Нацагийн Багабанди Хүн ухаантай сайхан амьтан мөртлөө ухаангүй муухай явдлаар дүүрэн. Ертөнцийн сайхан, муухайг ялгаж салгах цорын ганц ухаант амьтан байтлаа сайхнаас зугтаж, муухай руу зүтгэх нь ухаанд багтамгүй хачирхалтай. Гэнэн хэнэггүй зангаасаа болоод муу муухайд гэнэ сэнэгүй гэнэдэж хутгалдах учир тавилан бий. Муу муухайг нь таньж мэдсээр байж бузар муухай шавар шалбааг мэт зүйл рүү өөрөө хэнэг ч үгүй алхаад орчихдог ухаангүй тэнэг үйлдэлтнүүд цөөн биш. |
|
|
Дамын үг дамжигтай, дамжсан үг сэжигтэй гэх болгоомж сэрэмжлүүлэг тээсэн алтнаас үнэтэй, алдаагүй үнэн үг бий. Дамын үг дамжигтай гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ дамын үгээр үг хийсэн хэчнээн олон хүний ган бат нөхөрлөлд ан цав сууж, мөр мөрөө түшсэн үерхлийг нь мөсөн ханаар заагласныг тоолох аргагүй. Хор шингээсэн дамын үг хорвоо дэлхийг ч түймэрдэх аюултай. |
|
Н.БАГАБАНДИ
Өглөө болж нар мандан таны амьдралын нэгэн шинэ өдөр эхэллээ. Энэ өдөр тайван чөлөөтэй, сэтгэлийн тэнхээтэй байвал таны үйлс бүтэмжтэй байх болно. Орой нойрсохынхоо өмнө өдрийн амьдралаа зурвасхан ч болов эргэж дурсаарай”. Энэ бол миний дотно нөхөр Шагдарын Отгонбилэгийн хэлсэн үг. Тэр хэлсэн, ярьснаа хийж хэрэгжүүлдэг, ам ажил нь зөрдөггүй, за гэвэл ёогүй, дайчин шуурхай, жинхэнэ эр хүн байсан юм. |
|
Н.БАГАБАНДИ Амжилт ололтын оргил өөд мацан авирахыг бодож мөрөөддөггүй залуу хүн энэ орчлонд байхгүй байлгүй. Амжилт ололтыг хаа нэгтэйгээс хэн нэгэн ачтан буянтан хишиг болгон хайрладаггүй, түүнийг эзэн хүн уйгагүй хичээл зүтгэлээрээ бүтээн дархлана. Тийм ч учраас аз жаргалыг төрүүлэгч ээж нь хичээл зүтгэл мөн гэж хэлдэг байх. Төрөлхийн авьяас билгээрээ амжилтын оргилд гарсан алдартнууд бий. Авьяас бол тэр болгонд заяагаад байдаггүй бурхны хишиг. |
|
|
Аливаа ажил үйлс бүхэн эхлэх, дуусах цагтай, дунд нь үргэлжлэх хугацаатай. Том үйлс бүтээе гэвэл цаг их зарна. Авсаархан жижиг зүйлийг бага цагт амжуулна. Ажлыг эхлэх амаргүй. Янз бүрийн хүмүүсийн төлөвлөсөн ажлаа эхлэх араншин янз бүр. Нэг хэсэг нь зорьсон хэргээ эхэлж чадахгүй, барьж авахаас халган, хойш сууж, цааргалан зүрхшээж цаг алдана. Улмаар энэ зүрх зориггүй үйлдэл нь дадал дасал болж, насан туршид нь хойш чангаана. |
|
Н.БАГАБАНДИ
Хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь” гэдэг гүн утгат үгийг өвөг дээдэс маань сургаж, бидэнд хичээнгүйлэн захиж, хишиг болгон өвлүүлсэн. Чиний төлөө сайн үйл хийж, чамд туулайн чинээ ч бай, уулын чинээ ч бай тус хүргэсэн хүнд чин сэтгэлийн талархлаа чихэнд чимэгтэй эелдэг зөөлөн үгээр илэрхийлэн хүргэ. |
|
Н.БАГАБАНДИ
