тэр бол монгол ил захидал байлаа. Тэр цагаас хойш нөгөө ил захидлыг ажлынхаа өрөөнд тавьчихаад байнга харж сэтгэлдээ Монгол орныг үзэх далд хүслэнд автаж суудаг болж билээ. Мэдээжийн хэрэг бодсон зүйл болгон тэгтэл хялбар бүтнэ гэж байхгүй шүү дээ. Тэгж явсаар бараг арван жилийн дараа, 2007 онд  нэг өдөр аав над руу утсаар яриад, “За хөө, бид Монгол явах болсон, чи хамт явмаар байна уу?” гэж асуудаг юм байна. Ер нь манай хоёр хоёр биеэрээ л аялдаг, би ч тэдэнтэй хамт явахыг тэгж хүсдэггүй л дээ. Яагаад ч юм тэгэхэд намайг хамт явах уу гэж асуухад нь бодож байгаад, морь унах  хүсэл төрөөд зөвшөөрсөн юм. Тэгээд л аяллын төлөвлөгөө, нисэх онгоцны суудал, тийз зэрэг хамаг юмыг нөгөө хоёр бэлтгэж, би  өөрөө морь унах   хүслээс өөрийг базааж амжилгүй байсаар өнгөрсөн жил анх Монголд  очиж билээ.Монголтой танилцсан түүх минь ердөө л энэ.

Монголд, тухайлбал Дархадын хотгор таны сэтгэлийг чухам  юугаараа тэгтэл  татсан бэ?
Улаанбаатарт очиж хэд хоноод бид хойт зүгт  гарч хөдөө орон нутгаар явсан. Ер нь бол би ажлынхаа шугамаар олонтаа явдаг, олон цаг нисч  очоод  зочид буудалд байрлана. Дараах өглөө нь хурал, уулзалттай, байнга л их ажилтай, давчуу хөтөлбөртэй байдаг. Хэдий олон цагийн туршид нисч очсон ч  Монголд  байдал нэг л өвөрмөц байсан. Би ажлаар Орос руу их явдаг болохоор кирил үсэг, энд тэндэхийн хаяг, энэ тэр бичиг нь эхлээд л танил санагдсан. Хамгийн  гол нь  хүмүүс нь  тун найрсаг, элэгсэг сайхан зантай юм билээ. Тийм ээ, чухам юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ид шидийн гэхэд хаашаа юм, ямар ч байсан нэг тийм халуун дотно сэтгэгдэл төрж байлаа. Би өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, хэлж мэдэхгүй ч харьцаж асууж чадаж байсан. Хамт ажилладаг ажилтнуудаа дуудаад ингэ тэг, ийм юм хий гэж үүрэг өгдгөөс хавьгүй амар ойлголцож байв. Бас нэг сайхан юм нь би Монголд л аавтайгаа хамтдаа байсан юм. Би урьд нь олон газраар аялсан ч, аавтайгаа  хамт явж байсангүй. Энэ бүхэн миний сэтгэлд Монголыг  их ойртуулж өгсөн. Бид  тэгэхэд Хатгал хүртэл нисч очоод, тэндээсээ завиар таван цаг гаруй хөвсөн. Завиар аялах тутам их хотын амьдралын бачуу, түргэн хэмнэл, зарим үед хэтэрхий гэмээр тээртэй санагддаг иргэншлээс холдож байгаа нь өөрийн эрхгүй мэдрэгдэж байлаа. Тэгж  явсаар  аглаг зэлүүд газар нэг модон тавцанд тулж очоод зогсоход, бид завинаасаа буун аяллаа мориор  үргэлжлүүлэв. Би гар утасгүй явсан, манай аяллын ахлагч Бадмаагийн гар утас аль хэдийн сүлжээнээс тасарчээ. Бадмаа тэгэхэд “За одоо, та бүхэн мэддэг бүхнээсээ албан ёсоор алслагдлаа” гэж хэлж билээ. Тэр бол миний хувьд сэтгэл хөдлөм, илбийн мэт хором байв. Юмыг өөрийнхөөрөө харах мөч, бүхнээс алсад зайдуу ирсэн, хамт яваа улсдаа л найдах үе. Бид 14 америк, бусад нь монгол, нийт хорин таван хүн нэг баг болж явсан юм. Ааваас  минь өөр сайн таних хүн  ч бараг  байгаагүй гэж хэлж болно.
Хамгийн анх монгол морь, монгол эмээл харахад их сонин  санагдсан. Модоор  урласан монгол эмээл америкчуудад их содон, чамин сандал шиг харагдсан болов уу. Өөрөөр хэлбэл тэнд бүх юм танил атал танил бус. Бид  хийж байгаа зүйлээ мэдээд байгаа хирнээ бас мэдэхгүй. Их хол газарт очсон нь агуу их зүйлийн хэсэг гэдгээ мэдрэх боломжийг надад олгосон. Ер нь л сонин сайхан байсан даа.

