|
2007 оны 10-р сарын 16-нд болсон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдааны үеэр гадаадад амьдарч байгаа сонгогчдын судалгаа, бүртгэлийг гаргах дүрэм, журмыг хэлэлцэх ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцэж сонгогчдод үнэмлэх олгох, сонгуулийн аль нэг тойрогт харъяалуулах боломжгүй, саналын хуудас, сонгогчийн үнэмлэх хэвлүүлж, хүргүүлэх, сонгуулийн тойргуудад хуваах асуудал хүндрэлтэй байгаа гэх мэт үндэслэлд суурилж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох эрхтэй", 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн саналыг авах хэсэг байгуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална" гэсэн заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналд хүрсэн аж. Улмаар уг саналаа УИХ-д уламжлахаар тогтсон тухай Үнэн сонинд мэдээлжээ.
Гадаадад суугаа a220,000 гаран Монголчуудын үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг Сонгуулийн хуулиар баталгаажуулж, сонгуульд оролцох эрхийг нь хангахын төлөө тууштай тэмцэж ирсэн Цахим Өртөө холбооны ажлын хэсэг уг шийдвэртэй холбоотой санал бодол солилцох үүднээс 10 сарын 18 нд МТҮП-д хуралдлаа. Уг уулзалтад хуульч Г.Ганзориг (Вашингтон), хуульч Э.Батбаяр, сэтгүүл зүй, мэдээллийн технологийн ажлын хэсгийн Л.Лханаран, Б.Лутаа, Д.Сайнбаяр (Чикаго), Ж.Саруултуяа, Б.Жамц, Д.Анулан нарын ЦӨХ-ний УЗ-н гишүүд болон тусгай зочин, хуульч Joe Spurlock (Вашингтон) нар оролцсоноос гадна С.Чулуунбаатар (Нью-Иорк), Ц.Гантөмөр (Берлин) нарын гишүүд цахим сүлжээгээр дамжуулан санал бодлоо илэрхийлсэн юм. СЕХ хэмээх сонгуулийн үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий төрийн байгууллага УИХ аас үүрэг хүлээн 2 жил орчим хугацаанд төсвийн хөрөнгөөр гадаадын улс орнуудад судалгаа хийж, төсөл хэрэгжүүлж ирсний дүнд чухам ийм дүгнэлтэд хүрч, сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ уландаа гишгэснээр барахгүй "Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах" буюу "Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчих" санал тавьж aрдчилсан нийгэмд байж боломгүй үйлдлийг хийж байгаад хуралдаанд оролцогсод туйлын харамсаж байгаагаа илэрхийлцгээсэн юм. СЕХ-ны удирдлага хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уг асуудлыг нааштай шийдвэрлэх талаар удаа дараа амлалт гаргаж байсан нь саяхан билээ. 2008 оны УИХ-ын сонгууль ойртсон өнөө үед ийм санал, дүгнэлт гаргаж байгаа нь үүрэгт ажлаа биелүүлэхээс зайлсхийж, үүрэг хариуцлагаасаа мултрах гарц хайж байгаа ядуухан үйлдэл болж байна. Өдрөөс өдөрт харь оронд өөрсдийнхөө төлөө, монгол иргэн хүнийхээ боломж, нөөц бололцоог нэмэхийн төлөө, үр хүүхэд, Монгол хэмээх эх орныхоо төлөө хэл соёл мэдэхгүй хүний газар аз мэдэн "нүүдэллэж" яваа монгол иргэдийнхээ улс төрийн сонгох эрхийг нь хангаж өгөх нь ард түмний өмнө ТӨР-ийн хүлээсэн үүрэг нь билээ. Гадаадын олон арван улс оронд олон жил хэрэгжиж ирсэн туршлага, ардчилсан үзэл баримтлалын тогтсон хэвшлийг үл харгалзан, асуудлыг удаашруулж, 2 жил ажилласаныхаа дараа зорилгоосоо ухарсан шийдвэр гаргаж, гадаадад суугаа Монголчуудын тэмцлийн дүнд бий болсон сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг "хүчингүй" болгох саналыг УИХ-д оруулахаар завдаж байгаа нь эдгээр олон зуун мянган монголчуудыг Монгол улсын иргэний тооноос хасаж байгаатай адил үйл хэрэг болно. Дэлхийд таран суугаа Монгол улсын иргэн та бүгд хүний эрхийн түгээмэл тунхаглал, МУ-ын үндсэн хууль, ардчилалын зарчимаар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ талаар өөрсдийн үзэл бодол, дуу хоолойгоо цахим сүлжээгээр дамжуулж чөлөөтэй илэрхийлнэ үү. Тайзны тоглолтыг үзэгчийн суудлаас үзэх бус, харин дуу хоолойгоо нэгтгэж, жүжигт оролцож, өөр өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан, хувь заяагаа гартаа авах ёстой шинэ эринд бид амьдарч байна. Яагаад гэвэл энэ бол зүгээр нэг үзвэр биш, харин бидний амьдрал, Монгол улсын маань ирээдүй билээ. Д.Сайнбаяр Сэдэвтэй холбоотой нийтлэлүүд (Цахим Өртөөний архиваас) Танд сонгуульд өгөх нэг санал бий, надад бас нэг санал бий http://www.tsahimurtuu.mn/main/20041026340.htm Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу? http://www.tsahimurtuu.mn/main/20051125453.htm Хуульч Г.Ганзориг: Нутгаас ирсэний дараахан нь (ярилцлага) http://www.tsahimurtuu.mn/main/20061114541.htm СОНГОХ ЭРХ - Хэлэлцүүлэг үргэлжилж байна… http://www.tsahimurtuu.mn/main/20051130457.htm Мэдээний эх сурвалж ҮНЭН сонин - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=50&sid=8470 Оллоо.мн - Гадаадад буй монголчууд сонгуульд оролцох боломжгvй болох нь http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=72526&catid=10
|
Uls toroo gej....