Зовох цагт нөхрийн чанар танигдана гэх үг эрин зуунаар шалгагдан нотлогдсоор бидний үетэй золгожээ. Зовох цагт гар сунган, сэтгэл гарган тусалж байгаа хэн боловч сайн нөхөр. Тусалж сүйд болох чадал мөхөс ч сэтгэл уужирч, дотор онгойх цөөн ч атугай хэдэн үг чин зүрхнээсээ хэлж байгаа хүн чиний эрхэм дотны нөхрөөс өөрцгүй. Зовох цагт гар татуу, сэтгэл дутуу, атаа харамын хор шингэсэн баргар царайгаа харуулан зовлон дээр зовлон нэмэгч сайн нөхдийн эгнээнд байх эрхгүй. Зүрхний угаас бус хэлний үзүүрээр хий хоосон өрөвдөж, ёс болгон хөөрхийлөгчийг нөхрөө гэж андуурах хэрэггүй. Өрөвдөж хайрласан сайхан үг цувуулан урсгах мөртлөө өрөвдөх сайхан сэтгэлээ эс үзүүлэгч сайн нөхөр хэзээ ч байгаагүйг мэд. Дотор бачуурч, сэтгэл давчидсан цухал үед чамайг ойлгож, чиний сэтгэл зовинолын билэггүй яриаг тэвчээртэй сонсож, зовлонг хуваалцдаг нөхдөдөө таларх. |
|
Н.БАГАБАНДИ Эд хөрөнгөтэй хүн гурван төрд нүүртэй гэх үг бий. Хөрөнгө мөнгөтэй, том нөлөөтэй тод мөртэй хүнд хандах нийгмийн хандлага, хүндлэх хүндлэл тэс өөр, бүлээн дулаан, эевэргүү зөөлөн. Хөрөнгө, мөнгөтэй болох нь хүн бүхний мөнхийн хүсэл мөрөөдлийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ эд хөрөнгө хүсэл дагаад өөрөө урсаад хүрээд ирдэггүй нь гачлантай. Хүн бүрт тэнгэр бурхнаас хайрласан хүртэх тавилантай хувь хишиг бий гэж ярьдаг. |
|
|
Өөрийнхөө явах амьдралын замыг найдвартай сонгон олж, хүний хорвоод байр сууриа баттай эзлэх нь хүний дайтай хүн байгаагийн утга учир билээ. Би чухам ямар замаар явж, чухам юунд хүрэх вэ гэдэг зорилго нэн тодорхой болж байж хүсэл мөрөөдлийн чандмань эрдэнээ эрж хайж олно. Залуу хүн бүр томоос том, өндрөөс өндөр зорилт өмнөө тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг нартай уралдан, идэх хоол, унтах нойроо хугаслан, зориг эрмэлзэл дүүрэн хичээн зүтгэ. “Өндөр зорилго биелэгдээгүй ч бай, нэгэнт хүрсэн нам зорилгоос үнэтэй”. |
|
|
Залуус аа! Нэг байрандаа ургаа хад, тогтмол ус шиг хөдөлгөөнгүй удаан байж болохгүй. Үргэлж урагш тэмүүлэх үлэмжийн их хүсэл эрмэлзлээр жигүүрлэ. Урагшаа алхахын тулд урдах зам мөрөө нүдээрээ харж явдаг бол урагшлан ахих зам мөрөө уураг тархиндаа ургуулан бодож, ухаанаараа харж явна. Ухаантны нүд уураг тархиндаа байдаг юм. Урагшлахын төлөө ухаанаа тордон ажиллуул. |
|
|
Хүний хорвоод амьдарч, хүж дэлхийгээр хөндлөн гулд газар тамгалан алхахын тулд хүнд хоёр хөл заяасан. Энэ бол тэнгэр бурханы хайрласан хишиг. Эрхтэн бүтэн төрүүлсэн эцэг, эхийн ач. Хүний хорвоог туулах нэгэн насанд хоёр хөлнөөс дутуугүй хэрэгцээтэй өөр хоёр зүйл бий. Нэг нь, хүний дайтай амьдрахад сайн боловсрол шаардагдана. Нөгөөх нь, хүн шиг хүн байхад сайн хүмүүжил хэрэгтэй. Боловсрол, хүмүүжил хоёрыг тэнгэр бурхан хайрладаггүй. Тэдгээрийг хүн өөрийгөө хүчлэн дайчилж, хичээн зүтгэж байж олж авна. Мэдээж, эцэг эх тусална. |
|
Н.БАГАБАНДИ
Гомдол бол сэтгэлд шивсэн өргөс билээ. Зүрхэнд шивсэн өргөс ч гэж хэлж болно. Гарт орсон өргөс тэрхэн хэсэгтээ тээртэй байдаг бол сэтгэл зүрхэнд шивсэн өргөс бүх биед нэн зовиуртай. Гарт орсон өргөс гарын дор, ядаж төдөх юмгүй түүнийг амархан сугалаад авчихна. Сэтгэл зүрхэнд шивсэн өргөс гараас хол, сугалан хаях тийм ч амаргүй. Гэхдээ зүрхний өргөс огт авагддаггүй зүйл биш. |
|
|