Дархад дууг тэгэхэд л анх сонсов уу?
Тэгээд бид Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сум хүртэл мориор хоёр хоног аяллаа. Хоёр дахь хоногт Бадмаа гэнэт морин дээрээсээ дуулж эхэлсэн юм. Түүний дуулахыг сонсоод араас нь хурдхан гүйцэж очоод салхины исгэрээнтэй өрсөн байж “Саяных юу вэ?” хэмээн сэтгэл догдлон асуутал  Юу юу  вэ? гэж хэмээн Бадмаа гайхан өөдөөс хариу асууж байна. “Саяны дуу?”  гэсэнд “Зүгээр л дуу аялж байна”  гэж  хэлж билээ. Миний сонссон тэр  гайхалтай дуу тэгтэл  түүний  зүгээр л аялдаг дуу байх нь. Ренчинлхүмбэ суманд биднийг очиход сумын сургуулийн хүүхдүүд  цуглав. Тэд бас сайхан дуулж байна. Дараа нь наадам боллоо, бас дахиад л өчнөөн сайхан дуу. Ерөөсөө Монгол орон намайг тэр сайхан дуу хуурынхаа эгшгээр өлгийдээд авах шиг л санагдсан. Энэ яваа насандаа миний сэтгэл тэгж их уяран догдолж байсангүй. Ганц ч үгийг нь ойлгохгүй хирнээ айзам, хэмнэлийг нь  гайхалтай мэдэрч байлаа. Хоёр өдөр морины нуруун дээр явсных“Чүү” гэдэг үг ямар утгатайг мэддэг болсон, дуунд ч их гардаг юм билээ.
Энд, баруунд хүмүүс дөрвөн ханан дундаа  цоожлогдон суудаг, гэтэл Монголын хөдөө бүх юм нээлттэй, хэнийг ч харь холын хүн гэлгүй найрсаг сайхан хүлээж авдаг нь бас л нэгийг бодогдуулж байсан. Тэр  жилийн наадам дээр л гэхэд бидний  хамт явсан нэгэн америк эр  бөх барилдаж унаад хүн бүрийг инээлгээд л..  хөгжилтэй.

Монгол орны бусад нутгийнхны дуу хууртай харьцуулахад Дархад дуу сэтгэлийг тань яагаад тэгтэл их татав?            
Энэ асуултад би хариулж мэдэхгүй юм аа. Би анх Монголд очоод л ганцхан газар аялсан  маань Дархадын хотгор. Тэгээд л тэр нутгийн дуу хөгжимд маш ихээр татагдсан. Монголын бусад нутагт очсон бол ард түмэн, дуунд нь бас л дурлах байсан болов уу? Очсон бусад улстайгаа харьцуулахад дархадууд миний сонссон хамгийн сайхан хоолойгоор дуулж байсан. Бид бас залуу хосын хуримтай таарсан юм. Тэд биднийг очно гэж мэдээ ч үгүй, нэгнийг маань ч танихгүй  хирнээ хуримандаа урьсан. Бид гэрт нь сайхан найрлаж, сархад хүртсэн. Америкт ийм юм  гэж байх уу? Өмнө нь огт хараагүй харь холын хүнийг өрөөндөө оруулаад дайлах уу? Би л мэдэхгүй юм байна.
Тэр сайхан дуу хөгжим, ёс заншил, урлаг таны сэтгэлийг хөдөлсөн байна. Зүгээр  догдлоод өнгөрөх бол нэг хэрэг. Тэр бүхнийг хадгалж хамгаалах,  олон улсад  сурталчлан таниулах зүйл хийснийг тань сонссон. Энэ тухайгаа ярихгүй юу?
Манай багийг удирдаж явсан Бадмаа надад Монгол улсын Засгийн газартай хамтран Дархад дууг бичих, хадгалах талаар нэг төсөл хэрэгжүүлнэ гэж ярьсан юм. Би түүний ярьсныг сонирхож, миний зүгээс тусалж чадах зүйл байвал хэлээрэй гэсэн. Тэр аяллын үеэр тийм л яриа болоод өнгөрсөн. Гэхдээ бид хоёр хоорондоо холбоотой байлаа. Тэгсэн, нөгөө Засгийн газрын төсөл бүтээгүй, тэгээд би болон бусад хүн түүнд өөрөө Төрийн бус байгууллага үүсгээд ажиллахыг зөвлөсөн юм. Өнгөрөгч оны 11 дүгээр сард би Москвад ажлаар очихдоо цаашаа Улаанбаатар руу нисч Бадмаатай энэ талаар хэд хоног ярилцав. Дархад дууг хадгалах талаар хэд хэдэн ажил хийж болохын анхных нь соронзон бичлэг хийх явдал гэж бид тогтсон. Ингээд яаж бичлэг хийх тухайгаа ярилцав. Би тэгэхэд ерөөсөө дараа зун яг түрүүчийнх шигээ мориор аялан, бичлэг хийвэл ямар вэ? гэж мөрөөддөг зүйлээ түүнд хэллээ.. Харин Бадмаа өөрийг хэлдэг юм байна. Өвөл очвол илүү дээр гэнэ. Миний уулзах хүмүүс өвөл хоорондоо ойртож  бууцгаадаг юм байна л даа. Ингээд Бадмаа, түүний санаачилсан ашгийн төлөө биш төрийн бус байгууллага өвлийн аяллыг зохион байгуулсан. Рэнчинлхүмбэ сумын засаг даргаар 8 жил ажилласан Мишиг манай аялалд нэгдсэн. Мишиг тэр нутгийн бүх хүнийг таньдаг, хүмүүс ч түүнийг хүндэлдэг. Ингээд дараачийн аялалд ганцхан Америк хүн оролцсон нь би байсан юм. Бид олон ч хүнтэй уулзаж, зөндөө бичлэг хийж авсан. Эдгээр бичлэг, гэрэл зургуудыг  дараах вэб хуудаснаас үзэж болно. www.mongoliandarhadmusic.blogspot.com
Төслийн маань гол зорилго  нь  дархад дууныхаа энэ цуглуулгыг Си Ди болгож бичээд дархад сумуудын дунд сургуулиудад бэлэглэх юм. Багш нар энэ бичлэгийг ашиглаад сурагчдадаа тэдгээр дууг зааж сургана. Дархад дуу баруунд сонирхол татна. Тэгэхээр дархад дууны Си Ди гаргаж зараад олсон орлогоо, бүхэлд нь Дархад нутгийнханд зориулна. Хэрэв ингэж чадвал миний бяцхан ч болов хувь нэмэр болно. Дархад дуу надад хэчнээн сайхан нөлөөлж чадлаа, тэр мэдрэмжийг бас өөр олон хүнд хүргэх юмсан. Өвөрмөц сайхан юмыг өвөрмөцөөр нь хадгалах сан. Дэлхий ертөнц улам л жижиг болоод байна даа.