АНУ дахь Монгол Соёлын Төвийн хүндэт гишүүн Нацагийн Багабанди "Титэм үг" хэмээх үг сургаалиа Даяар Монгол сонины уншигчдад харамгүй хайрласаар бас чиг багагүй хугацаа өнгөрчээ. Титэм үг бол ялангуяа харьд байгаа монголчуудад зүрхний үг болон хүрдэг, тэдгээрийг хэвлэн авч үр хүүхдэдээ уншиж өгдөг гэр бүл ч бидний мэдэхээр АНУ-д олон. Та бүхэнд удаах дугаарыг нь хүргэхдээ таатай байна. Ном болон хэвлэгдсэн гэдгийг нь ч бид танд өмнө дуулгасан байгаа билээ. "Даяар Монгол" вэб сайтын эрхлэгчид |
|
Last Updated ( 2009 оны 10 сарын 08 )
|
|
Орчлон ертөнцөд өөгүй тэгш хүнийг эрж хайж олно гэдэг өвсөн бухал дотроос зүү хайхтай адил байх аа. Бүх хүн алдаа хийдэг. “Хамгийн том алдаа нь хүн өөрийгөө бүх зүйлд туйлын өө сэвгүй гэж үзэхэд оршино”. Ядаж хамгийн том алдаанаас хол байцгаая. Өөрийнхөө буруутайг ухаарч эхэлбэл ухаан сууж байна гэж өөрийгөө тоож эхэл. Буруугаа ухаарсан хүн алдаагаа засна. Бурхан тэнгэр хүнд оюун ухаан хайрласан болохоор хэн ч гэсэн өөрөө хүсч хичээвэл муу муухай бүхнээ таягдан хаяж, салж холдож чадна. Нэгэн зальтай илжигний тухай домгийг та бүхэн сонссон байх. |
|
|
Алс холын Польш оронд “Монгол” хэмээх нэртэй тосгон бий. Польшууд “Монголица” гэж нэрлэдэг юм гэсэн. Энэ тосгон үүсэн буй болсон түүх гунигтай бөгөөд бахархалтай. Тосгоны уугуул иргэд Монгол нутгийн зүг үүд хаалгаа харуулж байшингаа барьдаг тухай хуучлах юм билээ. Өөр нэг содон сонин онцлог бий. Тосгоны иргэд сүмд очихдоо заавал алтан бөгж зүүж ирдэг нь сонин. |
|
|
Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана. Мөрөөдөл хэмээх хүчит даль жигүүрийнхээ тусламжтайгаар хүн өндөр сүрлэг уулсын оргилд ч дүүлэн гарч, хөлгүй гүн тэнгисийн гүнд ч шумбан орж, алсын одод руу аялан жуулчилж, хүслийн далайдаа чөлөөтэй сэлнэ. Байгаль дэлхийдээ заяамал тавилангаараа амьдарч байгаа шувуудын дүүлэн нисэхийг хэн ч хааж хориглож дийлэхгүй. Хүний зүрх сэтгэлийн ертөнцийг мөрөөдөлгүй болгох нь дэлхий ертөнцийг агаар мандалгүй болгохтой адил. Ухаант хүн бүхэн орон зайн хязгааргүйгээр мөрөөдөж болох ч мөрөөдлөө биелүүлэх боломж нь орон зайн хязгаартай. Мөрөөдлийн хязгаартаа хүрэхээр тэмүүлэх нь залуу хүн бүрийн амьдралын зорилго, амьд яваагийн утга учир байх ёстой. |
|
|
“Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна. Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ. Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй. Цаг зуурын хишиг. Сайн нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун зун ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм. |
|
|
Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв. Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ. |
|
|
Орь залуу оюутан насны таван жилийг ор зэрэгцүүлэн унтаж, өөхтэй талх, шарсан төмс хуваан идэж хамт өнгөрөөсөн украйн андтайгаа одоо ч холбоо, харилцаатай байдгийм. Найз маань нэгдүгээр ангийн эхний хагаст тооны шалгалтандаа бүдэрсэн юм. Тэр тухай сургуулийн захиргаанаас эцэг эхэд нь захидал бичжээ. Азаар захиаг аав, ээж нь биш, ах нь түрүүлж уншаад хав дарсан байна. Аав, ээж тэр гайтай захиаг уншсан бол яана аа гэж үе үе халаглан ярьдагсан. Эцэг эхдээ мууг дуулгаж, муухайг үзүүлэхгүй гэсэн бодолтой элбэрэлт үр, ухаант хөвүүний ухаалаг бодол санаа. |
|
-Дээд монгол буюу Хөх нуурын монголчууд дээр манай эрдэмтэд судлаачид очиж байсан юм билээ. Хятадын баруун хойт хэсэгт орших Чинхай буюу монголоор Хөх нуур мужид аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэндээ Хошууд гэгдэх дөрвөн Ойрдын нэг бол одоогийн Дээд монголчууд юм. Эдүгээ тэдний үр хойч болох 90-ээд мянган Дээд монголчууд баруун ба зүүн гарын чуулган болон, 29 хошуунд харьяалагдан монгол ёс заншил, бичиг соёл, өв уламжлалаа хадгалан Чинхай мужид төвлөрөн суурьшиж байна. Дээд Монголчуудын тухай түүхийн сурвалж бичгүүдэд нэлээд бичиж үлдээсэн байдаг. Манайхны хамгийн том алдаа нь Хятад улсад байгаа монголчууд гэхээр Өвөрмонгол гээд ойлгочихдог. |
|
|
Бусдыг аялдан дагалдагч салбадай болох хэрэггүй. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэх үг бий. Ямар ч юманд, ямар ч үед өөрийн ухаантай ханд. Өөрөөрөө л бай. Энэ хорвоод чи дахин давтагдашгүй хувь хүн. Буруу ч байсан зөв ч байсан бусдын араас бурантагтай тэмээ шиг хөтлөгдөж явах нь саруул ухаанаа хөсөр хаяж, сайхан биеэ зөнд нь орхисон хүний л хийдэг ажил, үйлддэг үйлдэл. |
|
|
Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй. Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд. |
|
Last Updated ( 2009 оны 01 сарын 31 )
|
|
|
Эрхэм залуус аа! Өөрийн замаа өөрөө бүтээ. Та нар амьдралын ямар замаар явах вэ гэдэг сонголтынхоо бэлчир дээр ирсэн байна. Баруун тийш явах уу, зүүн тийш явах уу, урагшлах уу, ухрах уу гэдгээ шийдэх насандаа нэгэнт хүрчээ. Та бүхнийг аугаа их үйл хэрэг хүлээж байгаа. Тэрхүү аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх уртын урт аян бас хүлээж байна. Аяны харгуй мэдээж дардан биш, энхэл донхолтой, саад бэрхшээлтэй. Тэр бүгдийг зориг тэвчээр заан давах учиртай. Хүн бүхэнд өөрийн гэсэн амьдралын зам бий. Замаа зөв эхлүүл. |
|
|
Та бидний өвөг дээдэс цаг чамайг хүлээхгүй, нар намайг хүлээхгүй гэж сургамжлан захисан. Энэ сургаал үг цагийн юмыг цагт нь амжуул гэсэн утгыг агуулахын хамт цаг заваа дэмий юманд бүү үр гэсэн санааг давхар илэрхийлсэн гүн утгатай. “Мөнгө үнэтэй, хүний амьдрал түүнээс үнэтэй ч цаг хугацаа бүхнээс үнэтэй” гэсэн нэгэн ухаантны үгийг би өмнө ишлэн өгүүлж байснаа давтан хэлж байна. Цаг хугацаа бүх зүйлээс хамгийн үнэтэй нь гэдгийг цаг нартай уралдан бүтээж, туурвидаг хүн бусдаас илүү ойлгон хэрэгжүүлнэ. “Хэрэв цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл юм бол цагийг гарздах нь хамгийн том үрлэг мөн”. Харамсалтай нь ихэнх хүмүүс “хамгийн том үрлэгийн” эзэд байдаг. Хүн мөнгөө дэмий юманд үрчихвэл харамсдаг. Тэгсэн мөртлөө бүхнээс үнэтэй алтан цагийг дэмий үрж гарздаж байна гэдэгтээ тэр болгон харамсдаггүй. |
|
Эх орон нэгт элгэн түмэн монголчуудад минь морилон ирж байгаа шинэ 2009 он аз жаргал авчрах болтугай.