Монгол улс АНУ-тай  албан ёсны дипломат харилцаа тогтоогоод хорин нэгэн жил боллоо. Хоёр улсын төр, засгийн харилцаанаас гадна таны  очсон Рэнчилхүмбэ сум гэх мэт орон нутгийг АНУ-ын Монтана, Юта, Колорадо ч юм уу, мужуудтай холбон,  шууд хамтран ажилладаг болговол илүү үр дүнтэй болохоор санагдана. Энэ талаар юу бодож байна вэ?
Та бүхэнтэй би бүрэн санал нийлж байна. Би өөрөө Монтанад амьдарч байсан. Тэр хавь бол яг Монголыг санагдуулам нутаг. “Эгч дүү хотуудын  харилцаа” зэрэг илүү үр дүнтэй хэлбэрийг сонгох нь зөв болов уу? Монтанагийн Их Сургууль Дархад нутагтай хамтран ажиллаж эхэлсэн байгаа. Профессор Клифф Монтайн нэлээд ажил хийсэн. Хувь хүмүүс, орон нутаг хоорондын харилцаа сайн байх нь улс хоорондын харилцааг илүү үр дүнтэй болгоно.

Дархадууд, америкчуудын хооронд төстэй  зүйл байна уу?
Би энэ асуултад угсаатан судлаач биш жирийн хүний молхи ухаанаар л хариулна шүү. Намайг хоёр дахь удаагаа очиход Цагаан сар таараад, айл бүр буузаа хийж, тэр ажилд гэрийн бүх хүн  хамтраад  оролцож байх нь манай Талархлын баярыг санагдуулж байлаа. Жилдээ нэг удаа ч болов гэр бүлээрээ цуглаад, ахмадуудаа хүндэтгэх нь манай хоёр соёлд аль алинд нь чухал юм. Бидэнд нүүдэлчдээс сурах юм мөн ч их байна даа гэж бодогддог. Их өөр орчин – эндэх шиг булан тойроод л зочид буудал, хүнсний дэлгүүр, сукер маркет байхгүй тийм газарт хүн хөршүүд, байгаль орчинтойгоо маш ойр байж, ойлгож, хүндэлж сурдаг. Zip code, хашаа зэргээр өөрсдийгөө хашиж тусгаарлаад байдаг бид тийм газар очиж л хүний жинхэнэ мөн чанар, сайхан сэтгэлийг харж чадмаар санагдаж байлаа.

Цуглуулга тань хир арвин болсон бэ?
Нэг зүйлийг дахин хэлэхэд би өөрөө судлаач эсхүл хөгжимчин биш, бас бидний энэ цуглуулга эрдэм шинжилгээний  ажил ч биш юм. Монголд өмнө нь хийж байсан тэр талын цуглуулга, бичлэгүүдтэй танилцаагүй. Бичлэг хийсэн арга маань ч судалгааны зорилго агуулаагүй болохоор зүгээр л дуучид, хүүхдүүд дээр очоод “Дархад дуу дуулж өгөөч” гэж хэлээд л бичлэг хийж аваад явсан. Тэгэж бичихээр сайн тал нь хүмүүс сэтгэлээсээ их сайхан дуулдаг. Гэхдээ дуу бичлэгийн студид бус яг гэртээ дуулж байгаа болохоор чухам амьдрал дээр дуулдаг байдлаараа, зууханд дүрэлзэх  галын чимээтэйгээ хамт бичигдсэн.

Студид бичээгүй гэхэд бичлэгийн тань чанар сайн байна. Гэрийн нөхцөлд ямар хэрэгслээр ийм сайн бичиж байна?
Би Edirol бичлэгийн аппараттай явсан. Бэсрэг эд бий. Би явахаасаа өмнө Смитсонианы хүрээлэнгийнхэнтэй ярьсанд энэ аппаратыг авч явахыг надад зөвлөсөн. Учир нь үүргэвчинд багтчихаар овор багатай, бас их хүйтнийг тэсвэрлэх чадвартай, мөн мэргэжлийн дижитал бичлэг хийж чадахуйц технологи.