“Хөдөлмөр бол аз жаргалын эцэг”. Аз жаргалтай байя гэвэл зүрх сэтгэл, оюун ухаан, мэддэг чаддаг бүхнээ ажил хөдөлмөрт зориул. Тэгж чадвал Та аз жаргалыг эрж хайх бус аз жаргал Тань дээр өөрөө гэрэл гэгээ сацруулан хүрч ирнэ. Өөдлөе өгсөе, хөгжье дэвжье гэвэл мачийн махран хөдөлмөрлө! Хөдөлмөр шиг хүнийг өөд нь татдаг юм байдаггүй гэдгийг урьд урьдаас илүү мэдэрцгээе. |
|
|
Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг. Хаанаас илгээсэн ад зэтгэрийн хорлол вэ? Хаа нэгтэйгээс, хэн нэгний илгээсэн хорлол биш. Энэ бүхэн өөрөөс чинь, өөртөө итгэдэггүйн хар гайгаас үүсэл үүдэлтэй. Өөртөө итгэдэггүй хүн хайран биеэ зөнд нь орхин хөсрийн юм шиг зэврүүлнэ. Тийм хүний зүрх зориг нь мохож гүйцсэн байдаг. Эрүүл саруул ухаан санааны орон зайг нь өөрийгөө дорд үзэх нэхширсэн бохир заваан үзэл шахан түрж эзэлсэн байна. Тийм хүмүүсийн хөшүүн молхи ухаанд ирээдүйн гэрэл гэгээг харах нь байтугай өнөөдрийг харах хараа нь ч алга болно. Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчилгүй зогсох боломж бололцоо бий юу? |
|
|
“Аугаа их хүн эрин үеэсээ түрүүлж явдаг. Ухаантай хүн ямар ч замд цаг үетэйгээ хөл нийлүүлдэг. Зальтай хүн тухайн үеийнхээ ёс журмыг ашиглахыг хичээдэг. Тэнэг хүн цаг үеийнхээ замд тээглэдэг” гэнэ. Одоо цагт эрин үеэсээ түрүүлсэн аугаа их хүн мэр сэр бий л байх. Тэд олон хар шувуун дундах ганц хоёрхон цагаан шувуу мэт ялгарч харагдана. Гэсэн ч тэднийг амьдарч буй цаг үеийнхэн нь төдийлөн ойлгодоггүй, ойшоодоггүй, олж харахыг ч хүсдэггүй. Ойлголоо, ойшоолоо ч буруу талаас нь өөнтөглөж ойлгох нь элбэг. Тиймээс цаг үеийн золиос болон дарагддаг нь харамсалтай. Гэхдээ даравч дардайна гэдэг шиг хожмын өдөр, ойлгох үеийнхэн ирэхэд мартагнан бүдгэрсэн байсан нэр төр нь тодрон тодорсоор үдшийн гялаан, үүрийн цолмон мэт харанхуйд ч гэрэлтэнэ. |
|
|
Арын мод алагтай цоогтой байхын адил аавын хөвгүүдийн араншин сайнтай, муутай байна. Хүүхэд, залуус та нар сайн араншинтай хүн болохыг сэтгэлийн гүнээсээ хичээ. Сайн, муу араншинг салгаж ялгахад түвэггүй. Жинхэнэ сайн араншинтай хүн мөн үү, биш үү гэдгийг жишиж харьцуулах арга, хэмжиж нягтлах хэмжүүр олон янз. Тэдгээрийн дотроос алдаа мадаггүй арга нэг бий. |
|
|
Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ. |
|
|
Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй. |
|