Шүүмжилж байгаа юм биш   л дээ. Хүмүүсээр шууд дуулуулаад явсан болохоор зарим нь дархад ардын биш бүр орчин үеийн зохиолын дуу байна лээ. Си Ди-гээ гаргахдаа сонголтоо сайн бодоорой гэж хэлэх гэсэн юм. Нөгөө талаас их дээд сургуулиудын утга зохиол, урлагийн салбарууд, Хэл, утга зохиолын хүрээлэн зэрэгт цуглуулгаа танилцуулбал тэдэнд хэрэг болох зүйл бас их байна даа.
Их баярлалаа. Яг иймэрхүү санал зөвлөгөө бидэнд хэрэгтэй байгаа юм. Си Ди-гээ дууных нь үг, англи хадмал орчуулгатай нь хамт гаргана гэж бодож байгаа. Тэр тал дээр бас та бүхний тусламж хэрэг болно.

Чадах зүйл байвал туслалгүй яахав. Та олон сайхан дархад дууг чанар сайтай бичиж өглөө. Нутгийн ардын дуу, урлагийг ийнхүү хадгалан үлдье гэж зорих судлаач, оюутнуудад Монголд бас байгаа. Тэдэнд та юу зөвлөх вэ?
Заавал мэргэжлийн  дуу бичлэгийн төхөөрөмж байх шаардлагагүй. Хамгийн энгийн дуу хураагуураар ч сайн бичлэг хийж болно. Гол нь чимээ шуугиангүй орчин л байх хэрэгтэй. Бидэнд тулгарч байсан хамгийн том бэрхшээл бол гэрийн доторх чимээг дуу хураагуур мэдрээд байсан. Гадаа хүйтэн болохоор зууханд гал түлэхээс  өөр аргагүй. Гэхдээ  нутгийн хүмүүс бол аргыг нь олж болох байх аа.

Монголд болон АНУ-д суугаа монголчуудад та юу хэлэх сэн бол?
Юуны өмнө их баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ ертөнцөд өөрөөсөө өөр улс түмэн байдгийг мэдэж, аялах их сайхан байдаг. Бид бүгд өөр өөрсдийн өвөрмөц онцлог, гоо сайхантай. Бид бүгд л бусдадаа сонирхуулах юмтай, бие биенээсээ сурах зүйлтэй. Холливүүдийн кино үзэж гоо сайхны таашаал авах нь түгээмэл болоод байгаа өнөө үед тэрхүү кино, поп соёлоос олоогүй гоо сайхны мэдрэмж, таашаалыг Монгол ардын дуу надад өгсөн. Нэмж хэлэхэд дархад ардын дуунуудыг бичиж, сонирхсон байгууллага хүмүүст худалдахдаа түүнээс олсон орлогыг бүхэлд  нь Хөвсгөл аймгийн Ренчилхүмбэ сумын дунд сургуульд хандивлах болно. Ингээд би та бүхэнд баярлалаа л гэж хэлмээр байна.

Шинийг нээх гэдэг шинэ газар орныг  нээхэд бус харин  шинэ мэдрэмж олж авах явдал аж. Хүн бусдыг хараад өөрийгөө харьцуулж мэдэрдэг болохоор харь холын оронд аялж, бусдын соёлтой танилцахын хэрээр үндэснийхээ соёлыг  урьдаас илүү мэдэрч  улам  хайрлаж, үнэлдэг. Нутаг орондоо байхдаа  бидний тэр болгон  олж хараагүй тэр гоо сайхныг бидэнд сануулсан, хадгалж үлдээхийг чармайсанд Танд баярласнаа  уншигчдынхаа өмнөөс  илэрхийлье.







Add comment

Security code
Refresh

MonTsaMe 24h

What Do You Think about DM-Online?
Post time: 5 days ago Wrose I am the first Dayar Mongol Weekly. For some of you, I am not so beautiful...But I am usable, flexible and help you learn more knowledge...
Author: Nomin.B - Facebook - Twitter
Post time: 3 days ago Hung Dinh Dayar Mongol Online - Unlimited idea positions, news variations, authors corners, image gallery enable, ... What else do you want?
Author: Saruul.M - Facebook - Twitter
Зохиогчийн булан

Ж.Бат-Ирээдүй
Токио